Зөвлөлтийн “Титан”-АН онгоц

12642803_586797341467817_1456253300670943547_n1964 оны 9 дүгээр сарын 21-нд АНУ-ын нисэх хүчин “ХВ-70” гэдэг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, дайсны нутгийн гүнд нэвтэрч байлдааны үүрэг гүйцэтгэх зориулалттай стратегийн бөмбөгдөгч онгоц зохион бүтээж, туршилтын нислэг үйлдлээ. Нүсэр бүтэцтэй энэ онгоц нь 6 хөдөлгүүртэй ба техникийн үзүүлэлтийн хувьд 21000 метрийн өндөрт “мах-3” хүртэл хурдлах ёстой байлаа. Энэ бол цагт 3675 км хурдлана гэсэн үг юм. Тухайн үед энэ бол үнэхээр өндөр хурд байсан тул америкийн цэргийнхэн асар өндөрт, ийм хурдтай нисэх үед саад болох зөвлөлтийн агаарын довтолгооноос хамгаалах ямар ч радар, пуужин, онгоц байхгүй гэдэгт илтгэлтэй байжээ. Гэтэл яг энэ цаг үетэй давхцан тив алгасагч баллистик пуужингийн туршилт амжилттай болж олноор нь үйлдвэрлэн зэвсэглэлд оруулж эхэлжээ. Нэгэнт ийм пуужинтэй болсон тул хүнтэй бөмбөгдөгч онгоцыг өндөр зардлаар нисгэх нь утгаггүй асуудал гэдэг яриа цэргийн дээд удирдлагын түвшинд яригдсан тул уг хөтөлбөрийг 1961 онд зогсоожээ. Гэхдээ ямар ч байсан 1,5 тэрбум ам.доллар зарцуулан хоёр нэгж туршилтын “ХВ-70” онгоц бүтээж, 1964-1969 онуудад нислэг үйлдсэн байдаг. 12631375_586797344801150_7151122671309409835_n
Энэ үед зөвлөлтийн тагнуулчид маш идэвхитэй ажиллан америкийн шинэ стратегийн бөмбөгдөгч онгоц, түүний туршилтын нислэгийн талаарх мэдээллийг олзворлож, удирдлагадаа дамжуулав. Зөвлөлтийн удирдлага нэн даруй америкийн “ХВ-70” стратегийн бөмбөгдөгч онгоцтой техникийн бүх үзүүлэлт нь адилхан онгоцыг хамгийн богино хугацаанд зохион бүтээх үүрэг өгөв. 1963 онд нисэх онгоц зохион бүтээх гурван гол товчооны дунд бяцхан “конкурс” зарласан байдаг. Зохион бүтээх “Сухой” товчоо – “Т-4” загвар, “Туполев”-ийн зохион бүтээх товчоо “Т-135”, харин “Яковлев”-ийн товчоо “Як-35” загварыг тус тус удирдлагадаа танилцууснаас “Т-4” загварыг сонгож авчээ. “Т-4” нь нөгөө хоёр загвараа бодвол илүү хурдтай/цагт 3200 км хурдлах Р.Э./ нисэх боломжтой байсан нь шалгарахад голлох нөлөө үзүүлсэн байна. Ингээд 1964 оны 6 дугаар сард туршилтын загварыг бүтээх төслийг эхлүүлэх зөвшөөрөл өгөгдлөө. 6863_586797338134484_3915477685284887740_nЭнэ онгоцыг бүтээхэд асар олон техникийн шийдэл олох, технологийг шинээр бүтээх, туршилт судалгаа хийх шаардлагатай байлаа. Ялангуяа эрдэмтэд “мах-3” хурдыг ямар материал тэсэж чадахыг сайн мэдэхгүй байжээ. Тийм учраас үнэтэй ч гэсэн өндөр халууныг сайн тэсвэрлэх чадвартай “титан”-аар онгоцоо бүтээх шийдэлд хүрчээ. Шинэ онгоц бүтээхэд 600 гаруй шинэ бүтээлийн санаа, шийдэл, патент ашигласан гэнэ. Ингээд зөвлөлтийн инженерүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1971 оны намар анхны туршилтын загварыг нислэгт бэлэн болгов. Шинэ онгоцны экипаж – 2 хүнтэй, урт – 44 м, далавчны урт – 22 м, өөрийн жин – 55,6 тонн, хөөрөх хамгийн их жин – 135 тонн, 4 хөдөлгүүртэй байсан юм.
Энэ онгоц нь бүхэлдээ бараг цэвэр “титан”-аар хийгдсэн дэлхийн анхны онгоц болсон юм. Яагаад бараг гэхээр онгоцны зарим эд анги нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн учраас тэр. Мөн онгоцны загвар, ялангуяа кабин нь тун өвөрмөц дизайнтай бүтээгджээ. Онгоц хөөрч буух үедээ хошуу нь доошилж, кабины цонх гарч ирдэг, нислэгийн үед гадагшаа перископ/яг л шумбагч завинд байдаг шиг. Р.Э./ ашиглаж харахаар бүтээгджээ. Гэхдээ энэ перископыг зөвхөн 600 км/цаг хурдтай нисэх явах үед л ашиглаж болох байв.
1972 оны 8 дугаар сарын 22-нд “Т-4” нь анхны туршилтын нислэгийг хийж агаарт хөөрчээ. Онгоцны нисгэгчээр туршин-нисгэгч Ильюшин Владимир Сергеевич, харин “штурман”-аар Николай Алексеевич Алфёров хоёр ниссэн байдаг. Туршилт амжилттай болсон ба цэргийнхэн сэтгэл хангалуун байлаа. Бүр ирэх 5 жилийн төлөвлөгөөнд багтааж 250 нэгж ийм онгоц авахаар захиалга өгөөд байв. Гэвч туршилтын 10 нислэг үйлдсэний дараа уг төслийг дээрээс гэнэт зогсоосон байна.
Ямар шалтгаан байсан тухай яг тодорхойгүй зүйл үгүй хэдий ч нэлээд үнэмшилтэй нэг хувилбар бий. Онгоцыг бүтээх, туршилтын нислэг үйлдэх явцад зөвлөлтийн цэргийн зарим дээд удирдлагын түвшинд “Бидэнд ийм нүсэр, өртөг өндөртэй “титан”-ан бөмбөгдөгчийн оронд бодиттой, хямд байлдааны сөнөөгч онгоцууд хэрэгтэй,” гэсэн яриа нэлээд гарч байжээ.
Энэ бүхний хариултыг ЗХУ-ын маршал А.А.Гречко, Батлан хамгаалахын сайдаар томилогдонгуутай өгсөн байна. Маршал дарга нарт хандаж “Та нарын хүсээд буй Миг-23 онгоцыг олноор нь үйлдвэрлэж өгч болно, харин ингэсэн тохолдолд “Т-4”-ийн төслийг зогсоохоор өөр аргагүй шүү,” гэж хэлсэн гэдэг. Энэ нь төслийг зогсоох үндсэн шалтгаан, хариулт ч нь болсон байх. Төсөл зогссоны дараа зохион бүтээх “Сухой” товчооноос “Т-4” онгоцыг бүтээх төслийн нийт зардал нь 1,3 тэрбум рубль болсон гэж мэдэгдсэн нь тухайн үедээ “толгой эргэм” их мөнгө байсан билээ.
Өнөөдөр уг онгоцны цорын ганц туршилтын загвар нь ОХУ-ын Москва хотын ойролцоох нисэх хүчний “Монино” музейд хадаглагдаж байгаа. Бодитоор нь үзсэн хүний хувьд хэлэхэд нэлээд бишрэмээр сэтгэгдэл төрүүлж байсан билээ.

Р.Энхболд

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …