Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв, Францын магистратурын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар зочилж байгаа Франц улсын хуульч Кристоф Раулттай Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг ярилцлаа.
Монгол Улсад гурван долоо хоногийн хугацаанд ажиллаж хуулийн тогтолцоог нь нилээд үзэж судаллаа ямар сэтгэгдэл төрөв.
Анх удаагаа Монголд ирсэндээ туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхий прокурор намайг хүлээж авахыг зөвшөөрсөнд их баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ хугацаанд хэд хэдэн дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэд намайг их сайхан хүлээж авснаас гадна прокурорын байгууллагын тохижилт нь үнэхээр их таалагдсан. Миний байсан хугацаанд Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар” болж энэхүү баяр хэрхэн болж өнгөрдөг, ямар зан заншилтай байдгийг мэдэж авлаа. Мөн хөдөө явж монгол гэрт зочилж, цагаан сар тэмдэглэсэндээ баяртай байна.
Хэдий хүйтэн цаг үе таарсан ч уул, ус нь үнэхээр сайхан юм. Энэ хүйтнийг тэсвэрлэх Монголчуудын онцлогтой танилцаж, дасан зохицож байлаа. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, Франц Улсын эрх зүйн тогтолцоо зарим талаараа адил, зарим талаараа ялгаатай зүйл байна. Франц улсад шүүгч, прокурорыг хамт бэлддэг ба шүүгчээр ч томилогдож болдог, прокуророор ч томилогдож болдог.
Монголд бол зөвхөн прокуророор томилж ажилуулдаг юм байна. Ер нь шүүгч, прокурор хоёрын зэрэг дэв, түвшин адилхан. Монголд бол шүүгч, прокурорын зэрэг, дэв өөр байдаг юм байна. Жишээлбэл: Шүүх хуралдаан дээр суух суудлын байрлал, мэтгэлцэж байгаа мэтгэлцээний хэлбэр өөр өөр байдаг юм байна.
Монгол Улсад прокурор болохын тулд сургууль төгсөөд 2 жил ажиллаж байгаад хуульчдийн холбооны шалгалт өгч шалгалтандаа тэнцвэл хуульчийн үнэмлэх авдаг журамтай. Францад харин ямар тогтолцоотой байдаг вэ?
Франц Улсад таны хэлснээс арай өөр системтэй. Их сургуулийн түвшинд 4-5 жил сураад одоо миний суралцаж байгаа Франц Улсын Магистратурын үндэсний сургуульд конкурс өгөөд элсэж орох бүрэн боломжтой. Амжилттай элсэж орсон сонсогч нарыг шүүгч, прокуророор бэлтгэн гаргадаг. Тиймээс манай сургууль бол зөвхөн шүүгч, прокурорыг бэлтгэн гаргадаг гэсэн үг юм. Дараагийн тодотгож хэлэх зүйл гэвэл Монгол улсад зайлшгүй 2 жил прокурор, шүүхийн байгууллагад туслахаар ажиллуулдаг юм байна.
Тэгвэл Франц Улсад сургуульдаа 4-5 жил сураад, конкурсаа амжилттай өгснөөр Магистрантурын сургуульд элсэн орох боломж бүрддэг. Ингээд Магистратурын сургуулиа төгссөнөөр шүүгч, прокуророор томилогдох боломж бүрддэг. Бид анх сургуульд орохдоо Францынхаа эрх зүйн тогтолцоо, шүүхийн системийг бүрэн гүйцэд таньж мэдээгүй байдаг. Тэгэхээр бидэнд сургалтын явцад шүүгч, прокуророор томилогдоод ажиллах, дасан зохицох, дадлагажих боломжийг сургууль олгодог бөгөөд сургалт нь онол, практик гэсэн хосолмол төрлөөр явагддаг.
Шүүгч, прокурор гэсэн мэргэжлийг нэг сургуульд ижил хугацаанд суралцаж төгсдөг юм байна. Харин ажлын талбар дээр гарахад зэрэг дэв цалин ямар байдаг вэ?
Шүүгч, прокурорын хувьд хийж байгаа ажлын чиг үүрэг нь өөр болохоос адилхан шүүх эрх мэдлийн түшмэдүүд, томилогдоод зэрэг дэв, цалин яг адилхан нэг түвшинд байдаг. Жишээлбэл: Миний тодотгож хэлэх зүйл бол анхан шатны шүүхийн удирдлагыг тухайн шүүхийн дэргэдэх Ерөнхий шүүгч юмуу шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурор хамтран удирддаг.
Шүүх хуралдаан явуулах зарчмыг би их ялгаатайгаар харж байгаа юм л даа. Монгол Улсад шүүх хуралд мэтгэлцээний зарчмаар явагддаг. Прокурор, яллагдагч, өмгөөлөгч нар Үндсэн хуулинд заасны дагуу тэгш эрхтэй байдаг. Харин Францад шүүгч, прокурор хоёр тэгш эрхтэй байдаг болохоор арай өөр тогтолцоотой юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
Франц Улсад шүүх, прокурор хэдий цалин мэргэжлийн түвшин тэнцүү боловч чиг үүрэг нь өөр. Жишээлбэл: Шүүгч шүүх хуралдааныг удирдах, шүүх хуралдаанд шийдвэр гаргах нь шүүхийн эрх юм. Гэхдээ шүүх хуралдааны өмнө Франц улсын прокурор Монгол улсын прокуророос арай илүү эрх мэдэлтэй байдаг.
Тэр нь альтернатив зарчмын хүрээнд прокурор хэргийг шийдвэрлэх өргөн боломжтой гэсэн үг юм. Мөн Франц Улс ардчилсан улс учир шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг үүднээсээ прокурор, шүүгч адил тэгш эрхтэй. Гэвч шүүгдэгч бол нэг л талын эрх ашиг юм. Прокурор нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа болохоор эрх ашгийн төлөөллийг адил тэнцүү тавьж үзэх боломжгүй талаараа ялгаатай байдаг.
Та Монгол Улсад 3 долоо хоног ажиллах хугацаанд нэлээд олон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн болон зарчмын ялгаатай зүйл нь юу байна?
Монгол Улсын прокурорын байгууллага болон түүний салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах явцад тухайн прокурорын ажиллаж байгаа орчин маш сайхан тохижилттой юм. Мөн 2 өөр эрх зүйн тогтолцооны ялгааг олж харлаа.
Түүнчлэн дүүргийн прокурорууд ихэд элэгсэг дотноор хүлээн аваад Францын эрх зүйн тогтолцооны талаар их зүйл асууж байсан. Ер нь Монгол хүмүүс их сайхан элэгсэг дотно хүмүүс юм.
Баярлалаа. Танд амжилт хүсье.