Манай тамирчид Азийн аваргаас 9 хүрэл медаль хүртлээ

Монголын спортын арвин намтар, түүхийн хуудсанд чөлөөт бөхөөр овоглосон анхны гэх тодотголтой амжилт, ололт олон бий. Тэгвэл, өнгөрөгч долоо хоногт Монгол Улс анх удаа чөлөөт бөхийн тивийн чанартай томоохон тэмцээнийг нутагтаа хүлээн авлаа. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны дэмжлэгтэйгээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Улаанбаатар хотноо долдугаар сарын 25-28-нд Ази тивийн өсвөр үеийн чөлөөт, сонгомол бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Гурван жилийн өмнөөс “Mongolian Open” тэмцээнийг олон улсын “А” зэрэглэлийн төвшинд зохион байгуулж, өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн Дэлхийн цомыг Монголд анх удаа хүлээн авснаар тив, дэлхийн чанартай томоохон тэмцээнийг эх орныхоо дэвжээнд явуулах туршлага хуримтлуулсан тэдний хувьд дараа, дараагийн тэмцээн ч нээлттэй байна биз.

Чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглохоор шар тивийн 14 орны 226 тамирчин Монголд саатсан. Тэр дундаа Хятад, Япон, Иран, Казахстан, БНСУ гээд чөлөөт бөхийн хөгжлөөр тивдээ дээгүүрт үнэлэгдэх шилдэг багууд өргөн бүрэлдэхүүнтэй ирж, оролцов. Монголчуудын хувьд чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ гэх данстай баг байхгүй ч өнөө жилийн улсын аваргын алтан медальтнуудыг нэгтгэж, нэгэн баг болгожээ. Тэд хоёр сарын хугацаанд бэлтгэлээ базааж, 30 тамирчин тивийн аваргын дэвжээнд хүч сорьсон юм. Тодруулбал, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн тус бүр 10 жингийн ангилалд өрсөлдлөө.

Эх орныхоо дэвжээнд гадны тамирчдыг аархдаг, бярддаг, илүүрхдэг спортын тэр нэгэн жишгээр Монголын өсвөрийн тамирчид ч урьд өмнө байгаагүй өндөр амжилт үзүүлж, 11 медаль хүртэв. Нэжгээд алт, мөнгө, үлдсэн ес нь хүрэл. Медалийн чанар чамлалттай ч бэлтгэл сургуулилтад нь зориулж улсаас нэг ч төгрөг төсөвлөөгүй, өсвөрийн гэх шигшээ баг угаас байхгүй тэднийг 2020 оны олимпийн анхны сорилоо амжилттай давлаа гэж үнэлье. Өдгөө өсвөрийн тамирчид ч 2020 оны олимпод эх орноо төлөөлөх тэдний амжилтаар бахархъя.

Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнээс медаль хүртсэн Монголын тамирчид: 
АЛТАН МЕДАЛЬ:

  • З.Занабазар /чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 54 кг/

МӨНГӨН МЕДАЛЬ:

  • Г.Отгонжаргал /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 49 кг/

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • Г.Чойгожид /сонгомол бөх, 58 кг/
  • Н.Азжаргал /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 38 кг/
  • Б.Чимгээ /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 40 кг/
  • Т.Аззаяа /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 43 кг/
  • Х.Болортуяа /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 55 кг/
  • Б.Буянхишиг /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 60 кг/
  • Б.Цэцэгбаяр /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 70 кг/
  • Ц.Цогбадрах /чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 46 кг/
  • Б.Гүндсамбуу /чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 50 кг/

эх сурвалж: Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №022

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …