Зураач Б.Болд: Кинонд тоглосон минь зураг төөрөг гэж боддог

“Монгол кино нэгтгэл”-ээр орж яваад “Өнөр бүл” киноны Довчинтой таардаг юм байна. Цэрмаа хэмээх залуухан эмэгтэйг эргүүлээд, амжилт ололгүй настай эмэгтэйг машиндаа дайж явах болсондоо бухимдан “Машин шатаачихав” хэмээн зандардаг эрийн дүрийг хүмүүс санаж байгаа биз ээ. Довчин бодит амьдрал дээр зураач хүн. Түүнийг “Монгол кино нэгтгэл”-ийн ерөнхий зураач Б.Болд гэдэг. Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгссөн зураач. Монгол кино нэгтгэл дэх түүний урланд “Анхны галт тэрэг шинэ өртөөн дээр” хэмээх уран зураг, Барон Унгерний хөрөг зургууд харагдана. Сумын наадам дээр хос мориор гангарсан хосуудын хөрөг харин Америкт суугаа хүү, бэрийнх нь гэнэ. “Адилхан болж уу” гэж зураач асуугаад фото зургийг нь үзүүллээ. “Адилхан болжээ” гэхэд маань “Хүү яах вэ, бэрийн зураг л өөрт нь таалагдвал боллоо” гэж Б.Болд гуай хэлсэн. Удахгүй хүн явахаар зургийг нь дайхаар зэхжээ.

хатан

Б.Болд “Суварган цэнхэр уулс”, “Бушхүүгийн үлгэр”, “Говийн зэрэглээ” зэрэг олон киноны ерөнхий зураачаар ажилласан. Киноны зургуудаас гадна хүний хөргийг фото гэж андуурмаар адилхан зурдаг юм билээ. Хөрөг зургуудаа баримтжуулж, гэрэл зургийн хальсанд буулгачихаж. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн гаанс зуусан хөрөг анхаарал татав.

-Г.Жигжидсүрэн Вася гэдэг муураа тэврээд сууж байгаа юм. Орос хэв маягтай хүн шүү дээ. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авч байх үеэс л хөргөө зуруулна гэж ярьсан юм. Ардын жүжигчин боллоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Сүүлдээ мань эр “Үхлээ, хөрөг зураг хаана байна” гэж ярьсан. Хөргийг нь хоёр жилийн өмнө л зурж өгөв үү дээ. Жийгээгийн цаана “Бага хонгор” гээд хайртай мориных нь зураг харагдаж байна. Өнжүүл хавийн Гүн галуутайн хүн шүү дээ. Ээжийнх нь хүрд, мөнгөн аягыг бас зурагтаа багтаасан. “Энэ хэдэн юмыг оруулаад өгөөрэй” гэж өөрөө хүссэн юм хэмээн Б.Болд гуай хуучилснаа Жийгээгийн хөгжилтэй түүхийг ярив. “Хилчидтэй уулзах үеэр “Дуулж өгөөч” гэж хүссэн юм. Мань эр солгой хоолойтой. Хөгийн юм дуулж дууслаа. “Ингэж дуулж байхаар учраа хэлээд уйлсан нь дээр” гэж би хэлсэн юм. Жийгээгээ санаад “Говийн зэрэглээ” киноны зураг авалтын үеэр Арсланд тоглосон Г.Доржсамбуу найруулагчид “Хоёр дууг нэг аяар дуулж чадах уу” гэсэн чинь “Чадалгүй яахав” гэсэн юм. Арслан “Янзаган зоотой шарга морийгоо янцгаахын бараанаар таньсан юм аа” гэж дуулж байснаа “Ийм сайхан эр хүнд эхнэр хаанаас мундах юм бэ” гээд дуусгадаг шүү дээ гэх мэтээр киноныхны хөгжилтэй түүх олныг хүүрнэсэн юм. Ингээд түүнтэй уран бүтээлийн тухай ярилцлаа.

Таны урлан дахь Барон Унгерний хөрөг үзэсгэлэнд оролцсон юм байна?

-В.И.Суриковын академи төгссөн зураачдын үзэсгэлэн гарсан юм. Тэдэн дотроо хамгийн ахмад нь би болсон байна. Үзэсгэлэнд манай академийг төгссөн олон зураач оролцлоо. Хамгийн анх Ц.Доржпалам, УГЗ Н.Чүлтэм гуай, Г.Одон гуай гээд мундаг томчууд төгссөн шүү дээ. Түүнээс хойш 30 жил гадны оюутан аваагүй. 1963 онд Монголоос оюутан авна гэсэн чинь азаар би багтсан юм. Энэ академи төгсөгчдийн хамгийн отгон нь Ө.Гандулам гээд СУИС-д график дизайны багш хийж байна. Ө.Гандулам жаахан оюутан охин шиг эмэгтэй ирж уулзсан юм. Хэд хоногийн дараа нэг оюутан хүүг дагуулаад ирсэн. “Дипломоо Богд хаант Монгол Улсаар хийгээд, Итали явах зорилготой байгаа. Та энэ хүүхдийн дипломын ажилд зөвлөгөө өгөөч гэсэн. Эскизийг нь үзээд, угсаатны зүй, зургийн зохиомжийн талаар өөрийн бодсон санаснаа хэллээ. Нөгөө хүү их гайхаж байна. “Ямар сонин юм бэ, яг манай багшийн хэлснийг та давтаж байна” гэсэн. “Хүү минь, тэгэлгүй яах вэ. Багш чинь сүүлд төгссөн оюутан, би бол гуч, дөчин жилийн өмнө төгссөн хүн. Оросын том академиуд, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль, манай зургийн сургууль консерватур эд нар заах аргаа өөрчилдөггүй. Сургах арга нь хэвээрээ хадгалагдаж байдаг юм даа” гэсэн юм.

Ингэхэд зураач хүн яагаад кинонд урвачихав?

-Кинонд орсон маань зураг төөрөг гэж боддог. Би Суриковын академийг 1969 онд төгссөн. Тэр үед “Сургуулиа төгсөөд хаана хэрэгтэй газар ажиллана” гэж гэрээ хийж явдаг байсан. Төгсч ирээд, Завхан аймагт гурван жил зураач, эрхлэгчээр ажиллаад, хотод хоёр жил ажиллаад, кино руу орсон. Биднийг оюутан байхад Мосфильмээс үе үе баахан автобустай хүмүүс ирнэ. Чанга яригчаар “Кинонд тоглоорой оюутнууд аа, арав арван рубль өгнө” гэж зарладаг. Арван рублиэр тэр үед их юм авна. Анх удаа Мосфильм үзээд гайхсан. Бүхэл бүтэн хот шиг ямар ч их юм байдаг гээч. Хамгийн анх Лениний ээжийн тухай “Верность матери” гэдэг кинонд оролцсон юм. Их л гоё хувцас хунар өмсөх юм байх гэж бодсон чинь тосгоны тариачин хүүхдийн нэвсгэр хар хөвөнтэй куртка, том хар эсгий гутал өгч байгаа юм. Лениний ээж нас барахад ази царайтай оюутнууд, узбекууд очиж байж л дээ. Манай сургуулийн зураач Иван Сальчак гээд Тувагийн зураачдын холбооны дарга байсан. Тэр бүр тодроод, том рольд тоглосон. Цаас хайчилчихсан хиймэл цас оруулаад, паркт өдөржингөө юм болсон. Ямар ч олон удаа зураг авдаг юм. Тэгж кинонд орж байлаа. Кино сэтгэлд нэгэнт орчихсон. Хөдөө зураачаа хийж байгаад хотод ирэнгүүтээ Улаанбаатар хотын Урчуудын эвлэлийн хорооны салбарт орж ажилласан. Хуримын ордны эскиз энэ тэр хийсэн. Хот тохижуулалтын тасагт ажилласан. Кино үйлдвэрт зургийн цех байгуулагдахаар давхиад орж ирсэн л дээ. Кинонд анх орж ирэхэд Б.Сумхүү найруулагч “Анхны хайрын дууль” кинонд хувцасны зураачаар яваач гэсэн. Тэр кинонд явж ирсний дараа бидний аварга гэдэг Д.Жигжид гуай “Хүний төлөө” кинонд сайн хувцасны зураач хэрэгтэй. Тэгээд зам чинь шулуун болно гэсэн. Тэр кинонд Д.Жигжид гуай хүүтэй маань хамт нэг жижиг хэсэгт оруулсан. Д.Жигжид гуай “Кинонд нүдэнд дассан улсууд биш шинэ хүнийг оруулж ирвэл зүгээр байдаг” гэдэг. “Хүний төлөө” кинон дээр гардаг хэсэг маань жаахан эвгүй дүр л дээ.

-“Өнөр бүл”-д яаж тоглосон юм бэ?

-“Говийн зэрэглээ” киноны зохиол бичих гээд найруулагч Б.Балжинням, Доржпалам гуай бид хэд Тэрэлжид очсон. Д.Жигжид гуай “Өнөр бүл” киноны зургаа авч байсан юм. Нэг жижиг хэсэгт хоёрдугаар ролийн жүжигчин хэрэгтэй болоход өвгөн Жийгээ “Болд тогло, машин барь” гэсэн. Би үнэнээ хэллээ. “Би машин барьж чадахгүй, ажилд чинь саад болно” гэв. Д.Жигжид гуай “Та нар сургууль соёлыг нь төгсчихөөд намайг боох гэж байна уу” гэж загнаад, Доржпалам гуай шахаад хоёр ланжгар найруулагчид алуулах шахаад яах ч арга байхгүй тоглож байж салсан. Жийгээгийн заавраар явсан. Дүр багаддаггүй. Киног жижиг шигтгээ чимдэг.

Та олон кинонд зураачаар ажиллажээ?

-“Хүний төлөө кинонд ажиллаад ирсэн чинь Г.Жигжидсүрэн найруулагч “Хөөрхөн кино байна, Болдоо. Энд ерөнхий зураачаар яв” гэсэн. Тэгээд 1978 онд “Суварган цэнхэр уулс”-д ерөнхий зураачаар явсан юм. Дараа нь кино тасраагүй дээ. Зураачдаас ялгаатай нь хослол зургийн аргыг мэднэ. Манай оператор, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Шаравдорж, Төмөр инженертэй хамт Хослол зургийн цехийг байгуулаад хоёр жил болж байсан юм. Хослол зураг гэдэг маань одоогийнхоор бол компьютер графикийн арга. Яагаад ч авч болохгүй юмыг хослол зургийн аргаар авна. Муугаар хэлбэл заль л даа. Арван цэргийг зуу болгоё гэвэл толиор олшруулдаг. Их нарийн харвал давтамж мэдэгдэнэ л дээ. Хослол зураг хамгийн их хэрэглэсэн кино “Бушхүүгийн үлгэр”. 1980 онд кино үйлдвэрийн павильон нээгдээд анх удаа циркийн морь гуйж дотор зураг авсан. Морьтой орж ирээд, хайрцаг бариад хаанд өргөдөг хэсэг шүү дээ. “Бушхүүгийн үлгэр”-т хослол зургийн зураачаар ажилласан. Уул нурж байгаа. Шуламс гарч ирж байгаа хэсгүүдтэй.

Ингэхэд шулмын дүрийг яаж бий болгосон юм бэ. Хийсвэр санаа юм уу?

-Ард түмэн маань баялаг үлгэр домогтой, “Зээрэн хошуутай, зэс шилбэтэй, тал үс нь цагаан, тал үс нь хар” гэх мэтчилэн дүрслэл байдаг. Зохиож болохгүй. Кино гэдэг бол нэгдүгээрт найруулга, харилцан яриа, юм. Монтаж бас киноны амин сүнст багтдаг.

Та хэр олон кинонд дүрээ үлдээсэн бэ?

-Зургаа, долоон жижиг хэсэгт орж байсан.

Довчин бодит амьдрал дээр ямар хүнтэй суусан бэ?

-Гэр бүлийн тухай нэг их яримааргүй байна. Миний хань хэвлэлийн мэргэжилтэй хүн байсан. Сэргэлэн цовоо, сайхан хүн байлаа. 2013 онд өөд болсон юм. Одоо ач хүүтэйгээ амьдардаг. Манайд ганц урлагийн хүн байдаг нь би. Бусад нь эмч, багш нар. Миний ээжийн ах зураач лам байсан. Би тэнэг маанаг болохоороо ахаасаа их юм сурч чадаагүй. Сургууль төгсөөд ирэхэд ах байж байсан. Бурхан зурдаг арга ажиллагаа, монгол зургийн нарийн арга ухааныг сурах ёстой байж гэж сүүлд амаа барьсан юм. Тэр өвгөн морь малыг ч гайхалтай зурдаг байжээ. Одоо ганц зураг нь үлдсэн. Манай том ах мэс засалч Гоош гэдэг хүн. “Мэс засалч хүн заавал гарын ур, сэтгэлийн ур, нүдний ур шаарддаг” гэдэг. Том ах маань зураг зурдаг байсан. Авьяас гэдэг бурханы өгөөж. Багш нар маань нөлөөтэй улсууд байсан. Ардын зураач О.Цэвэгжав манай сургуульд багшилдаг. Тэр багш нарын нүдэнд би өртсөн юм байна л даа. Энэ хүүхэд зураач болно гэдэг юм надаас олж харсан болов уу. Зургаараа шалгалтад тэнцсэн ч тоонд нойл байлаа. О.Цэвэгжав багш Дээд боловсролын улсын хороон дээр очоод “Зураг Монголд хөгжих ирээдүйтэй. Зураачдыг бэлтгэх ёстой. Ганц нэг зураачдыг шалгалтад оруулах гэсэн юм” гэж явсныг хожим сонссон. Дээр үеийн улсууд хүүхдийн хувь заяанд тэгж их анхаардаг байсан юм. Биднийг зургадугаар ангид байхад нэг ийм юм болсон. Цогт тайж кино Чойбалсан хороон дээр гарч эхэллээ. Үзэх гэтэл мөнгө байхгүй. Тухайн үед хоёр төгрөг гэдэг их мөнгө. Гуйлаа, оруулдаггүй. Арвис гэж миний сайн найз байсан юм. Сүүлд сайн зураач болсон доо. Тэр бид хоёр сахилгагүйтээд зарлалын самбарыг нь ураад хаячихсан. Хорооны цагдаа цоохор Дашдаваа гэж хүн биднийг барьж аваад, 200 төгрөг төлүүлнэ гэсэн. Сэтгэлд багтахгүй их мөнгө байлаа. Хоёулаа айж шалчийсан. “Ах аа, бид хоёр зургийг нь зураад өгье” гэсэн. Бид хоёрыг өрөвдсөн ч юм уу “За, та хоёр даавуугаа авчраад миний өрөөнд зур” гэлээ. Хоёулаа яаж ийж байгаад даавуу олоод, Цогт тайжийн дуулгатай гоё зургийг дуурайлгаж зурлаа. Тэгсэн чинь “Хүүш, та хоёр чинь ийм сайхан зурдаг байж яахаараа ингэж сахилгагүйтэж явдаг юм” гэсэн. Цогт тайжийн зургийг бид хуучнаас нь дээрдүүлж зурсан. Тэгээд “Үүнээс хойш ийм муухай хорлон сүйтгэх ажил хийж болохгүй. Харин түүний оронд зарлал бичиж өгөөд кино үзэж бай” гэсэн юм. Их баярласан. Тэр үед кино байнга солигдохгүй. Хэдхэн кино эргэлддэг байлаа. Олон хоног хүлээж байж шинэ кино ирнэ шүү дээ.

Кинонд үлдсэн залуу цагийн төрхөө үзэх дуртай юу?

-Би залуу насаа хардаг. Хамгийн сайхан нь тэр л байна. Одоо дал гарч байгаа хүн. “Хүний төлөө” кинонд дөнгөж гуч гаруй настай байсан. Цэл залуугийн зураг байгаа биз дээ.

Та ямар уран бүтээлдээ сэтгэл хангалуун байдаг вэ?

-Миний залуу нас киногоор туучлаа. Кино амар ажил биш. Сонирхолтой нь кино болгон өөрийн зохиол, бэлтгэх өнцөг, судлах юм ихтэй. Би бол “Суварган цэнхэр уулс”-даа хайртай байдаг. “Говийн зэрэглээ”-д хайртай. Их сонин кино болсон.1980 оны нэг орой сууж байсан чинь Б.Балжинням найруулагч орж ирлээ. Жаахан халамцуу. Талийгаач бид хоёр найз л даа. Тэр бол сэргэлэн цовоо, жигтэйхэн нийцтэй. Ид сайхан үе нь. “За Болдоо, чамд захиалга өгөх гэж байна. Их таалагдана. Одоо гүйгээд нэг шил архи авчир” гэсэн. Гүйж харайж байгаад нэг юм авчраад бушуухан зохиолоо үзлээ. Их хөөрхөн юм аа. Яагаад сонин гэхээр тэр кинонд гарч байгаа хүмүүс нь цагаан цайлган, сагсуу. Тэр Арсланг хар. Цагаан сайхан амьтан. Ангийн байцаагчийг хар. Сагсуу болохоос бас ажилдаа их үнэнч, цагаахан сагсуу. Цэвээнравдан өөрөө яг тийм хүн. Ерөөсөө л том хүүхэд. Доржсамбуу ч бас тийм. Хүүхэд шиг дороо гоморхоно, тунирхана. Гомдсон бол ил цагаан хэлнэ. Нэр нь ч Арслан. Арслантай футболк өмсөөд онгирч байдаг. Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэмбэрэл гуай энэ киног үзээд, нэрэн дээр л засвар хийсэн. “Сайн байна. Та нар хүмүүсийн сэтгэл дотор байгаа эвдрээгүй гоё төрхийг харуулсан, тэмүүлэлтэй шинэлэг бүтээл хийлээ” гэсэн. Эхлээд энэ кино “Холын зэрэглээн дунд” гэдэг нэртэй байсан юм. Сансар огторгуй бүх юм ойрхон болчихоод байхад та нар хол гэж болохгүй. Зүгээр л “Говийн зэрэглээн дунд” гээд нэр өгчих гэсэн юм.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …