“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес уулзалт яг одоо болж байна. Энэ үеэр хамтран зохион байгуулагч Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэгээс тодруулга авлаа.
Танай арбитрын байгууллага хэзээ байгуулагдсан бэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн маргаан хэлэлцэж, шийдвэрлэв?
-2015 оны долоодугаар сард байгуулагдсан. Аливаа байгууллага байгуулагдахад, тэр тусмаа арбитр бол маш олон гадаад, дотоодын чадвартай, нэр хүндтэй, мэргэжил боловсролтой арбитрчдыг бүрэлдэхүүндээ оруулахыг хичээдэг. Энэ маань өөрөө маргааныг зөв, шударга, бие даасан, хараат бусаар шийдвэрлэхэд чухал. Тийм учраас манай арбибтрын байгууллага арбитрчдын бүрэлдэхүүнээ бүрэлдүүлээд, бизнесийн хоёр маргааныг бүрэн шийдвэрлээд байна. Мөн гурав дахь маргаан маань одоо хэлэлцэх шатандаа явж байна. Хоёр хэргийн хувьд ярихад манай үйлчлүүлэгч нар сэтгэл хангалуун байгаа.
Арбитрын процесс шүүхээс юугаараа ялгаатай юм бол?
-Арбитр юун түрүүнд шуурхай. Мөн талууд өөрсдөө чөлөөт тохиролцоон дээр үндэслээд арбитрчдаа өөрсдөө сонгох, процессын журмыг тогтох боломжтой. Мөн арбитрын шийдвэр дэлхийн 156 оронд хүлээн зөвшөөрөгдөж, биелэгдэх боломжтой. Учир нь манай улс 1995 онд Арбитрын шүүхийн талаарх 1958 оны олон улсын конвенцид нэгдсэн. Тийм учраас манай арбитрын шийдвэр тус конвенцид нэгдсэн бүх улс оронд хүчинтэй юм.
Тэгэхээр арбитрын шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх нь?
-Эцсийн шийдвэр. Шүүхийн шийдвэрээс ялгаатай нь давж заалдах процесс байхгүй. Процессын алдаа гараагүй, арбитрын шийдвэр өөрөө Монгол Улсын нийтлэг эрх ашигт харшлаагүй бол хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Нийслэлтэй байгуулж байгаа төрийн худалдан авалтын гэрээнүүд бүгд арбитр дээр бүртгэгдэж байгаа юу?
-Бүртгэгдээд явна гэсэн тохиролцоонд хүрсэн. Гэхдээ хуулийн дагуу шүүхээр заавал орох ёстой маргаанууд байна л даа. Тухайлбал, концессын гэрээнүүд байна. Худалдан авалттай холбоотой зарим маргаан арбитраар шийдэгдэж байгаа. Гэхдээ бүртгэл хийлгэсэн бол заавал арбитраар маргааныг хянаж, шийдвэрлэнэ гэсэн үг биш.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс