Кино урлагийн шилдэг эмэгтэй жүжигчин яахын аргагүй Цэвээнжав мөн

Монгол Улсын ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.

Хоёулаа яриагаа Их Нацагдоржийн тухай эхэлмээр байна. Кинонайруулагчтай зохиолчийн тухай ярьдаг ямар учиртай юм гэж хүмүүсгайхаж магад. “Нацагдоржтой холбогдох хэд хэдэн сэжим надад бийгэж танэгэнтээ хэлж байсан санагдана. Түүнийг асуух гээд байгаа хэрэг?

-Их Нацагдоржийн зуун жилийнх нь ойгоор би зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Тэгээд тэр гайхамшигт зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Үүндээ ихэд бэлгэшээдэг юм. Дашдоржийн Нацагдоржтой холбогдох хэд хэдэн шалтгаан бий гэдэг маань ийм учиртай. Нацагдоржийн ээж сайхан Пагма гэж хүүхэн байжээ. Үнэхээр сайхан хүүхэн байсан гэж эмэг ээж минь ярьдаг байсан. Нацагдоржийн ээж сайхан Пагма, манай эмээ тэр хэд үеийн хүмүүс байж л дээ. Манай эмээг Дуламханд гэдэг байсан. Намайг хойно сургууль төгсч ирэх далаад оны эхэн хүртэл сэрүүн тунгалаг байж 98 насалсан буянтай хөгшин байлаа. Эмээ Нацагдоржийг “Ижийгээ дуурайсан сайхан хүү байсан” гэж ярьдаг байсан. Дашдоржтой суухад нь үеийнх нь охид бүсгүйчүүд “Сайхан Пагма явж явж энэ Дашдоржтой суугаад байхдаа яахав дээ” гэж жиг жуг хийдэг байсан гэдэг. Дашдорж бол хөдөлгөөнтэй хүн байсан юм уу даа. Миний ээж бол Нацагдоржийн үеийн хүн.

Ээжийн маань анхны нөхөр Лооройсамбуу гэж Нацагдорж хамт Германд сурч байсан орос хэлтэй хүн байсан. Буянчуулган гэж том түүхчийн хүү шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Буянчуулганыг хоёр хүүхдийнх нь хамт бариад цаазалчихсан юм билээ. Надад Германы гахайн ширэн чемодан байдаг л даа. Түүнд нөхөртэйгөө харилцаж байсан захиа, зураг зэргийг хадгалж байжээ. Миний ижийгийн зургаан настай байх үеийн зураг, Нацагдорж хамт авахуулсан нөхрийнх нь зураг хожим үлдсэн. “Нацагдоржийн захиа эргээд санахад дандаа шүлэг зохиол байсан юм байна даа” гэж ээж маань хэлдэг сэн. Нөхөрт нь бичсэн захидлуудыг ээж уншдаг байж л дээ. Тавиад оны дундуур Нацагдоржийн тухай нэвтрүүлэг арааживаар явахад ээж шууд унтраачихдаг байв. Та яаж байгаа юм гэхэд “Энэ хүмүүс Нацагдоржийг амьдад нь хайрлаж, ядарч явахад нь тусалж байсан биш. Тэгтэл миний найз гээд ярихаар нь уур хүрчихлээ” гэж билээ. Харин Нацагдоржид тусалж байсан хүн нь Лхамсүрэнгийн Дэндэв гэж том түүхч байсан. Саяхан 120 жилийн ойг нь тэмдэглэлээ. Тэр хүн эмээгийн дүүгийн нөхөр байв. Шүүх яамны сайд, Улсын Бага хурлын гишүүн байсан мундаг хүн. Онходын Жамъян гүний дараагаар Судар бичгийн хүрээлэнгийн даргаар 10 гаруй жил ажилласан байдаг. Нацагдоржийг сургууль төгсөөд ирэхэд нь Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр анх удаа Дэндэв гуай тавьсан юм билээ. Нацагдоржийн үед түүхийн тасаг анх байгуулагдаж байсан. Сүүлд Нацагдоржийг бор дарсанд орж ажилтай, ажилгүй явах үед нь Дэндэв гуай нутаг усаар нь хамт явж амардаг байсан гэдэг. Түүний “Миний нутаг” шүлэг нь анх Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонинд гарсан гэдэг. Энэ бүхнээс харахад Нацагдоржтой би холбоотой байдаг.

Нэгэнт зохиолчоор эхэлснийх зохиолчийн тухай дурсамжаарүргэлжлүүлье. Өнөө жил Сормууниршийн Дашдооровын наян насны ойтохиож байна. Та бол Дооровтой ойр явсан уран бүтээлчийн нэг?

-Дооров бид хоёр кино үйлдвэрт хамт ирж байлаа. Тэр чинь жаран есөн он юм. Мань хүн ерөнхий редактороор, би найруулагчаар ирж байлаа. Тэрхүү арав гаруй жилийн хугацаа бид хоёрыг хүнийх нь хувьд, уран бүтээлчийн хувьд нөхөрлүүлнэ биз дээ. Надад хамгийн ойр явж, сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн нэг юм. Сэнгийн Эрдэнэ гуайн “Нарангаравуу” өгүүллэгээр хийсэн “Эх бүрдийн домог” кинонд Жамъянгийн Бунтар найруулагч бид хоёр хамтарч ажилласан. Нэг сонин түүх сөхье. “Эх бүрдийн домог”-ийн зургийг Өмнөговийн Ханбогдод авсан юм. Биднийг зургийн натур руу явах үед Дашдооров “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагналд нэр дэвшээд байлаа. Удаа ч үгүй төрийн шагналын тэмдэг энгэртээ гялалзуулаад хүрээд ирдэг юм. Ижий, аавдаа очилгүйгээр зургийн натур дээр ирсэн нь тэр. Бид ч бөөн хөөр баяр болоод хэсэг пижигнэлдлээ. Ингээд Дооровыгоо аваад Ханбогдоос Дундговь, Дэлгэрхангай уул руу нь явлаа. Төрдөө үнсүүлсэн хүнийг ижий, аавд нь үнсүүлэхээр зүтгэж яваа. Нар жаргах үед суманд нь давхиад ирлээ. Дооровыг маань угтаж байгаа хүн ч гэж алга. Одоо шиг утас шөрмөс, харилцаа холбоо хөгжөөгүй цаг. Сумын төвийн хажууханд гэрт нь хүрээд очтол ижий нь дүү охинтой нь хамт гарч ирээд хүүгээ хүзүүнээс нь зүүгдээд үнслээ. Дооров чинь бие томтой ханагар эр. Ижий нь атигар жаахан хөгшин. Хүүгийнхээ хүзүүнээс зүүгдчихсэн үнсэж буй тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд харагдаж, нулимсыг минь цийлэлзүүлдэг юм. Төрийн шагналт зохиолчийг төрүүлсэн “өндөр ээж” гэдэг тийм л байдаг юм билээ.

Өнгөрөгч онд кино урлагийн ой тохиолоо. Ойдоо ямар бэлэг барив. Номбичээд байгаа дуулдсан?

-Монголын кино урлагийн наян жилийн ой тохиолоо. Миний бие кино урлагтай хувь заяагаа холбоод тавин таван жил болжээ. Энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн байна. Киноны далан жилийн ойгоор “Монгол киноны нэвтэрхий толь”-ийг хийсэн. Түүний хоёрдугаар дэвтрийг өнгөрөгч онд гаргалаа. Миний анхны номонд 300 гаруй кино орсон байдаг. Тэгтэл хоёр мянган оноос хойших арван таван жилийн хугацаанд 600 гаруй кино хийгдсэн байна. Жилдээ гуч, дөчин кино хийж байна. Энэ дундаас жинхэнэ уран бүтээл гэвэл өөр хэрэг л дээ. Одоо бол кино зүгээр л үйлдвэрлэдэг болжээ. “Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичээд дуусч байна. Мөн “55:25” гэсэн ном хувьдаа хийж байна. Кино урлагийн академи намайг дурсамжаа бич гэсэн. Хүн харахад зүгээр нэг хоёр тоо байж болох юм. Гэвч энэ бол цаанаа Жигжидсүрэн гэдэг хүн Монголын урлагт 55 жил зүтгэхдээ 25 кино хийжээ гэсэн нэг бодлын тайлан юм даа.

Нэгэнт кино үйлдвэртэй холбогдсоных цээжинд явдаг зүйлээ хэлчихье байз. Кино үйлдвэрийн уран бүтээлийн баг гэдэг чинь тэр чигээрээ атаа хорслын талбар байлаа. Хор гээчийг жинхэнэ найруулдаг газар байлаа. Намайг олон жил ажилласан газраа ингэж хэллээ гэж зарим нь гайхаж магад. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан биз дээ. Кино үйлдвэр гээд бодохоор надад сайхан байдаг. Би бол хүний ганц хүү. Ижийгээ, эцгээ алдчихаад газар дэлхий хөмөрчихсөн юм шиг явахад Кино үйлдвэрийн эгэл жирийн ажилчид, миний хамт олон надад түшиг болж, сэтгэлийн зовлон жаргалыг хуваалцдаг байсан. Харин уран бүтээлч нөхөд жалганаас том жижиг чулуу ар нуруу руу нүүлгээд зогсож байна. Ингэхэд би гэдэг хүн Кино үйлдвэрт байхдаа төрөөс нэг ч шагнал авч үзээгүй гээд бодохгүй юу.

Урлагийн гавьяат зүтгэлтэнболоогүй юм уу?

-Үгүй юм аа. Сүүлд Соёлын яаманд, Цанжид сайдын үед мэргэжилтэн байхдаа авсан юм.Тэгээд би үндэсний телевизэд очсон хүн. Монгол телевизэд очоод ойгоор нь ардын жүжигчин болсон. Намайг чинь телевизээс төрсөн ганц ардын цолтон гээд манайхан жигтэйхэн хүндэтгэнэ. Үндэсний телевиз үнэндээ хаяа сайтай айл юм. Ямар сайндаа Шаравын Сүрэнжав “Жийгээ, Кино үйлдвэрийн уран бүтээлчдийн чамд хандаж байсан хандлага, телевизийн уран бүтээлчдийн хандлага өдөр шөнө шиг зөрүүтэй байна” гэж нэгэнтээ хэлж билээ. Бусдад тэгж л мэдрэгдэж, ажиглагддаг юм байна.

Та хэд хэдэн киноныхоодууны шүлгийг өөрөөбичсэн. “Анхны алхамкиноны дуунд агуу их Мөөеө ая хийсэн байдаг. “Манай хүү нэг юм хийжээ.Мөрдорж оо, чи нэг юм бодооройгэж аав тань хэлсэн гэдэг. Энэ талаарааярихгүй юу?

-Миний аав Жамсрангийн Гомбожав гэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Эдийн засагч хүн байсан. Худалдааны яаманд олон жил болсон. Сүүлдээ МОНЦАМЭ-д хорь гаруй жил нягтлан хийсэн дээ. Аав, Мөрдорж гуай хоёр их ойр явсан. Тэр үед шагай их харвадаг байж. Тэр хоёр нэг багийн хоёр шагай харваач байсан байгаа юм. Мөрдорж гуай сайн харвадаг байсан гэдэг шүү. Баг нь ч сайн баг байсан гэдэг юм. “Анхны алхам” киноны зураг авалтын үед натурт байхдаа дууны шүлгийг бичсэн. Тэр чинь жаран есөн он. Гол дүрийн хоёр жүжигчин болох Хүрэл, Цэцэгбалжид хоёрын дурлалыг яаж холбох вэ гэж бодсоны үүднээс ерөөсөө дуугаар холбоё гэсэн санаа төрсөн юм.

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд шувууд зорилоо

Онгон насны хосгүй учралд

Хайрын дээдээр чамдаа даслаа

Хорвоо ертөнц уужим гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдээгүй

Хонгор чамтай учирна гэж

Хорьхон насандаа бодсонгүйгээд бичлээ.

Анхнаасаа миний санаа бол Мөрдорж гуайгаар аяыг нь хийлгэх байсан. Тэгээд яаж хэлэх вэ гэж бодлоо. Намайг яваад очвол мэдээж хүлээж авахгүй. Тэгээд аавд хэлсэн хэрэг. Мөрдорж гуай хөгжмөө сонсгоод надад өөрөө дуулж өгч билээ. Мань эр чинь дуулахдаа тааруу. Над шиг солгой хоолойтой. Зундуйн Хангал бол сайхан дуулдаг байсан. Ингэхэд “Анхны алхам” киноны дуу миний анхны дуу биш юм. 1961 онд би “Гологдсон хүүхэн” киноны туслах найруулагчаар ажилласан. Тэгээд киноныхоо зураг авалтын үер “Насан туршийн хайр” гэж дууны үг бичиж, киноны маань Долингорын дүрд тоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав гуайд тэр дууныхаа үгийг өгч байсан түүх бий. Уг дуу маань Ардын хувьсгалын дөчин жилийн ойн концертонд дуулагдаж байлаа шүү дээ. Ингэж миний анхны дуу 1961 онд Норсонжав гуайн аялгуугаар төрсөн юм. Харин “Суварган цэнхэр уулс”-ын “Буцах хунгийн дуунаар сэрсэн, Буурал намрын сэрүүн шөнөөр” гээд эхэлдэг “Хунгийн дуу”-г Буурангийн Нандинцэцэг дуулсан юм.

-“Суварган цэнхэр уулсгэснээс танаас Чогдон баатрын тухай асуух гэсэнюм. Баатрыг та хэд хэдэн удаа гадаа хонуулсан байдаг?

-Чогдон баатар “Суварган цэнхэр уулс” киноны маань цэргийн зөвлөх байсан. Халх голд гурав, дөрвөн сар хамтдаа явсан. Нөмрөгийн застав, Баянхошууны застав, Хэрээ уулын заставт ихэнх зургаа авсан. Буйр нуурын заставт ч зураг авч байлаа. Хил зөрчигчийн зургийг шөнө авсан. Нар жаргаж байхад зургаа эхлээд үүр цайж байхад дууссан. Арван сар гарчихсан жигтэйхэн хүйтэн. Бүгдээрээ нээх их ядарсан амьтад л байж байгаа юм чинь. Чогдон баатрыг хартал нэлээн ядарсан янзтай харагдаж байна. Би таныг ядраачив уу даа гэхэд “Халх голд нойргүй хонох миний хоногийн тоо дуусаагүй л байгаа юм байна” гэж хэлж билээ. Бас л агуу үг шүү. Олон улсын цэргийн шүүхэд Монголыг төлөөлж очсон хүн бол Чогдон баатар. Уул нь Дандар баатар явах байсан юм билээ. Гэтэл өнөө Дандар нь шоронд байсан үе. Зураг авалтын үеэр үг өдөхөд “Хурандаа ч ерундаа болоод байна даа” гээд хөхөрч байдаг сан. Ер нь маш гоё хүн байсан юм шүү. Зүүн урд хилийн Дархан уул буюу Хулд ууланд баатар намайг дагуулж очиж билээ. “Энэ хайрхныг самурайнуудад гурав алдаж, гурав буцааж авч байлаа” гэж баатар хэлж билээ. Чогдон гуай хуурай элсэн дороос шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин хар юм гаргаж ирээд гал асаатал дүрс хийж байсан. Гучин есөн оны дайны дарь тэр олон жилийн дараа байсан нь сонин.

Өнөөдөр гарч байгаа Монголын гэх тодотголтой уран сайхны кинонуудадаллага, хүчирхийлэл их гарах юм. Мөн тэнгэрээс гэнэт мөнгө унаж ирээд чюм уу, газраас мөнгө ургаж ирээд байгаа мэт маш хурдан баяждаг, иймэрхүүзүйлүүд их гардаг. Үзсэн хүмүүс, ялангуяа хүүхэд залуусАмьдрал ерөөсөөийм амар хялбар юм байнагэж бодож сэтгэж байна. Энэ талаар та саналбодлоо хэлэхгүй юу. Амьдрал бол үнэндээ тийм биш шүү дээ?

-Одоогийн кино миний хийж байсан үеэс их өөр болжээ. Хуучны кинонуудыг гарахад хүмүүс уйдахгүй үзээд байдаг хэрнээ орчин үеийн киног нэг л хүлээж авахгүй юм гэж хүмүүс надаас асуудаг л даа. Уран бүтээлчдийн бүтээлдээ хандах хандлага байхгүй болчихсон юм уу даа. Доржийн Гармаа нэг удаа хэлж билээ. “Хөхөө гэрлэх дөхлөө”-г хийж байх үедээ мань хүн Баянхонгорт байж. Орой түлээ хөрөөдөж байтал хоёр эмэгтэй ороод ирж л дээ. Тэр хэн байв гэхээр агуу их жүжигчин Цэвээнжав гуай. “Гармаа гэж хүн мөн үү, таны нэгэн кинонд надад жижигхэн дүр оногдсон юм. Би тэгээд амьдрал судалж байна” гэж хэлжээ. “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээжийн дүрээ Цэвээнжав гуай авчихаад байсан нь тэр. “Бид чинь дүрээ ингэж судалдаг юм аа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Цэвээнжав гуай тухайн үед драмын театрынхантай Баянхонгорт тоглолтоор явж байж. Тэр гайхалтай хүнд ардын жүжигчин өгөөгүйд нь харамсдаг юм. Монголын киноны хамгийн гайхамшигтай эмэгтэй жүжигчин хэн бэ гэвэл би эргэлзэх зүйлгүйгээр Цэвээнжав гуайг нэрлэнэ. Харин түүний дараа яалт ч үгүй манай Цэрэнпагма орно. Миний “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүрийг яаж гайхалтай бүтээсэн билээ.

Цэвээнжав гуайн түүхтэй харьцуулаад би нэг зүйл хэлье. Хэдэн жилийн өмнө кино хийлээ. Драмын театрын залуу жүжигчнийг нэг дүрд тоглуулахаар авлаа. Өнөө залуугаа киноны группийн 20-иод хүн цуглуулж байгаад баахан хүлээлээ. Ирдэггүй шүү. Утасдаад байлаа, цаг гаруй хүлээлгээд ирдэг юм. Орж ирэнгүүтээ “Жийгээ найруулагч аа, би 5.30-д явна шүү” гэдэг юм. Зургандаа ороогүй, үгээ ч уншаагүй байж. “Хүү минь чи юу ярьж байна вэ” гэтэл би зургаан цагаас хүний хурим хөтлөх юм аа гэдэг байгаа. Залуучууд киноны зураг авалтад ерөөсөө ингэж ханддаг болчихож. “Чамаар миний кино дутахгүй” гээд би хөөгөөд явуулчихсан. Уран бүтээлдээ ингэж ханддаг учир үзэгчдэд үлдэх дүр гэж байхгүй байгаа юм.

Миний бие 2015 онд олон ангит телевизийн сериал гаргалаа. “Аймшигтай нүүдэл” нэртэй зургаан цагийн кино. Анх удаа хийж үзсэн телевизийн сериал байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 1975 онд “Хүний амь” кино хийж байсан. Цэрэндагва, Төмөрбаатар, Гүрбазар гээд миний шавь нар хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглоцгоосон. Тэр киноны 40 жилийн ой өнгөрсөн онд болсон. Шагдарсүрэнгийн Гүрбазар санал гаргаж 40 жилийн дараа нэг юм хийе гэж хэлсэн. 40 жилийн дараа тэр гурав хэн болов гэсэн санааг гаргасан. Өлзийхишигийн Нарангэрэл гавьяат, Гүрээ бид гурав яриад телевизийн сериалаа нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино болгоё гэж тохиролцсон. Сүүл үеийн бүтээл гэвэл энэ байх шив дээ.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …