ЦАГДААГИЙНХАН ДҮҮГ МААНЬ ЗОДСОН БИЧЛЭГИЙГ БИДНЭЭС НУУГААД БАЙНА

цагдаа

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Аравдугаар ангийн сурагч хүү өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн эмнэлэгт хүргэгдэн очоод гурван хоног ухаангүй байсаар нас барсан. Талийгаачийг таньдаг хүүхэд аавынхаа хамтаар түүнийг зодож, цагдаад хүргэж өгсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Хүү цагдаагийн газраас гараад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Талийгаач хүүгийн ах Ц.Чанцалгүмэнтэй юу болсон талаар ярилцлаа.

-Арванхоёрдугаар сарын 23-нд болсон хэргийн талаар ярихгүй юу. Талийгаач хүүг цагдаад хүргэж өгсөн жолооч Батсүрэн гэдэг хүнийг цагдаагийнхан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм билээ. Энэ хүнийг буруутай гэж бодож байна уу?

-Хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд явж байсан хүүхдийг микроны жолооч Батсүрэн гэдэг хүн машинаараа элдэн хөөж, барьж авсан байгаа юм. Машинд өөрийнх нь хүү Жаргалсайханаас гадна гурван хүн явсан байна. Машинаараа хөөж байгаа бичлэг гудамжны камерт үлдсэн байна лээ. Олуулаа нийлээд машинаар хөөхөөр чинь айгаад үнхэлцэг нь хагарах дөхсөн байлгүй. Ямар их айсан болоод тэнд байсан хоёр давхар балгасан дээр авирч гарах вэ дээ. Дүүгийн маань цамцыг урж, хүзүүнээс нь гараараа атгаад машиндаа суулгаж байсныг хүмүүс харсан байна. Тэр жолоочийн хүүхдийг Жаргалсайхан гэдэг. Тэр хүүхэд манай дүүд гар утас, бээлий, мөнгөө дээрэмдүүлсэн гээд байгаа. Ийм шалтгаанаар дүүг маань цагдаагийн газар хүргэж өгсөн. Дээрэм хийх хүүхэд биш. Айлын бага хүү. Гурван ах, гурван эгчтэй. Бид дүүгээ юугаар ч дутаагаагүй. Жаргалсайхан гэдэг хүүхэд өөрөө олуулаа нийлж манай дүүгийн утсыг дээрэмдэж авсан байгаа юм.

-Дүүг тань хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгсөн гэсэн. Тэгээд юу болсон юм бол?

-Дүүг маань хүлээж авсан хүүхдийн байцаагч нь манай дүүг байцаагаагүй. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд оруулж өгсөн. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч бол онц хүнд ноцтой, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа ийм хэргийг илрүүлэх чиг үүрэгтэй хүмүүс байдаг биз дээ. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр, ар гэрт нь хэлэхгүйгээр байцаасан. Бямбасүрэн гэдэг төлөөлөгч манай дүүг байцаасан гэсэн. Гэтэл байцаалт хийсэн ямар нэг тэмдэглэл байхгүй байна. Хамгийн гол нь дүүг маань цагдаагийн байгууллага руу орсноос хойш гарах хүртэлх дэлгэрэнгүй камерын бичлэгийг бидэнд үзүүлээгүй. Тасдаж, янзалсан бичлэг үзүүлсэнд гомдолтой байна. Үзүүлэхгүй байгаа камерын бичлэгт миний дүүг цохиж, зодсон хэсэг нь байсан байх гэж хардаж байна.

-Бямбасүрэнг ямар шалтгаанаар сэжиглэж байгаа юм бэ?

-Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд гурав, дөрвөн хүн сууж байсан. Манай дүү хаалганы хажууд зогсож байна. Камерын бичлэгт манай дүү харагдахгүй, гутлынх нь хоншоор цухуйж байгаа юм. Камер нь хаалганы нөгөө талд байгаа учраас байцаагч руу чиглэсэн байсан. Дүү маань цаг гаруй тэнд зогссон. Тэр өрөөнд байсан Бат-Оргил гэдэг байцаагч нэг удаа дуудаж ширээнийхээ ойролцоо авчирсан. Ингэхдээ хоёр удаа мөр рүү нь цохиж, гараараа толгой руу нь далайгаад байхад дүү маань дальдчаагүй. Үүний дараа Бямбасүрэн эрүүгийн төлөөлөгч хаалга руу чиглээд явсан. Камер тусахгүй газар хоёроос гурван минут байсан. Энэ үед Бямбасүрэн цагдаа гэнэт хөл алдаж гарч ирсэн. Яг тэр үед өрөөнд сууж байсан Бат-Оргил гэдэг эрүүгийн төлөөлөгч сэрдэс хийгээд дүү рүү маань цочсон байдалтай харсан. Зүгээр байж байгаад тэгж харахгүй шүү дээ. Ямар нэг юм болсон учраас тэр нөхөр тэгж цочиж харсан. Үүний дараа дүү маань толгойгоо бариад нэг удаа доошоо тонгойсон. Дахиад нэг удаа толгойгоо бариад доошоо суусан. Зүгээр байсан хүүхэд толгойгоо бариад хоёр удаа тонгойж, суух уу. Эхлээд Бат-Оргил гэж хүн гараа далайгаад цохих гээд байхад дальдчаагүй, зүгээр зогсож байсан хүүхэд Бямбасүрэн гэдэг байцаагчийг ширээ рүүгээ дуудаад юм өгөх гэхэд авч чадахгүй ухраад айгаад байсан. Тэр бичлэгийг харсан хэн ч Бямбасүрэн байцаагч манай дүүг зодсон гэж хардахаар байна. Цагдаагийн газар руу зүгээр эрүүл алхаад орж ирсэн хүүхэд гарахдаа шатаар бууж чадахгүй хөл нь доголсон байсан.

Бямбасүрэн цагдаа өөрөө дүүг маань түшээд үүд хүртэл гаргаж өгсөн. Шат руу бууж чадахгүй бариулаас нь бариад байна лээ.

-Цагдаагийн өрөөнд хэдэн хүн байсан бэ?

-Бямбасүрэнгээс гадна гурван хүн байсан. Энэ хүмүүс тангараг өргөсөн төрийн цагдаа юм бол хүний амь үрэгдчихээд байхад яагаад гэрчлэхгүй байгаа юм бэ. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд бидэнд туслаач. Бямбасүрэн цагдаагийн манай дүүг зодсон гэдгээ хэлэхгүй байгаа шалтгааныг нь мэдэж байна л даа. Бямбасүрэнгийн аав нь том нөлөөтэй хүн юм билээ. Тиймээс хэн ч хоолноосоо салахыг хүсэхгүй шүү дээ.

-Цагдаагийн газраас гараад хаана очсон бэ?

-Сургууль дээрээ очсон байна. Тэр өдөр их цэвэрлэгээтэй байсан. Ангид нь долоон хүүхэд байсан. Тэр хүүхдүүд нь манай дүүгийн хамгийн сайн найзууд нь байсан байгаа юм. Анги руугаа орж ирэнгүүтээ ширээн дээр гараад хэвтсэн. Найз нь “юу болсон бэ” гэж асуухад нь “Толгой өвдөөд байна. Цагдаад толгой руугаа балбуулчихсан. Дотор муухай оргиод байна” гэсэн байна. Тэгээд бусад хүүхдүүд нь юу болсон талаар асуухад “Та нар битгий юм асуугаад байгаач ээ” гээд уцаарласан гэсэн. Ангийн багшийгаа орж ирэхэд нь цонхоороо бөөлжсөн байна. Багш нь “Толгой чинь өвдөөд байгаа бол гэртээ харь. Дараагийн удаад чи нөхөөд ангиа угаагаарай” гэсэн байгаа юм. Сургуулиасаа гараад ойролцоох дэлгүүрт орсон. Худалдагчаас “Ах аа, би энд жаахан хэвтэж болох уу” гэж асуусан. Яагаад хэвтэх гээд байгаа юм гэж асуухад нь “Толгой өвдөөд байна. Жаахан л хэвтээд авмаар байна” гэж гуйсан байна. Тэгээд зуухных нь хажууд доошоо хараад суугаад байсан байна. Худалдагч нь “Толгой чинь өвдөөд байвал эм уух уу” гэхэд нь “Миний толгой эм уугаад дарагдахгүй” гэж хэлсэн байна. Дэлгүүр хаах дөхсөн учраас худалдагч нь “одоо гэртээ харь” гээд гаргасан байгаа юм. Хэсэг хугацааны дараа худалдагч гадагшаа гартал дүү маань шатных нь довжоон дээр толгойгоо барьчихсан сууж байсан гэсэн. Явж чадахааргүй их өвдөж байсан бололтой юм. Тэгээд худалдагч “хариагүй байгаа юм уу” гэхэд “харилаа” гээд булан тойроод явсан гэсэн. Тэгээд найзындаа очсон байна. Найзынх нь хоёр давхар байшинтай юм билээ. Дээд давхарт гараад ухаан алдсан. Тэгээд түргэн дуудсан. Эмч ирж үзээд “энэ хүүхэд согтуу байна” гээд авч яваагүй. Тэгэхээр нь найз нь эгчийг нь дуудсан байгаа юм. Эгчийгээ ирэхэд нь танихгүй байсан гэсэн. Тэгээд эгч нь эмнэлэгт хүргэж өгсөн. Гурав хоног ухаангүй байсаар өөд болсон доо.

-Энэ хэрэгт жолооч Батсүрэнгээс гадна цагдаагийн албан хаагч Бямбасүрэнг сэжигтнээр шалгаж байгаа юу?

-Хэрэг мөрдөж байгаа Өлзийжаргал гэдэг байцаагч эрүүгийн төлөөлөгч Бямбасүрэнг сэжигтнээр татах ёстой. Нотлох баримт цуглараад, гэрчийн мэдүүлэг бүрдчихээд байхад Бямбасүрэн гэдэг нөхрийг сэжигтнээр татаагүй. Одоо Бямбасүрэн ажлаа хийгээд явж байгаа. Арваад гэрчийн мэдүүлэг бүрдчихээд байна шүү дээ. Бид Өлзийжаргалаас асуусан юм. “Бямбасүрэнг юугаар байцаасан бэ” гэхэд “Гэрчээр байцаасан” гэж хариулж байгаа юм. Бидний гол сэжиглэж байгаа хүнийг гэрчээр байцаагаад ямар үр дүн өгөх юм бэ. Бямбасүрэнг байцаахгүй байгаад бид үнэхээр гомдолтой байна.

Миний дүү өнөөдөр босоод ирэхгүй л дээ. Яагаад бид ингээд хөөцөлдөөд байна гэхээр, дахиад нэг айлын хүүхдийг Бямбасүрэн гэдэг байцаагч зодоод алчих вий дээ гэснээс сэрэмжлээд байна л даа. Микроны жолооч, цагдаа хоёрын аль алинд нь зохих шийтгэлийг нь хүлээлгээсэй гэж хүсч байна. Цагдаа, прокурорын байгууллага хэргийг үнэн зөв шийдээсэй гэж найдаж байна. Монголд хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг зүйл огт хэрэгждэггүй юм байна.

-Бямбасүрэн гэдэг байцаагчтай уулзсан уу. Дүүгээс тань юу гэж байцаасан тухай асуусан уу?

-Бямбасүрэнтэй уулзсан. Тэрбээр “Тэр өдөр сургуулийн ойролцоох дэлгүүрт хулгай гарсан. Хулгайн хэрэгт холбоотой байж мэднэ гээд гутлын улыг нь харсан юм” гэсэн. Тэгээд дүүгээс маань асуусан байгаа юм. “Чи яагаад хүний хүүхдийн утас, түрийвч дээрэмдсэн юм бэ гэхэд “Ах аа, үнэндээ би энэ хүүхдийн бээлий, мөнгийг нь аваагүй. Утсыг нь аваад буцаагаад өгчихсөн” гэж хариулсан. Яагаад утсыг нь авсан юм гэхэд “Намайг хичээлээ тараад ганцаараа явж байхад 10-аад хүүхэд ирээд миний утсыг авчихсан юм. Тэр хүүхдүүдийн дунд Жаргалсайхан гэдэг хүүхэд байсан. Дараа нь Жаргалсайханыг явж байхаар нь “Миний утсыг авчирч өгөөд өөрийнхөө утсыг аваарай” гээд утсыг нь авсан гэж дүү минь ярьсан байсан. Манай дүү есдүгээр сарын 1-нд хөдөө суман дээрээс аймгийн төвд шилжиж ирсэн. Хөдөөний хүүхэд. Аймгийн төвийн хүүхдүүд гоё утас барьдаг юм байна лээ гэж ээжид маань хэлсэн байсан. Тэгээд ээж Samsung S3 утас авч өгсөн. Манай дүү хүний хүүхдийн утас, мөнгийг нь аваад байх тийм ядарсан айлын хүүхэд биш. Ах эгч нарынхаа үгнээс гардаггүй, даруулгатай сайн хүү байсан.

-Бямбасүрэн гэх цагдааг сэжигтнээр татаж шалгахгүй байгааг ямар шалтгаантай гэж бодож байна?

-Батсүрэн гэдэг жолоочид хэргийг нь тохоод өнгөрөх гээд байгаа бололтой. Энэ цагдааг шалгуулмаар байна. Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн. Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Гэсэн ч энэ хүн өнөөдөр ажлаа хийгээд л явж байна. Бямбасүрэн гэдэг цагдаагийн аав Батбаяр нь аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байгаад одоо аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажилладаг юм билээ. Магадгүй том албан тушаалтай хүний хүү учраас түүнийг сэжигтнээр татаж шалгахгүй байгаа юм болов уу гэж хардаж байна. Бямбасүрэн, Батсүрэн гэдэг энэ хоёр хүнийг аль алиныг нь сэжигтнээр байцаах ёстой. Бид дүүгээ алдчихна гэж бодоогүй. Дүүгээ ухаан ороод юу болсон талаар хэлнэ гэж бодож байсан. Бат-Ундрал гэдэг эмчид баярлаж байна. Шөнө ухаан алдаад бүх аппаратыг нь салгаад, зүрх нь зогсож байхад энэ эмч ганцаараа хиймэл амьсгаа хийж бүх л арга хэмжээг авсан. Цаг гаруй ноцолдсоны хүчинд дүүгийн маань зүрхийг ажиллуулсан. Хэдий ухаан ороогүй ч ах, дүү нар нь энэ үед дүүтэйгээ уулзсан л гэж бодож байна.

-Камерын бичлэгийг хэзээ үзсэн бэ?

-Цагдаагийн байгууллага руу манай дүүг орсноос хойш гарах хүртэлх хугацааны камерын бүтэн бичлэг байхгүй. Бүтэн бичлэгийг нь үзмээр байна гэхээр үзүүлдэггүй. Хэд тасдсан ийм дутуу бичлэг үзүүлсэн. Бидний зүгээс дүүг маань зодсон хэсгийг тасдаж нуучихаад үзүүлэхгүй байна л гэж хардаж байна. 26-ны өдөр бямба гаригт дүүгээ алдсан. Тэгээд камерын бичлэгийг нь үзье гээд цагдаагийн газар очлоо. Гэтэл 26-нд үзүүлсэнгүй. Маргааш нь бас үзүүлэхгүй, 28-нд ирээрэй гэсэн. Тэр өдөр нь өөрсдөө очиж камерын бичлэг үзье гэхэд “Холбооны инженер байхгүй байна. Компьютерээс СD руу хуулсан уншихгүй байна” гэсэн. Бид CD -гээр нь биш бүрэн эхээр нь үзчихмээр байна гэхэд “Тийм боломж байхгүй. Маргааш ирээд үз” гэсэн. Маргааш нь буюу 29-нд очиход тасдсан бичлэг үзүүлсэн.

-Хэвлэл мэдээллээр цагдаагийн албан хаагч буруугүй мэтээр мэдээлсэн?

-Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Лхагвасүрэн гэдэг хүн энэ хэргийн талаар “Цагдаагийн алба хаагч буруугүй” гэж мэдээлсэн байна лээ. Энэ хэрэг дөнгөж мөрдөн байцаалтынхаа шатанд явж байгаа. Эмнэлгээс шарилаа ч гаргаагүй байхад ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Төрийн цагдаа иргэдэд үйлчилдэг, ард түмнээ хамгаалдаг, амар тайван амьдралын төлөө ажиллана гэдэг уриатай. Харин өнөөдрийн бидэнд тохиолдсон хэцүү зүйлээс харахад эсрэгээрээ ажиллаад байна уу даа гэж бодогдохоор байна.

Х.Цэнд-Аюуш

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …