Алс тэртээх Ховд аймагт 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдоно хэмээн дүрдээ итгэчихсэн яваа нэг хүн Ховд аймагт “таваргаж” явна. Пүрэвдоржийн Хангал гэдэг энэ залууг Ховдыхон өөрөөс нь илүүтэй аавыг нь сайн танина. П.Хангалын аав Д.Пүрэвдорж нэгэн цагт Төрийн өмчийн хороон дарга, УИХ-ын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгч зэрэг төр засгийн өндөр дээд албанд ажиллаж байсан Ховд аймгийн Цэцэг сумын уугуул нэгэн. Харин П.Хангалын хувьд Ховд аймгийн тухай бараг мэдэхгүй, учир нь Ховд аймагт цөөн хэдэн удаа л аавыгаа дагаж очиж байсан гэдэг.
Гэтэл тэрээр гэнэтхэн 2015 оны 11 сараас эхлэн 2016 оны УИх-ын сонгуульд тус аймагт бие даан нэр дэвшихээ мэдэгдэн сумдаар явж, иргэд сонгогчидтой уулзалт хийх болжээ.
Нэгэн цагт П.Хангал гэх энэ залуу МАН-аас НИТХ-д нэр дэвшин сонгогдож, төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ийнхүү МАН-аас НИТХ-д сонгогдон эрх мэдэлд хүрч байсан энэ залуу хожим Н.Энхбаярын байгуулсан МАХН-д элсэн орж Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Дашрамд сонирхуулахад Пүрэвдоржийн Хангалын авга ах бол Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд юм. Түүний аав Д.Пүрэвдоржийн Төрийн өмчийн хорооны дарга, авга ах У.Барсболд Байгаль орчны сайд байхдаа Хөшөөтийн уурхайн лицензийг Хятадуудад “зарах” ажлыг гардан зохион байгуулж, үүнээсээ нэлээд хөлжиж авсан улс. Түүгээр зогсохгүй У.Барсболд Байгаль орчны сайаар ажиллах байхдаа Зайсангийн амны газруудыг бусдад өндөр зарж хөлжсөн нэгэн гэдэг. У.Барсболдын худалдсан гэх Зайсангийн газруудад өдгөө П.Хангал “Хунгийн хотхон” тэргүүтэй орон сууцны томоохон хороололуудыг барьж бусдад худалдаалах болжээ.
У.Барсболдыг анх улс төрд Н.Энхбаяр татан оруулсан гэдэг. Харамсалтай нь тэрбээр 2012 онд МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа дотоод мэдээлэлийг МАН-д дамжуулсан, намын бодлогын эсрэг ажилласан үндэслэлээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-аас хөөгдсөн байдаг.
Тэгвэл одоо П.Хангал аав, авга ах нарынхаа “шийрийг хатааахаар” зориг чулуудан Ховд аймагт бие даан нэрээ дэвшүүлэн, УИХ-ын гишүүн болно хэмээн “сэрүүн зүүдэлчихсэн, бүр зүүдэндээ итгэчихсэн” явна. П.Хангал Ховдод 5 тэрбум төгрөг “тараахад” УИХ-ын гишүүн болж чадалгүй дээ хэмээн бусдад ярьж явна гэнэ.
Ховд аймаг 17 сумтай. П.Хангал оны өмнө сум бүрт 1 жип, тус бүр 5 хүнтэй ажиллуулж, шинэ жилийн арга хэмжээг сумдад зохион байгуулж, энэ үерээ бэлэн мөнгөөр сугалаа тарааж байгааг нь бодоход тэрээр Ховдчуудын 2016 оны УИХ-ын сонгуулийн саналыг мөнгөөр “зодоод” авчихна гэж төсөөлж, түүндээ бүрэн итгэчихсэн яваа нэгэн бололтой. Дээр нь тэрээр айл өрх бүрт гарын бэлэг болгож зэс аяга, эрэгтэй эмэгтэй хятад бугуйн цаг, өөрийн танилцуулгатай сэтгүүл тараасан байна.
П.Хангал гэж хэн вэ гэхээс илүүтэй түүний аав Д.Пүрэвдорж, авга ах нь болох Байгаль орчны сайд асан У.Барсболд хэн болох, тэдний нарын удам судрын талаар Ховдчууд, тэр тусмаа Ховдын Цэцэг, Мөст сумынхан андахгүй. Түүний удам судрын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид дараагийн нийтлэлээр тодорхой хүргэх болно.
Ямартай ч өнгөрсөн 4 жилд чимээ сураггүй байсан, Ховдынхоны хувьд огт танихгүй П.Хангал гэх энэ залуу гэнэтхэн Ховдчуудад “хайр зарлан” тэндээс УИХ-д бие даан нэрээ дэвшүүлнэ хэмээн ажиллаж эхлэсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа ажээ.
Сонгууль дөхөөд ирэхлээр П.Хангал мэтийн “ичгүүр сонжуургүй”, мөнгө хөрөнгөндөө “сагасан бацаанууд” эдийн засгийн хямралтай өнөөгийн байдлыг далимдуулан иргэдэд мөнгө төгрөг тараан УИХ-ын зөөлөн сэнтийд суухаар санаархаж явна.
Иргэд сонгогчид бид иймэрхүү этгээдүүдэд итгэл үзүүлэн УИХ-ын гишүүнээр сонгочихвол тэд хэдий чинээ их зүйл тараасан шигээ төдийчинээ улс орны баялагаас “хулгайлна” гэдгийг сайн санах хэрэгтэй бизээ.
Ц.Мөнх