Хүүхдийн хувийн эмнэлгүүдэд 30 000- 40 000 төгрөгөөр тавхан минутын үзлэг хийж байгаа нь ахдсан ханш

эмнэлэг

Цаг агаарын байдал, хүнсний аюулгүй байдал, нийгмийн стресс, ариун цэврийн хангалтгүй орчны нөлөөлөөр хүүхдийн халдварт өвчний тархалт буурахгүй байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуульд явуулахаас айж, хүүхдээ байнга эмтэй “нөхөрлүүлэх”-ээс залхсаар. Хүүхдүүдийн биеийн байдал ч хэд хэдэн ханиадны дараа дархлаа эрс муудаж, эмэнд дасах хандлагатай болж эхэлдэг. Улсын хэд хэдэн эмнэлгийн хаалга татаад сүүлийн үед “моод” болоод байгаа эмийг л бичиж өгнө үү гэхээс өөрөөр халихгүй. Гуравдугаар шатлалын эмнэлэг хүртлээ хүүхэд нь дор орж бие нь муудахаар эмнэлэг нь хүлээн авна гэхдээ урд хийсэн эмчилгээг нь “басна”.

“Басна” гэдэг нь буруу эмчилгээ хийгээд хүндрүүлэсэн байхыг гуравдугаар шатны эмнэлгийн эмч нар тогтоохыг хэлж буй хэрэг. Өрхийн эмч 3-5 хоногийн эмчилгээ бичнэ, дүүргийн эмнэлэг шинжилгээ авч үр дүнг нь харж байгаад мөн л 3-5 хоногийн эмчилгээ хийнэ. Харин гуравдугаар шатны эмнэлэгтээ очихоор урд хоёр эмнэлгийн буруу байсныг тайлбарлан хэвтүүлэн эмчлүүлэх хүртэл эсвэл эмийн төрлийг солин мөн л 3-7 хоногийн эмчилгээ хийнэ. Ингээд амьсгалын замаар халдвар авсан хүүхэд маань нийтдээ багаар бодоход 9-15 хоног төрөл бүрийн эм уун өвчтэй хэвээр байна. Шат бүртээ антибиотик хэрэглэх заавар өгнө. Хүүхдийн биеийн байдал сайжирсан ч антибиотикинд дасамтгай, мөөгөнцөртэй, дараа нь улам хүчтэй антибиотик хэрэглэж байж эдгэрэх магадлалтай болно. Мөн эцэг эхчүүд улсын эмнэлгийн үйлчилгээ хүнд сурталаас залхан хүүхдийн хувийн эмнэлэгт очиж үзүүлнэ. Энд танай хүүхдийн оношийг зөв тавьж зөв эмчилгээ хийнэ хэмээн найдна. Гэхдээ хувийн хүүхдийн эмнэлгүүдийн үнэ тариф нь 30 000- 40 000   төгрөгийн үнэтэй. Үзлэг бүх шатны эмч нар адилхан хийнэ. Хоолой өрөвсэлтэй эсэхийг шалгана, халууныг тогтооно, биеийн ерөнхий тамир тэнхээ шалгана, арьс салстын өөрчлөлт байгаа эсэхийг хянана/ тууралт/, цээжийг чагнана, амьсгал тооолно гэх мэтчилэн.

эмч

Хүүхдийн эмчээр дагнан олон жил ажилласан тангараг өргөсөн эмч нар хувийн эмнэлгээ байгуулан гарч өөрийн хүрээллийг тогтоодог. Хүүхэд нь хүндрэх шатандаа орсон эцэг эхчүүд хүүхдээ хамгийн сайн эмнэлгийг сураглан очиж үзүүлнэ. Хүүхдийн үзлэг ихэвчлэн тав орчим минут үргэлжилнэ. Өвчтэй хүүхдийг таван минутанд оношлон мөн таван минутанд эм бичин зааварчилгаа өгөхөд л 30-40 мянган төгрөг. Энэ тарифыг хэн хаанаас хянадаг нь тодорхой бус. Эцэг эхчүүд нийгмийн аюулгүй байдлаас үүдэн өвчин тасрахгүй байгаа энэ улиралд хүүхдийн эмчийн үнийн тарифыг хямдруулж өгөхийг маш ихээр хүсдэг. Харин амьжиргааны түвшин тааруу айлын хүүхэд шат шатны эмнэлэгтээ үйлчилгээгээ аван явсаар /улсын эмнэлгээ бараадан/ олон хоногийн дараа эмчлэгдэнэ.

Зарим эцэг эхчүүд хүүхдээ улсын эмнэлэг нь дээр хариуцлагатай гэж байхад зарим нь очер дараалал нь дийлдэхгүй мөн маш олон өвчтэй хүүхэд нэг дор байдаг дахин өөр өвчин халдварлах магадлалтай хэмээн имээнэ.  Хүүхдэд ямар ч шатны эмч эм бичиж өгөхдөө ямар хүрээний антибиотикийг ямар үйлчилгээтэй эмтэй хольж өгч байгаагаа тайлбарлан хэлэхгүй. Шууд уулгах заавар өгнө. Олон эмнэлэг бараадаж, олон эм “туршиж” байхаар шууд төлбөртэй эмнэлэгт очсон нь дээр ч юм шиг. Ямартай ч манай сэтгүүлчдэд хүүхдийн эмнэлгийн үнэ тариф өндөр байгааг уламжилж өгөхийг хүссэн юм.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …