Шадар сайд Ц.Оюунбаатартай ярицлаа
-Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын сүүлд бичсэн захианд таныг хүчээр гарын үсэг зуруулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын даалгавраар намын санхүүжилт босгохоор хандив авч байгаа хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан тухайгаа дурдсан байна лээ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-Миний хувьд Г.Шийлэгдамба гэдэг хүнээр ямар нэгэн юм бичүүлж аваагүй. Бичиг цаасан дээр гарын үсэг зуруулаагүй. Тэр тусмаа албан бланктай бичиг дээр. Би ямар Засгийн газрын албан бланктай бичиг бариад очилтоо нь биш. Г.Шийлэгдамбын хувьд асар их дарамтад, сэтгэл санааны гүн хямралд орсноос тийм юм бичсэн байх. Г.Шийлэгдамбыг хорьсны маргааш Авлигатай тэмцэх газарт очиж Мөрдөн байцаах хэлтсийн даргын хамт уулзсан. Хүний эрхийн хуульчаар 30 гаруй жил ажилласан хүнийхээ хувьд шүү дээ. Яагаад өмгөөлөгчгүй байцаав, хүний эрхийн байдал нь ямар байв, хөл гар нь хавагнасан байхад эмнэлгийн анхан шатны тусламж яаж үзүүлэв гэх зэргээр. Анх Ерөнхий сайдад танилцуулж, намын дарга Н.Энхбаяртай ярилцсаны үндсэнд Г.Шийлэгдамбатай очиж уулзсан. Тэгээд “Засгийн газар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндийн асуудлыг бодолцох ёстой юм” гэдгээ АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргын хажууд ярилцаж байсан. Ийм л байдлаар санал солилцсон. Дотроос нэг хоол авчирч өгөхөд мань эр нэг их идээгүй. Түүнээс биш юм дамжуулж, өгч авалцах нь байтугай үзэг цаас гаргах ч үгүй. Хүний эрхийн хуульч, Засгийн газрын Шадар сайдын хувиар албан газрын албан өрөөнд уулзсан.
-Г.Шийлэгдамбын гэрт нь нэгжлэг хийх үеэр ирж гарын үсэг зуруулсан гэж ярьж байна лээ?
-Монгол Улсын Шадар сайд аль нэг газар айлаар нэгжлэг хийж байхад очиж уулзах боломж байх уу. Тэгэх боломжгүй. АТГ дээр уулзаж ярилцсан. Түүнээс хойш ажил мэргэжлийнхээ хүрээнд Г.Шийлэгдамбатай нэг уулзсанаас өөрөөр түүнтэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Миний хувьд 1992 онд прокурорын ажлаа өгчихөөд хүний эрхийн төлөө ажилласан хүн. Энэ хугацаанд олон арван бизнес, төрд ажилласан хүмүүст өмгөөллийн туслалцаа үзүүлсэн. Одоогийн УИХ-д миний өмгөөлж байсан 4-5 хүн бий. Тиймээс Г.Шийлэгдамбыг хориход удаахгүйгээр асуудлыг нэг мөр шийдэж өгөхийг холбогдох газруудынх нь удирдлагуудад хэлж байсан.
-Г.Шийлэгдамбын сайдын албан тушаалаасаа болон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх захидал ямар шугамаар яаж ирсэн байдаг юм бэ?
-Тэрийг бол мэдэхгүй. Өөрийнх нь ярьж байгаагаар нэгжлэг хийж байхдаа л өгсөн юм биш үү. Сүүлд Г.Шийлэгдамбыг хүсэлтээ гаргах нь зөв юм байна гэдгийг Ерөнхий сайд болон бусад хүнд хэлж байсан. Тэрнээс цааш асуудалд оролцоогүй. Тэгэх ч боломжгүй. Шадар сайд гэдэг бол өвөлжилт, хаваржилтаас эхлүүлээд бүхий ажлыг хариуцдаг. Мөн эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг ярьж байхад нэгжлэг хийж байгаа хүмүүс дээр яваад очих уу. Намайг Шастины нэрэмжит III эмнэлэгт ажиллах үеэр Г.Шийлэгдамба эмчлүүлж байсан. Тэгээд эрүүл мэндийн байдлыг нь асууж, лавлан нэг уулзсан байдаг.
-Анх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тухай МАХН-аас мэдээлэл хийсэн байх аа?
-Намынхнаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй.
-Таныг нэр цохож яриад байсан болохоор?
-Болсон процессыг би тодорхой хэлсэн шүү дээ. Хажуудаа гэрчтэй, даргатайгаар гэж. Тэнд бичиг цаас нийлүүлээд гарын үсэг зуруулаад явах боломж байхгүй. Г.Шийлэгдамба сэтгэл санааны гүн дарамтанд орчихсон байгаа нь нэвтрүүлэгийн үеэр ойлгомжтой байна лээ.
-Г.Шийлэгдамбыг хорьсны дараа таныг өмгөөлөгч олж өгсөн гэсэн?
-Г.Шийлэгдамбын гэрийнхэн өмгөөлөгч авсан байлгүй.
-Таны олж өгсөн өмгөөлөгч Г.Шийлэгдамбын эсрэг ажилласан юм биш үү?
-Өмгөөлөгч эсрэг ажиллана гэдэг бол байж болохгүй зүйл. Эсрэг ажиллавал халагддаг юм. Мэргэжлийн хуульч хүнийхээ хувьд өгсөн зөвлөгөө таалагдахгүй байж болно. Таалагдах, таалагдахгүйгээсээ гадна эцсийн үр дүн тодорхойгүй хэргийн зүйлчлэл яаж явах вэ гэдэг нь чухал. Түүнээс бусад руу бухаад, түлхээд эрүүгийн хэргээс чөлөөлөгдөнө гэж байхгүй.
-Намын санхүүжилтээр авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж авсан гэдэг нь хэргийн гол зангилаа болчихоод байгаа юм билээ?
-Ямар хэрэгцээндээ яаж зарцуулсан гэдгээ Г.Шийлэгдамба өөрийнхөөрөө л тайлбарлана. Г.Шийлэгдамба бол төрийн сайдаар ажиллаж байгаад ажил дээрээ мөнгөний асуудалд холбогдож гэж ойлгосон. Хоёрдугаарт, хүнд байдалд орчихсон магадгүй тэр нь улс төрийн бүлэглэлийн, тодорхой эрх барьж байгаа хүмүүсийн захиалгат юм руу явчихлаа. Тэртээ тэргүй бодит байдал тодорно. Намынхаа даргыг буруутгаад өөрөө юмнаас зүгээр гарч чадах уу. 1990 онд би Улсын ерөнхий прокурорт цагаатгалын хэрэг дээр ажиллаж байсан. Тухайлбал, Өлгий хийдийн 20 ламын хэрэг дээр ажиллаж байсан. Үр хүүхэд, хамаатан садан, нэг зиндаанд ном хурж байсан ламыг нөгөөгийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлж, төрийн эсэргүү болгоод буудан хороож байсан байдаг. Энэхүү 1930-аад оны хэргийг өнөөгийн эрүүгийн хэрэгт ашиглаад хэн нэгнийг буруутгах гээд явж байна. Өнөөдөр МАХН-ыг, тэднийг устгах, Н.Энхбаярыг яаж дарамтлах уу гэдэг ажиллагаа явж байна. Тэгж чадахгүй л дээ. Яагаад гэхээр хуулийн хувьд боломжгүй.
-Г.Шийлэгдамбын захидалтай холбоотойгоор МАХН-ын сонгуулийн санхүүжилтийн асуудал олон нийтийн ярианы сэдэв болж байна. Үнэхээр Г.Шийлэгдамбын бичсэн шиг Н.Энхбаяр дарга гишүүддээ дарамт, шахалт учруулдаг юм уу?
-Улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтээр би томоохон судалгаа хийсэн. Сонгуулиар 100 тэрбум төгрөг Монголд эргэлддэг, саарал эдийн засгаас хэрэглэгддэг.
-Нэг намд уу эсвэл улсын хэмжээнд юм уу?
-Улсын хэмжээнд. Энэ бол асар их мөнгө. Сонгууль тэр чигтээ мөнгөөр явдаг. Өнөөдөр энэ олон бизнесмэн, уяачид яаж УИХ-д орж ирсэн юм. Ойлгомжтой шүү дээ. Уг нь мэргэжлийн хуульчид сууж байх ёстой юм. Нөгөө талаас энэ том намууд, байшин барилга нь яаж санхүүждэгийг судлах хэрэгтэй. Тэгэхээр Монголын сонгуулийн тогтолцоо бохир мөнгө дээр суурилж байгаа нь үнэн. Би ажлаа хийж яваа төрийн ажилтан хүн. Санхүү бизнес, аж ахуйн ажил хийдэггүй, тендер сонирхдоггүй, хурдан морь уралдуулдаггүй. Тийм учраас энэ асуудал миний дагнаж хөөцөлддөг ажил биш.
-Намаар дамжиж албан тушаалд хүрсэн хүний хувьд намын санхүүжилт босгоход хувь нэмэр оруулах үүрэг хүлээдэг юм байна?
-Аль ч намын ерөнхий нарийн бичгийн дарга санхүүжилтийн асуудлаа хариуцдаг. МАХН байна уу, МАН байна уу, АН байна уу, ялгаагүй. Ийм л байж ирсэн. Өдөр тутмын үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахад намд санхүүжилт хэрэгтэй. Үүний тулд тодорхой хүмүүст үүрэг даалгавар өгөх асуудал байж болно.
-Таны хувьд намын санхүүжилт босгоход яаж оролцдог вэ?
-Би цалин, УИХ-ын гишүүний суудлын мөнгө гэх мэтээсээ дэмжлэг үзүүлдэг. Түүнээс биш би бизнес эрхэлдэггүй, тендерт оролцдоггүй, хурдан морь уралдуулдаггүй, зуу, зуун сая төгрөгийн хөрөнгийг морины наймаа хийдэггүй болохоор намд овойж оцойтол аваачаад өгөх мөнгө алга. Монгол төрийн ажлыг шударгаар, ил тод хийж байна. Миний хувьд намынхаа нэр хүндийг өсгөх, олон түмэнд ил тод ажиллах л боломж байна.
-Намын санхүүжилт гэдэг ганц ерөнхий нарийн бичгийн даргын үүрэх ачаа биш, намаар дамжиж албан тушаалд хүрсэн бүх хүнд дарамт болдог юм биш үү?
-Ер нь энэ тогтолцоо чинь өөрөө буруу явж байгаа юм. Энэ МАН, АН-ын том байрууд ямар мөнгөөр, яаж боссон байх вэ. Том намуудын том том хурал зөвлөгөөн хаанаас санхүүжиж байна вэ. Санхүүжилтийнх нь хэдэн хувь нь хандив, хэдэн хувь нь төр засгийн дэмжлэг, хэдэн хувь нь юу байна вэ гэдгийг шалгаж судлаад тогтоох хэрэгтэй. Шал худлаа олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн зүйл гаргах хэрэггүй. Би Г.Шийлэгдамбыг өрөвдөж л байна. Хуулийн мэдлэг байхгүй, тэгээд ямар нэг бүлэглэлийн дарамтанд орчихсон нь харагдаж л байна билээ шүү дээ, хөөрхий. Хүнийх нь хувьд өрөвдөж байна. Ингэж яваад улам илүү хүнд хэцүү нөхцөл байдалд орчих вий гэж бодож байна.
-Та одоо Шадар сайд мөн үү, эвсэл үүрэг гүйцэтгэгч үү. Яагаад ингэж асуусан юм гэхээр таныг Шадар сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн тухай Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй албан бичигт дурдсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Намын Гүйцэтгэх товчоо хуралдаад Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох боломжтой, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллуулъя гэсэн шийдвэр гаргаад сар шахуу болсон. Тэр хэвээрээ л байж байгаа. Би УИХ-аас томилсон Шадар сайд хэвээрээ л байна. Тэр асуудал дээр цагийн гарз биз дээ. Улс орны 80 хувь нь битүү цасан бүрхүүлтэй, 110 суманд өвөлжилт хүндэрчихсэн байна. Тэнд өвс тэжээл хүргэх шаардлага байна.
-Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайдын асуудал хэзээ тодорхой болох юм. Сайдгүй бараг гурван сар болчихлоо шүү дээ?
-Ерөнхий сайдаас асуу. Өнөөдөр бүхий ажлыг хариуцаад хийж байна. Хэдийгээр цагийн багтаамж муу байгаа ч энэ салбарт ахиц дэвшил гарч байгаа.
-Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар Н.Энхбаяр даргыг Шадар сайдаар томилуулахаар оруулж ирэх байснаа хойшлуулсан байсан. Энэ юунаас болсон юм бол?
-Үүнийг Ерөнхий сайдаас асуу. Засгийн газрын гишүүний томилгоо бол Ерөнхий сайдын асуудал.
-Н.Энхбаяр дарга Шадар сайд болбол та Эрүүл мэндийн сайд болох уу?
-Би Шадар сайд болохдоо “Би Ч.Сайханбилэгт ч юм уу, өөр хэн нэг хүнд зүтгэх гэж биш, Монгол төрд зүтгэх гэж энэ ажлыг авч байна. Монгол төрийн ямар ч ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэнэ” гэж хэлсэн. Тэр нь ямар байхыг би мэдэхгүй. Эрүүл мэнд, спортын сайдын ажлыг хийх ёстой бол хийнэ. Өнөөдөр ч би Эрүүл мэнд, спортын сайдын ажлыг хийж байгаа. Сайн, муу хийж байгаа нь дараагийн асуудал. Ямар ч байсан сахилга хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүнд үйлчлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах тухай ярихад Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох тохироотойгоор Ч.Сайханбилэгийг авч үлдсэн. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар түүнийг оруулсангүй. Үүн дээр Г.Шийлэгдамбын асуудал босоод ирлээ. Ер нь тэр тохироо бүтэхгүй тал руугаа явчихав уу даа?
-Ерөнхий сайдын хариулах асуудал. Н.Энхбаяр даргад төрийн албан тушаал хашихад ямар нэг хууль зүйн хаалт байхгүй гэдгийг л хэлж чадах байна. Зөвхөн энэ хүнээс айсан, бэргэсэн, дур зоргоороо авирлаж, хууль завхруулах вэ гэж ажиллаж байна. Өөр юу ч байхгүй.
-Өршөөлийн хуулийг санаачилж, батлуулсан хүний хувьд асуух зүйл байна. Н.Энхбаяр даргыг ялгүйд тооцох хугацаа дууссан эсэх талаар зөрүүтэй тайлбар хуульчдаас гараад байгаа?
-Хуулиа нээгээд хар даа. “Ялтайд тооцох хугацаа үүгээр дуусгавар болно, ялтайд тооцох хугацааг хүчингүй болгоно” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Энд эргэлзэж, тээнэгэлзээд, будилаад байх зүйл байхгүй. Аль нэг бүлэглэл, улс төрийн нам, тодорхой албан тушаалтны ашиг сонирхолоор л хуулийг гуйвуулж тайлбарладаг шүү дээ.
-Бүлэг дотор үүсээд байгаа нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ. Бүлгийн гурван гишүүн Засгийн газрыг огцруулах асуудал өргөн барьсан. Харин өнөөдөр бүлгээсээ гарч эвслийг задлах, Засгийн газрыг огцруулах тухай ярьж эхэллээ?
-Би тэр хуралд суугаагүй. Бүлэг дээр санал зөрөлдөх асуудал урьд нь ч байсан. Би ч санал зөрж л байлаа. Аль ч намд иймэрхүү зөрчил, санал зөрөлдөөн байж л байгаа. Ялангуяа бидэнтэй хамтарч байгаа АН маш том фракцуудыг зөрчилтэй. МАН-д ч ийм зөрчил бий. Үүнийг ганц манай нам дээр тусгаад, томруулж хараад байх хэрэггүй.
-Бүлгийн даргыг солих асуудал бүлгийн зарим гишүүний чинь хувьд бүлэгтээ үлдэх, эсэхийг шийдэх асуудал болоод байгаа юм биш үү. Гэтэл М.Энхсайхан дарга, Н.Батцэрэг сайд нар бүлгийн даргын суудлаа ав гэсэн юм байна. Яагаад танайх авахгүй, өөрсдийнхөө хүнийг томилохгүй байгаа юм бэ?
-Бүлэг дээр хэлэлцээд шийднэ шүү дээ. Миний хувьд Бүлгийн хуралд байнга оролцоод, энэ талаар яриад явах цаг зав үнэнийг хэлэхэд байхгүй. Бүлэг ойрын үед шийдэх байх. Ер нь төрийн эрүүл тогтолцоо руу явахгүй бол бие биенээ хэмлэх, барьж идэх, хүүг нь аавынх нь эсрэг, дүүг нь ахынх нь эсрэг тавьж, дотроос нь задлах, хагаралдуулах, дайсагналцуулах нь өнөөдөртөө улс төрийн хожоо болж болох ч эцсийн дүндээ Монгол Улсад хохиролтой. Ийм хортой, хорон санаатай ийм юм захиалж хийлгэж байгаа нь өрөвдөлтэй л харагдаж байна. Жишээ нь, өчигдрийн тэр ярилцлагаас эхлээд л. Бид мэднэ шүү дээ, 30-40 жил дотор нь явлаа. Хуулийн байгууллага үүнд маш гүнзгий оролцсон байна. Огт байхгүй зүйлийг худлаа зохиож байна шүү дээ. Ардчилсан засгийн үед байх муухай л даа. 1930-аад онд бол өөрөө амь гарах гэж өрөөлийг эсэргүү гэж хэлмэгдүүлдэг байсан шүү дээ.
-Тэр захиалагч нь хэн байх вэ?
-Та нар өөрсдөө олохгүй юү. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг биз дээ. Төрийн ажилтан нь хууль, эрхзүйн мэдлэггүй байна. Би ганц Г.Шийлэгдамбыг хэлж байгаа юм биш шүү.
-Хуулийнхнийг гар хөлөө болгох, гарынхаа үзүүрээр хөдөлгөх хүч одоохондоо та нарын хамтарч байгаа эрх баригчдад л байгаа биз дээ?
-Өөрсдөө судлаад л тогтоо. Аль аль талаасаа л байгаа байх. Махчин загас шиг том нь багаа барьж иддэг хууль л үйлчилж байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд болгохгүй, сонгуульд оролцуулахгүй гэсэн юм л цаана нь явж байна шүү дээ. Тэр нэвтрүүлгийн утга учир, зорилго нь ердөө л тэр.
-Сая таны өрөөнд Н.Энхбаяр дарга, Б.Тулга, Н.Батшугар нарын МАХН-ын удирдлагууд хуралдсан бололтой. Нууц биш бол ямар асуудал ярилцсаныг сонирхож болох уу?
-Тэд намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой хурал зохион байгуулж байгаа. Би орж амжаагүй байна. Би өглөөнөөс хойш завсаргүй ажилтай байлаа. Засгийн газрын мэдээлэл хийлээ, Байнгын хорооны хуралд суулаа.
-Саяхан нэг хүнтэй уулзахад Н.Энхбаярыг сонгуулиас өмнө дахин барьж, хорих сурагтай гэж хэлсэн?
-Тэр мэдэж байгаа хүнээсээ л асуу. Ийм боломж байхгүй. Хэлмэгдүүлэлт хийж болзошгүй. Зүгээр аль нь эрүүгийн хэрэг мөн бэ, аль нь биш вэ гэдгийг нэлээн ханатай гадарладаг хүний хувьд хэлэхэд Н.Энхбаярыг ямар нэг хэрэгт холбогдуулж ял шийтгэж чадахгүй.
“Үндэсний мэдээ” сонин