ОУСБХ-ноос зохион байгуулсан 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотод 2013.05.15-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монгол улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо. БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны 6-р сард болсон Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг тамирчид энэ удаагийн ФИБА 3х3 тэмцээнд явсан юм байна.
Багийн бүрэлдэхүүнд: Б.Алтанзаяа -1987 оны 1 сарын 26ны өдөр төрсөн. Биеийн өндөр 178 см. Азийн элсний наадмын 3×3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан туршлагатай. Монгол улсын шигшээ багийн тамирчин. ХҮДС-ын шигшээ багаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн. УАШТ болон бусад тэмцээнээс алт мөнгөн медаль хүртэж байсан манай улсын шилдэг эмэгтэй сагсчдын нэг юм. Д. Ганзул- 1988 оны 2 сарын 7 ны өдөр төрсөн. Биеийн өндөр 169 см. Азийн элсний наадмын 3×3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан. Монгол улсын шигшээ багийн гол тоглогчдын нэг. Ж.Иштуяа-1991 оны 4 сарын 3ны өдөр төрсөн. Биеийн өндөр 172см. 1, Өмнө нь болж байсан Азийн элсний наадмын 3×3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан.
МУ эмэгтэй шигшээ багийн тамирчин. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Тэрээр ШУТИС-н харъяалалтай. УАШТ-с алт мөнгөн хүрэл медальтай мөн л шилдэг залуу авяаслаг тоглогч юм. Б.Солонго- 1990 оны 2 сарын 6нд төрсөн. Биеийн өндөр 180см. Манай багийн хамгийн нуруулаг тоглогч төдийгүй өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Сагсан бөмбөгийн спортын гараагаа өсвөр насандаа 3-р сургуулиас эхлүүлсэн. Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч Д.Энэбиш ажиллажээ. Тэмцээнд нийтдээ эмэгтэй 9 баг “А”, “В” гэсэн 2 хэсэгт хуваагдан оролцсон.
Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсэгт Энэтхэг, Леван, Непалын багуудтай таараад байсан. Хэсэгтээ нийт 3 тоглолт хийхдээ Леван болон Непалийн багийг тус бүр 14-6 харьцаатай хожсноор 2 хожил 1 хожигдолтойгоор 1/4 шигшээд шалгарчээ. Энэ шатанд манай эмэгтэй баг Шри-ланктай оноолт тааран нэлээд хүнд тоглолт хийсний эцэст 5 онооны зөрүүтэй буюу 18-13ийн харьцаатай хожсноор хагас шигшээд шалгарсан байна. Шилдэг 4 багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд хүчирхэг Туркменитсаны багийг ялснаар Монгол улсын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд шалгарсан юм. Аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдснаар мөнгөн медаль хүртжээ. Төрийн далбаагаа Катарын тэнгэрт мандуулж түүхэн амжилт үзүүлсэн эмэгтэй баг тамирчдадаа баяр хүргэе.