Бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор дүүргийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 22-ноос эхлэн нярайн түр сувилалыг “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн ажиллуулж эхэллээ. Энэхүү түр сувилал нь нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллах юм байна. Сувилалд ирсэн хүүхдүүдэд тосон болон сүүн бариа, агаар хоол эмчилгээг хийж байгаа юм. Хоол тэжээлийн асуудалтай, жин багатай, рахиттай хүүхдүүдийг сувилах зорилгоор энэхүү сувилалыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд бүхий л зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргаж байгаа юм. Нярайн ээжүүд сувилуулж байх хугацаандаа нярай хүүхдийн асаргаа сувилгаа болон хоол хэрхэн бэлтгэх талаар сургалтанд мөн хамрагдаж байна.
Сувилалын эхний ээлж гарснаас дөрөв хоногийн дараа Засаг дарга М.Гончигжав сувилалын үйл ажиллагаатай танилцах, бодит үр дүн ямар байгаатай танилцлаа. Сувилуулж байгаа нярайн ээжүүдийн хувьд хоолны чанар, эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж олгосонд дүүргийн Засаг даргад талархалаа илэрхийллээ. Эхний ээлж энэ сарын 29-нд буух бөгөөд дахин хоёр ээлжээр нярайг сувилах юм байна.
эх сурвалж: засаг.мн