Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах нээлттэй хэлэлцүүлэг болов

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аймгийн иргэдийн хурлаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт очиж ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба, Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхай яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Ирвэс хамгаалах сангийн холбогдох албан тушаалтнууд болон судлаач, биологичийн төлөөлөл багтсан аж.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, тус сумын ИТХ-ын дарга Б.Дэжид нар өнөөдөр /2016.01.28/ үдээс өмнө хэвлэлийн бага хурал зарлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн бол үдээс хойш Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах” талаар нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг үг хэллээ. Тэрээр, энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион багуулж байгаа гол зорилго нь Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тост, Тосон бумбатын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, Монгол Улсад төдийгүй дэлхийд ховордож, улаан дансанд орсон цоохор ирвэсийг хамгаалах, судлах, түүний генийн санг хадгалах, идэш тэжээл нь болох аргаль, янгир болон бусад ховордсон амьтдын тогтвортой өсөх, тархац нутаг, амьдрах орчныг хамгаалаж, байгалийг унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм гэлээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668,912 га газар нутгийг “Орон нутгийн хамгаалалтад авах” шийдвэрийг гаргасан. Гэвч өнөөгийн байдлаар Өмнөговь аймагт эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Гурвантэс суманд орших Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний идээшин амьдарч, шилжилт хөдөлгөөн хийдэг гол газар нутгийг хамгаалж үлдэх зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, говийн баян бүрд, бэлчээр ус, унаган байгалийг авч үлдэхийн тулд энэ тогтоолын төслийг санаачилсан хэмээгээд асар өргөн уудам талбайг хамарсан лицензтэй талбайг ашиглавал булаг шандууд ширгэж, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс, 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг сүйдэх аюул нүүрлээд байна хэмээсэн юм. Эрхэм гишүүн өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид оролцож, хорт утааны ялгарлыг бууруулах анхны гэрээг байгуулсан гээд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг уг гэрээнд тусгасан гэлээ. Дээр дурдсан асар өргөн талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл олгоод байгааг тэрбээр онцлоод дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дэлхий нийт нүүрснээс татгалах уриалга гаргаад байхад бид нутаг орноо хамгаалахын тулд нүүрс олборлолтыг яагаад зогсоож болохгүй гэж хэмээн хэлсэн юм. Хөрш Хятад Улсаас эхлээд Энэтхэг, АНУ, Вьетнам Улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах арга хэмжээ хэдийнэ авч эхэлсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Дэжид, Засаг дарга Г.Гангамаа нар тус сумын нийт нутгийн 60 гаруй хувьд нь ашигт малмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон гээд одоо олборлолт эхэлбэл малын бэлчээр, усгүй болох аюул нүүрлээд байгааг хэллээ. Сумын удирдлага энэ асуудлаар албан бичиг явуулан, асуудлыг биеэр ирж уламжилж байсан ч нэмэр болоогүй. Харин УИХ-ын гишүүд газар дээр нь ажиллаж мөн энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлснээр Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэсэн юм.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлж, Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авснаар хүрэх үр дүнгийн талаар танилцуулга хийсэн юм. Тухайлбал, байршил нутгийн хувьд бага хэмжээтэй хамгаалагдаж буй ховор, ховордсон төрөл, зүйл болох цоохор ирвэс болон идэш тэжээлийн холбоотой бусад амьтдыг хамгаалах, судлах, тогтвортой өсгөх ховор ба ховордсон амьтдаас гадна харьцангуй өргөн тархалттай хуурай болон цөлжүү хээрийн амьтдын тодорхой тархац нутаг, амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой. Байгаль хамгааллын үндсэн үзэл баримтлал болох нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, цоохор ирвэс хамгаалах шинэлэг үйл ажиллагааг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх. Мөн TNC Олон улсын байгаль хамгаалах байгууллагас явуулсан Монгол орны экологийн хувьд чухал ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газраар сонгогдсон юм хэмээн танилцуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Оюун мөн БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсансар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Б.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүс оролцож Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар санал солилцов.

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …