С.Чойноров: Сонгогдсон хүмүүсийг сургах зардлыг Хөдөлмөрийн яам хариуцаж байгаа

01-05-11АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын тав тухыг хангах зочид буудлын үйлчилгээний салбарт сул байгаа 800 ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажиллагааг голлон зохион байгуулж буй ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноровоос бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх зочдод үйлчлэх зочид буудлуудад нийтдээ хэчнээн ажилтан хэрэгтэй байгаа вэ?

-Ирэх зун болох дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 орноос төр, засгийн тэргүүнүүд нь, мөн олон улсын хоёр том байгууллагын удирдлага ирэхээс гадна хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан 4000 гаруй зочныг манай улс хүлээж авахаар бэлтгэж байгаа. Зочдод үйлчлэх 44 зочид буудлыг шалгаруулсан бөгөөд тэдгээрт нийтдээ 3200 орчим үйлчилгээний ажилтан шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

-Ийм тооны мэргэжилтэй ажилтнаар хангах боломж байгаа юу?

-Зочид буудлуудыг шаардлагатай ажиллах хүчнээр хангах асуудлыг шийдвэрлэхээр  Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан. Санамж бичгийн дагуу 44 зочид буудлын 800 орчим сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдээс зуучилж, мэргэжлийн ур чадвар олгохоос гадна эдгээр зочид буудалд одоо ажиллаж байгаа 1800 мэргэжлийн бус ажилтныг орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбоотой сургалтанд хамруулах юм. Эхний ээлжинд бид 800 сул ажлын байранд ажилгүй иргэдээс бүртгэж, сонгон шалгаруулах ажлыг хийж байна.

01-05-41

-Бүртгэл хэд хоног үргэлжлэв, хэр олон хүн хамрагдаж чадсан бол?

-Бүртгэлийг манай ХЭҮСМҮТ нийслэлийн төвийн зургаан дүүргийнх Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 16-31-ний хооронд 14 хоногийн хугацаанд явуулсан. Ингэхэд 1600 орчим хүн бүртгүүлсэн.

-Хүссэн хүн бүрийг бүртгэсэн үү, эсвэл ямар нэг шаардлага тавьсан уу?

-Зочид буудлын үйлчилгээний салбарт шаардлагатай тогооч, талх нарийн боовчин, зөөгч бармен, зочин угтагч, зочин хүлээж авагч, ачаа зөөгч, өрөөний үйлчлэгч зэрэг 11 мэргэжлээр бүртгэсэн. Мэргэжил бүр дээр тавигдах ерөнхий шаардлагын дагуу бүртгэл явуулсан. Бүртгүүлсэн хүмүүсээс хэнийг сонгохоо ажлын байрны захиалга өгсөн ажил олгогчид өөрсдөө шийдэж байгаа.

-Энэ удаагийн ажил олгогчийн сонгон шалгаруулалтын ярилцлагад хэчнээн зочид буудал оролцож байгаа вэ?

-Сонгон шалгаруулалтын ярилцлагыг өнөөдөр хоёр дахь өдрөө явуулж байна. Эхний өдөр зургаан зочид буудлаас хүний нөөцийн мэргэжилтнүүд нь өөрсдөө ирээд бүртгүүлсэн хүмүүсээс 247 хүнийг сонгосон байгаа. Өнөөдөр өчигдрийнхөөс олон буудлаас ирсэн болохоор илүү олон хүнийг сонгох байх. Түүнээс гадна цоо шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа нэг биш газар энэ арга хэмжээнд оролцож, зөвхөн зарласан 11 гэхгүй өөр мэргэжлийн ажлын байранд хүмүүс авч байна.

-Сонгосон хүмүүсийг сургалтад хамруулна гэсэн. Энэ ажлыг ажил олгогч хариуцах уу, эсвэл танай яам уу?

-Бүртгэх, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг сургаж мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх нь манай Хөдөлмөрийн яамны үүрэг. Тиймээс бид эхний ээлжинд энэ 800 хүнийг 11 мэргэжлээр тус тусад нь сургаж ур чадвар эзэмшүүлэх юм. Мөн би дээр дурдсан зочид буудалд одоо ажиллаж байгаа 1800 мэргэжлийн бус ажилтныг орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбоотой сургалтанд хамруулах ажлыг ч бид хийнэ.

-Сургалт хэзээ эхлэх вэ, хугацаа нь хэр урт байх бол. Мөн зардлыг нь хэн хариуцах вэ?

-Бүртгэл, сонгон шалгаруулалт энэ долоо хоногт явагдаад дуусна. Үүний дараа сургалт эхэлнэ.Сургалтын хугацаа янз бүр. 21 хоногоос хоёр сар хүртэл. Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлсэн хүмүүсээ шууд зочид буудлуудад очиж байнгын ажлын байртай болох юм. Сургалтын зардал, багш нарын цалин, дадлагын зардал гэхчилэн сургалттай холбоотой гарч буй бүх хөрөнгө санхүүгийн асуудлыг манай Хөдөлмөрийн яам хариуцаж байгаа.

01-05-51

-Зочид буудалд ажиллах хүмүүсээс гадна АСЕМ-ын зочдод үйлчлэх хөтөч орчуулагчдыг сонгоно гэсэн. Энэ ажил хэзээ эхлэх вэ?

-Чуулга уулзалтын  зочид,  төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчийг сонгон, түр ажлын байраар хангах ажлыг Нийслэлийн Хөдөлмөрийн газар хариуцах юм. Бүртгэл энэ долоо хоногоос эхэлнэ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …