Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна.
Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээний дээр дэлгэж архиныхаа дээжийг цөгцөнд хийж дээжилж тавиад, эвхмэл сураа ханын толгойноос өлгөж байгаад шинийн гурванд хурааж авдартаа хийдэг байсан аж.
Таван өнгийн хадгийг архи, сурын хамт хадгалдаг учир нь: Сур нь малын заяа тогтоох, архи нь юмсыг тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ.
Таван өнгийн хадагны билэгдэл: Цэнхэр өнгийн хадаг мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны билэгдэл, Шар өнгийн хадаг нь аливаа муу бүхнийг зайлуулж бурхан шашнаа дээдлэхийн билэгдэл, Цагаан өнгийн хадаг нь эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун бодь сэтгэлтэй өглөгч , буянтай, Улаан өнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийн билэгдэл, Ногоон өнгийн хадаг нь дэлгэрэн арвижихын билэгдэл болдог аж.