Сонгуульд санал өгөхөөсөө өмнө хуулийг нь харцгаая !

176829-04012016-1451873674-911725793-1-1-640x394Сонгуулийн давтамжит хугацаа болохын өмнө сонгуулийн хуулинд заавал өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон хэдий ч үүнийгээ нэг л нууж хайцаалсан, хулгаж сандарсан байдлаар хийдэг нь бас л хэвшил болж байна уу гэлтэй. Энэ 2016 онд явагдах УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ард олны санал онолыг сонсох, нийтээр хэлэлцүүлэхээс аль болох зайлсхийсээр, оны өмнөхөн гэнэтхэн их л яарч сандран батлав. Ийнхүү батлагдахаас өмнө нь бид сонгуулийн хуулийн алдаа мадагтай, онгорхой цоорхой зүйлсийн талаар тодорхой үндэслэл, баримт бүхий нийтлэл бэлтгэж олон нийтэд (өөрийн сонин болон үндэсний хэмжээний зарим сонин, цахим сайтуудаар) толилуулсан. Гэвч зөвхөн бидний төдийгүй олон түмний нийтээрээ олж харж, засаж залруулахыг санал болгосоор буй тэр зүйлүүдийн ихэнх нь засагдсангүй үлджээ.

Багаахан өөрчлөлт оруулан баталсан 2016 оны сонгуулийн хуулийн тухайд зайлшгүй хөндөж олны анхаарлыг хандуулвал зохих зөрчилтэй зүйлүүд (нийт сонгогчдын эрх, эрх чөлөөтэй зөрчилдсөн) цөөнгүй байгааг ажигласны улмаас олон нийт рүү хандаж, дахин улиглахаас тээршаахгүй байх нь зөв гэж үзэв.

Юуны өмнө эрх баригчид маань ард нийтээс хамгийн их шүүмжилж, хамгийн ихээр эсэргүүцэж байсан зүйлсийн нэг болох сонгуулийн тогтолцооны холимог хувилбар гэгчийгээ зориудаар хамгаалж үлдэв. Энэ нь УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос сонгож, үлдсэн 28 гишүүн нь намын жагсаалтаар УИХ-д орж ирдэг хувилбар. Ийнхүү намын жагсаатаар, ард түмний хүсэл зоригоос гадуур сонголт явуулахыг эсэргүүцэхээс гадна зөвхөн улс төрийн нам буюу “ашиг хонжооны бүлэглэлүүд”-ээс нэр дэвшүүлэхээр хуульчилсныг халах өөрчлөх тухай саналууд олноор гарч, ард нийтээрээ улс төрийн намуудад нэгэнт итгэл алдарсан гэдгээ илэрхийлсээр байтал үүнийг тусган авч, эрэл хайгуул хийхийн оронд харин ч бүр шинээр нам эвсэл бий болох боломжгүй болгох арга хэмжээ авч, “сонгуульд нэр дэвшүүлэх нам эвсэл сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө бүртгэгдсэн байх ёстой” хэмээн хуульчилж, иргэдийнхээ хүсэл зоригийг нухчин дарах маягаар ажилласан нь тоогүй.

Үнэндээ бол дээрх нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн үндсэн хуулийн заалтыг үл ойшоож байгаа хэрэг болов.

За тэгээд шинээр батлагдсан хуулинд /13.1/ “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй” /13.3/ “Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно” гэх мэт заалтууд байгаа нь уг  хуулийнхаа 11.7-д тусгагдсан “дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалттайгаа зөрчилдөж байгаагаас гадна.мөн л үндсэн хуулийн дээрх заалтыг үгүйсгэж байна гэж үзэхээс аргагүй. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг эрх мэдэл олж авсан цөөн буйр хэсэг л эзэмшинэ бусдад нь хамаагүй гэж үзэх нь утгагүй зүйл юм. Тэрчлэн эрх мэдлийг ямар аргаар /ямаршуухан хуулийг ашиглаж/ олж авсан бэ гэдэгт хамаг учир бий.

Аливаа зүйлийг хуульчилахад үндэслэл гаргалгаа нь төгс, ээдрээ будилаангүй, үндсэн хууль болон аливаа бусад хуулийн заалтуудтай зөрчилдөж, өөр нэг хуулиар үгүйсгэгдэхээргүй, эсвэл, өөр нэг хуулийн заалтыг тухайн заалтаараа үгүйсгэхгүй байх нь зохистойгоос гадна амьдралаар шалгагдсан байх нь тун чухал гэж бодно. Үүнтэй холбогдуулаад бид өмнө нь ч хөндөж байсан тодорхой асуудлуудыг авч үзье.

Нэгд: Сонгуулийн хуулинд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон” мөрт улс төрийн албан хаагч хэмээгдэх албан тушаалтнуудын эрх дархыг чөлөөтэй тавьсан байдаг нь зохисгүй санагддаг. 2016 оны сонгуулийн хуулинд ч үүнийгээ хадгалж, хуулийн 70.4-т “төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно”, 70.3-т.”сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно”, 70.5.12-т “сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заажээ. Бас энэ хуулийн 154.4-т “төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн байна. .

Гэтэл үнэн хэрэг дээрээ бол төрийн албаны төсөв хөрөнгө, мэдээ мэдээлэл, хүн хүч, боловсон хүчин, техник хэрэгсэл бусад боломжууд болон элдэв зүйлсийг эрх мэдэлдээ дулдуйдан сонгуульд хамгийн ихээр завшиж ашиглах, урвуулан ашиглах боломжтой, амьдрал дээр энэ нь алхам тутамд хэрэгжиж ирсэн этгээдүүд бол яах аргагүй улс төрийн албан хаагч буюу албан тушаалтнууд. Уул нь үнэхээр шударгуу хандаж, зохицуулалт хийе гэж байгаа бол юуны түрүүнд улс төрийн албан хаагч гэгдэх “эрх мэдэлтнүүд”-ийн сонгуулийг өөрийн хүсэл зоригт ашиглах боломжыг нь хязгаарлах, /сурталчилгаанд оролцохгүй байх, ажлаас чөлөөлөгдөх/ зэргийг нь авч үзэх ёстой баймаар.

Хоёрт: “Сонгуульд олонхи суудал авсан нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын их хурлаас байгуулах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно” гэсэн заалтын үр өгөөж ирэхгүй байгааг амьдрал хангалттай харуулсан. Ер нь бол намын мөрийн хөтөлбөр гэдэг нь үндэслэл, тооцоо, судалгаа их муутай зөвхөн сонгуульд ялахын тулд л хөтөлбөр хийдэг юм байна гэдгийг одоо бүгд мэддэг болсон байх. 2012 оны болон түүний өмнөх сонгуульд оролцсон намуудын хөтөлбөр хийгээд хэрэгжилтийн байдлыг бодитоор үнэлэн, харьцуулах замаар үүнийг хангалттай нотолж баталж болно.

Гуравт: Ирэх сонгуулийн хуулинд /50.1/ Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна, /50.1.1/ иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, /50.1.2/ хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл” гэсэн заалт бий.

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэж “ байх үед энэ нь “хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэл төгрөгийн хандив өргөж болно” гэсэн хувилбараар явж байв. 2011 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн, 2012 оны сонгуулийн хуулинд үүнийг /39.1/ “Нам эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүн нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно” гэж заасан байв. Нэмэлт өөрчлөлт хийгдэх бүрд нэр дэвшигч болон улс төрийн намуудын авах хандивын хэмжээ, хязгаарыг хоёроос гурав дахин өсгөн нэмэгдүүлж байгаа нь тун зохисгүй зүйл. Яг үнэндээ бол сонгуульд тийм их зардал гаргах шаардлагагүй шүү дээ. Амьдрал дээр нам болон нэр дэвшигчдийн сонгуульд цацаж байгаа мөнгөний ихэнх хэсэг нь сонгогчдын тархи угаах, “худлыг үнэн болгож эргүүлэхэд” чиглэгдсэн суртал ухуулга, сонгогчдыг “хууран дагуулах” зүйлд л зарцуулагддаг.

2016 онд улсын эдийн засаг сайжирч, ард олны амжиргааны түвшин илэрхий дээрдэхгүй нь тодорхой харагдаж байгаа  Ийм тарчиг, хэцүү үеийг далимдуулан, арай мөнгөтэй чинээлэг хэсэг нь нам болон нэр дэвшигчдэд өрсөж хандив өргөөд, түүнийхээ хариуг хүртэх боломжийг хуульчилж өгч байна гэхээс аргагүй. Өнөөдөр дээрээ ч доороо ч ялгаагүй зарим нөхдийн амьдрах, ахиж дэвших арга зам нь ийнхүү улс төрийн нам эвсэл болон эрх мэдэлтнүүдэд тал олох, дагаж намирах “авъяас, чадвар” болчихоод байгаа нь бодит үзэгдэл.

Дөрөвт: 2011 онд эл сэдвээр толилуулж байсан нийтлэлээс дахин эш татья. 

“….2011 оны 11 сард явагдсан МАН-ынхны “Ард түмнээ сонсье аян”-ы үеэр тэр үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “….сонгуулийг авилгадаж хийдэг, өөрөөр хэлбэл сонгогчдод мөнгө, эд зүйл өгөх бэлэглэх, ивээн тэтгэх, элдэв үзүүлбэр тоглолт арга хэмжээгээр сэтгэл санааг нь хууран дагуулах гэх мэт зүсэн зүйлийн мэх хэрэглэн санал авдаг нь бодит үзэгдэл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын тогтолцоо ард түмний хүсэл зоригт, улс орны зүй ёсны нийтлэг эрх ашигт нийцэхгүй байгаа нь үнэн. УИХ-ын суудалд сууж буй гишүүдийн төлөөлөл нийт сонгогчдынхоо төлөөллийг бүрэн хангаж чадахгүй харин цөөн бүлгийн эрх ашгийн нэгдэл болсон УИХ ажиллаж байна гэдэгтэй санал нийлнэ. Зөвхөн улс төрийн намуудын эрх ашгийн илэрхийлэл мэт харагдаж буйн улмаас иргэд олон түмэн маань УИХ-тай тэрсэлдэх хандлага бий болчихоод байна. Иймээс сонгуулийн хууль болон үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлэх бодолтой байна” гэж хэлж байж. Гэтэл энэ гажуудал засагдсангүй, одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл өмнөх болон одоогийн хуулийн өөрчлөлтүүд уг асуудлыг шийдэж чадаагүй цоорхойтой үлдсэн. .

Тухайлбал “сонгуулийн жилийн нэг сарын нэгнээс эхлэн сонгогчдыг эд мөнгө, болон бусад аливаа хэлбэрээр татахад чиглэгдсэн санаа сэдэж, үйлдэл хийхийг хориглоно” гэсэн заалт байгаа ч бусад үед нь ийм арга ажиллагааг зохион байгуулах нь нээлттэй байгаа. Хуулийн энэ цоорхойг ашиглаад өнгөрсөн хугацаанд нэр дэвшихийг санаархагчдын зүгээс ямар үйл ажиллагаа явагдсаныг, эдгээр нь 2015 оны сүүлийн хагас болон эцсээр яаж эрчимжсэнийг ч мөн сануулах зорилгоор бид өмнө нь тодорхой дурьдсан.

Тавд: Улс төрийн намуудын нэр дэвшигчдийг сонгож дэвшүүлэх арга зам нь мөнгөн дээр суурилдаг асуудал !. Үүнтэй холбогдуулаад мөн л 2011 онд толилуулж байсан нийтлэлээс эшлэл авъя.  “….2008 оны сонгуульд МАН болон АН-ууд УИХ-д нэр дэвших гишүүнээсээ тавь, зуун сая төгрөг хурааж авсан гэдэг. Бусад намуудын хувьд ч ийм жишиг адилхан үйлчилдэг. АН-ын дарга Н.Алтанхуяг  хэвлэлээр энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ “…энэ тийм шинэ зүйл биш 2003 оноос эхэлж манай намын дүрмэнд орсон. 2004, 2008 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс бүгд татвараа төлсөн. Үүнийг намын ажилд зарцуулдаг. Буруу гэж бодохгүй байна. Харин ч Засаг барьж байна гээд компаниас хэдэн төгрөг авч, буцаагаад тендерээр өгдөгөөс хамаагүй эрүүл, ил тод зүйл хэмээжээ. Мань хүн өөрсдийнхөө зөв болгох гэж хэт улайрсны улмаас долоон булчирхайгаа тоочиж, “зүүдээ ярих гээд хулгайгаа” гэдэг болов бололтой. Өөрөөр хэлбэл “урьд нь бид компаниас хандив нэрээр мөнгө аваад эрх мэдлээ ашиглаж, тендер авч өгч хариуг нь барьдаг байсан. Харин одоо бол нэр дэвшигчдээсээ өөрсдийнх нь нэрээр хандив, /татвар/ авч байна. Би буруу гэж бодохгүй байна” хэмээжээ. Гэхдээ энэ чинь ав адилхан зүйл гэдгийг мань хүн мэдсэн ч ард олныг мулгуу гэж бодсон, эсвэл ингээд хэлчихвэл хууртаад өнгөрнө гэж бодсон бололтой. Нэр дэвшигчээсээ мөнгө авчихсан намын дарга эргээд тэр хүндээ хариу барихгүй өөрийнх нь хэлсэнчилэн “эрүүл, ил тод” царайлаад сууна гэдэг хэр үнэмшилтэй вэ?”  Зөвхөн их мөнгөтэй хүн л нэр дэвшиж болно, мөнгө өгч чадахгүй боль хохь чинь гэдэг энэ зарчим нөгөө үндсэн хуулиас эхлээд юм болгон дээр байдаг “….гарал үүсэл, шашин шүтлэг, хэл, нийгмийн байдал, арьсны өнгө, хөрөнгө чинээ, баян ядуугаар ялгаварлаж үл болно” хэмээх тунхагийг зөрчөөд байгаагаас гадна, эрх барьсан намын энэ ялгаварлал төр Засгийн бүрэлдэхүүнийг юу болгож хувиргасныг бид өмнөх нийтлэлээрээ бас сануулсан билээ.   

Харин одоо улс төрийн намуудын хууль дүрэмд энэхүү хандив мөнгөний асуудлыг хязгаарласан заалтыг оруулах зайлшгүй шаардлагатай!

Цаашилбал 2016 оны сонгуулийн хуулинд сонгуулийг зохион байгуулж явуулах байгууллагын (сонгуулийн хороо, хэсэг) бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ тэдгээрийн /сонгуулийн байгууллагад ажиллах хүмүүсийн/ нам эвслийн харьялалын тэнцвэртэй байдал, олон нийтийг төлөөлж чадах чадамжийн тухай тусгаагүй байна !/ Өөрөөр хэлбэл эрх барьж байгаа ч юм уу, ямар нэг байдлаар давуу байдал олж авсан талын тэрхүү давуу байдлаа ашиглах боломжийг нь зориудаар олгож байна уу гэлтэй. Эдгээрээс гадна хүн ойлгоход хэцүү, ядуухан үг найруулгатай заалтууд ч байх юм. Жишээлэхэд хуулийн /38.1/ Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан  гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална  гэснийг хүмүүс уншиж ойлгоход төвөгтэй. Үүнийг арай өөрөөр “Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Улсын их хурлаар хэлэлцэн батлахдаа сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэнэ. Зардлын хэмжээг тогтоохдоо сонгуулийн нутаг дэвсгэр болон хүн амын тооны харьцаанаас хамааруулна” гэж найруулвал зохистой баймаар санагдана.

Мөн /125.6/ “нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно” гэсэн нь иргэд олон түмнээ улс төрийн намуудын үзэл санааны хуваагдлаар хувааж, ангилах, сөргөлдөх талцах байдлыг даамжруулах гэсэн зориудын бодлого юм уу даа гэж ажиглагдахаар.

Уул нь бол аливаад дээдсээс уламжлалт “авах гээхийн ухаан”-аар хандаж, ямар ч нам, эвсэл байлаа гэсэн үнэн бодитой, зөв зүйтэй, ирээдүйтэй зүйлийг нь дэмжиж, дутагдалтай, буруу бусармагийг нь хаяж, гээх замаар, “намын хайрцаглал”-д орж талцаж хуваагдахгүйгээр чөлөөтэй сэтгэж, улс орныхоо, өөрсдийнхөө ирээдүйн төлөө тэмүүлэх тэр боломжийг нь л баталгаажуулж өгмөөр.

Тэгээд ч сүүлийн жилүүдэд улс төрийн нам нэртнүүдийн хуваагдал, талцлын нөлөө сүүдэр Монголчуудын ухамсар сэтгэхүйг хэрхэн доройтуулж байгааг бид бүгдээрээ яс махаараа “амсаж, амтлаж” байгаа биш гэж үү?

Г.Төрмөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …