1. Битүүлэх нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсныг бататгаж, ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ.
2. Нар шингэх үест битүүлгээ эхлэхдээ өрхийн тэргүүн баруун тотгоныхоо дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс цас, зүүн тотгоныхоо дээр шарилж, харгана тавина. Энэ нь Лхам бурханы хүлгийг ундаалж, тэр жил гэрт муу муухай зүйл орж ирэхээс хамгаалж байгаа хэрэг юм.
3. Эл өдөр айл хэсэх, өөрийн эд зүйлээ айлд хонуулах, өөрөө айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгахыг цээрлэнэ. Гэрийн эзэн гэртээ байвал буян хишгээ тогтоодог.
4. Битүүний шүүсэнд битүү хоолноос гадна эрүүг нь заагаагүй толгой, өвчүү хоёрын аль нэг байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгана. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна.
5. Битүүний орой бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл