Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлж байна “Зөв хооллолт эрүүл амьдралын баталгаа”

Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.

ширээ
Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож/бэлтгэж идээрэй! (Гэхдээ мэдээж давсалсан ногоо, мах буузыг хэт их хэмжээгээр хэрэглэхийг энд зөвлөөгүй.)

Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. Мах буюу уураг хэт их хэрэглэхэд биед олон төрлийн хорт бодисын хуримтлал үүсдэг эдгээрийг цаг тухайд саармагжуулж хоргүйжүүлж байх маш чухал.

бууз
Мөн бүх төрлийн ногоонууд бусад хүнстэй харьцуулахад хамгийн бага илчлэг өгдөг ч (дунджаар 70 г ногоо 20 ккал илчлэгтэй, гэтэл 70 г өөхтэй мах 200 ккал илчлэгтэй!!!), цатгах мэдрэмж төрүүлдэг, дотор нь агуулагдах уусдаг болон уусдаггүй эслэг нь өтгөн хатахаас сэргийлж цаашлаад бүдүүн шулуун гэдэсний өвчлөлөөс сэргийлэх, ялангуяа шинээр нь чанаж болголгүй идэхэд олон төрлийн биологийн идэвхт тэжээл, эрдэс, аминдэмээр хангаж, арьсны эрүүл толигор байдлыг сайжруулдаг гэх мэт маш олон ашиг тустай.

Өөх тосыг нэг дор хэт ихээр хэрэглэхэд элэг цөсний үйл ажиллагаа маш ихээр доголддог. Мах, бууз, майонез, хольсон тос, бүх төрлийн самар зэрэг нь өөх тосыг ихээр агуулдаг өндөр илчлэгтэй. Дэлгүүрийн лангуун дээр удаан хадгалагддаг бүх хүнс (консерв, лаазалсан жимс, давсалсан өргөст хэмх . . .) тос, давс, нөөшлөгч химийн бодис, сахарын илүүдэл хуримтлалыг биед үүсгэдэг. Тохиромжгүй нөхцөлд хадгалсан байж болзошгүй тул хордлого авах ч боломжтой. Тиймээс тухайн цаг үед шинээр бэлтгэсэн багахан хоолыг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэж байх нь хамгийн чухал.

ногоо

“Цаг цагаар нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг” гэж үг байдаг ч орчин үед энэ үгээр хөөрцөглөж, зохисгүй хооллох нь амь насанд маш халгаатай болж байна.   “Гэнэт олдсон хоол биш, Гэм хийсэн гэдэс биш” гэж үг байдаг. Соёлтой мэдлэгтэй байж, амтны боол болохгүй, зохистой хооллож, амьдралын зөв хэв дадалтай байх нь таны эрүүл мэндэд юу юунаас илүү чухал билээ.

“Жаргалан жаргалан жаргалан, Эрүүл энхийн нэгэн жаргалан…”

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

  1. Ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах. Хоол хүнсэндээ хэрэглэх махны гарал үүслийг сайн судалж худалдан аваарай.

  1. Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ авчран ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчинд, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам г.м. зарим хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх.

  1. Салат, зууш бэлтгэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн болон дулааны боловсруулалтын горимыг зөв баримтлан бага, багаар бэлтгэж хэрэглэх. Тухайлбал өндөг, тахианы махыг чанахдаа чаналтыг гүйцэд хийж, хэрэглэх хэмжээгээр бэлтгэж хэрэглээрэй. Эдгээр нь сальмонелл, кампилобактер, стрептококк зэрэг нян, шувууны томууны вирусээр бохирлогдсон байх магадлалтай.

  1.  Бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах.

  1. Хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглсэн хүн өвчилнө. Нянгийн үржих таатай хэм 4СО-62СО ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд 1 нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа 1 тэрбум болж үрждэг. Перфингенс, ботулин г.м. зарим спортой нянгууд чаналт, халууны боловсруулалтын үед хуяг үүсгэн амьд үлдэн хороо ялгаруулах чадвартай.

  1. Хоол хүнс бэлтгэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг сайтар сахих, ялангуяа түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх. Мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх.

  1. Цэвэр байх дүрмийг сайтар баримтлах. Сав суулга, аяга тавгийг 2 удаагийн угаалтаар (угаагч бодисоор тосыг нь угаасны дараа заавал цэвэр усаар зайлах) угаах.

  1. Гарын ариун цэврийг сайтар сахих. Ялангуяа хоол, хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, цэвэрлэгээ хийсний дараа гараа сайтар савандаж угаах, гар угаах тохиромжгүй бол нойтон сальфетка, ариутгагч шингэнийг хэрэглэж занших.

  1. Түүхийгээр идэж хэрэглэх жимс, ногоо нь газар тариаланд хэрэглэдэг химийн бодис, бордоогоор бохирлогдсон байх магадлалтай учраас болж өгвөл хүйтэн усанд сойх эсвэл сайтар угааж, хальсалж хэрэглэх.

  1.  Найдвартай ундны усыг хэрэглэх. Усаа буцалгаж, шүүж хэрэглээрэй.

                                                                                  ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …