Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг баталсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2100 иргэн тохилог сууцаар хангагдсан юм.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр болж, тухайн байршлын 65 айл өрх орон сууцныхаа түлхүүрийг гардан авч, дулаан байрандаа орлоо. “Зургаан талт” ХХК нь 2014 оны 11 дүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч 8,4 га газар нутаг, нийт 88 нэгж талбар бүхий хэсэгчилсэн талбайд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, нийт 32 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд төсөл хэрэгжсэнээр 1200 айлын орон сууц,7 давхар худалдаа үйлчилгээний төв, 1500 метр квадрат оффис барилга, ногоон байгууламж бүхий цогц хороолол сүндэрлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүс оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд орон сууцных нь түлхүүрийг гардуулж, шинэхэн байрандаа нүүж орсон айл өрхөд энх сайхан амьдарлыг ерөөж, тоононд нь алд цэнхэр хадаг уялаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй байна гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.