XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж нар үзүүр түрүү булаалдсан юм.Улмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж учраа бөхөө өвдөг шороодуулж түрүүлсэн билээ. Улсын харцага Ц.Содномдоржтой ярилцсанаа хүргэе. Ц.Содномдорж 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн бөгөөд түүнийг бөх сонирхогчид уран барилдаантай, биеийн галбир сайхантай бөхчүүдийн нэг хэмээн ихэд хүндэлдэг билээ.
-Таны хувьд сар шинийн барилдаанд түрүүлж, гал бичин жилийг үнэхээр өнгөтэй угтаж байна шүү?
-Тэглээ. Гал бичин жилийн босгон дээрх сар шинийн барилдаанд түрүүлсэндээ бэлгэшээж байна. Монголын ард түмэндээ ирж буй гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан амгалан байхын ерөөл дэвшүүлье.
-Та Цагаан сарын барилдаанд хэд дэх жилдээ зодоглож байна вэ?
-Ес дэх удаагаа сар шинийн барилдаанд зодоглож байна.
-Өмнөх жилүүдэд хэр амжилттай барилдаж байв?
-2012 оны Цагаан сарын барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан юм байна.
-Монголчууд Цагаан сарын барилдааны өнгөөр үндэсний их баяр наадмын өнгийг шинждэг. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх наадамд өнгөлөх магадлалтай хэмээн бэлгэшээдэг. Таны бэлтгэл ч их сайн байгаа харагдсан?
-Гал бичин жилийн барилдаанд Сэлэнгэ аймгийн харьяат Г.Эрхэмбаяр аваргатай үзүүр түрүүнд үлдэж сайхан барилдлаа. Аваргыг давж түрүүлсэндээ их бэлгэшээж байна. Энэ жилдээ өнгөтэй сайхан байх болов уу гэж бодож байна. Цаашдаа ч энэ өнгөө алдахгүй барилдаануудад зодоглоод явна даа. Тэрнээс би Цагаан сарын барилдаанд түрүүлсэн юм чинь наадмын барилдаанд түрүүлнэ гэж эрт цээжээ дэлдэж болохгүй. Төрийн их баяр наадмаар хэн бэлтгэл сайтай, хэн одтой байна тэр аавын хүү л түрүүлнэ шүү дээ.
-Г.Эрхэмбаяр аваргатай сар шинийн барилдаанд таарч байсан удаа бий юу?
-Г.Эрхэмбаяр аваргатай олон удаа таарч барилдаж байсан. Яг цагаан сарын барилдаанд таарч байгаагүй.
-Бөхчүүд сар шинийн барилдаанд ач холбогдол өгч хөдөө тусгайлан бэлтгэлд гардаг. Таны хувьд бэлтгэлээ хаана базаав?
-Энэ жил хөдөө бэлтгэлд гарч чадсангүй. Хотод л бэлтгэлээ базаалаа.
-Шөвгийн дөрөвт улсын начин Т.Баасанхүүтэй нэлээд ширүүн барилдаан хийсэн. Т.Баасанхүү начин таны хөл рүү хавсарч, бараг л өшиглөөд авна лээ. Та уурласан бололтой их дайрсан, шийдэмгий барилдаан гаргаж харагдсан?
-Яахав дээ. Барилдааны үеэр бөхчүүд бидний хооронд тиймэрхүү юм байж л байдаг. Т.Баасанхүү санаатай тэгсэн үйлдэл бол биш байх. Барилдааны явцад тиймэрхүү шатаж барилдах тохиолдол бишгүй л бий. Барилдааны дараа, эсвэл дараа дараачийн барилдаан болоход мартагдчихдаг л зүйл.
-Таныг хүүхэд байхад танайх сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байв уу. Дурсамжаасаа хуваалцаач?
-Эрт дээр үеэс өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ сайхан баярыг монголчууд их дээдэлж тэмдэглэдэг. Манай гэр бүлийнхэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг байсан. Хүүхэд байхдаа айл хөршийн багачуудтай нийлж суугаад шагай тоглоно. Морь уралдана. Миний бага нас Тосонцэнгэлд л үлдсэн дээ. Хөдөө нутаг ямар билээ бусад хүүхдийн л адил мал хуй хариулж өссөн. Анх 2002 оноос бөхийн спортоор хичээллэсэн. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Мөнхсүх гэж хүнтэй багш шавийн барилдлагатай болж байлаа.
-Хүүхэд байхдаа сар шинийн барилдааныг шимтэн үздэг байсан биз?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхдаа цагаан сар, наадмын барилдааныг их үзнэ.
-Аль бөхийг дэмждэг байв?
-Намайг хүүхэд байхад зургаан залуу заан ид гарч ирж байсан үе. Шижигнэсэн сайхан зургаан зааны барилдааныг тэсч ядан хүлээж үздэг байлаа ш дээ. Хүүхэд л болсон хойно энэ ах нар шиг ийм сайхан бөх болохсон гэж дотроо битүүхэн мөрөөснө. Харин өнөөдөр шимтэн үздэг барилдаандаа өөрөө зодоглож түрүүлэн, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд явж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав. Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байсан хүүхэд хожим өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлсөн ч үгүй.
-Та сар шинийг хэрхэн тэмдэглэв?
-Би өглөө зүг чигээ гаргаж, нар харчихаад аав, ээждээ очиж золгодог. Болж өгвөл Хөвсгөл нутаг, тэр дундаа төрсөн нутагтаа очиж уул, усандаа залбирч мөргөөд, тайгаар явж сайхан амраад ирэхийг боддог.
-Аав, ээж тань хотод өвөлжиж байна уу?
-Миний аав Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Харин манай ээж Төв аймгийн Алтанбулаг сумынх. Одоо хоёр буурал маань хотод амьдарч байгаа. Энэ жил сар шинийн барилдааны түрүү хүртэж, эцэг эх, гэр бүлийнхнээ баярлууллаа.
-Та аймгийнхаа наадамд хоёр жил дараалан түрүүлсэн байх аа?
-Тэгсэн. 2006 онд төрсөн нутаг Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн. Хойтон жил нь Хөвсгөл аймгийнхаа наадамд дахин түрүүлж Хурц чимэг хүртсэн.
-Аймгийн цолноос улсын цол хүртэнэ гэдэг залуу бөхчүүдийн хувьд амаргүй даваа. Харин таны хувьд ердөө хоёр жилийн дараа Монгол Улсын начин цолыг хүртсэн байдаг. Ер нь амжилтыг тань хараад байхад хоёр, хоёр жилийн үечлэлтэй харагддаг шүү?
-Төрүүлж өсгөсөн эцэг эх, нутаг ус, бөхөд хөтөлсөн ах дүү нарын л буян. 2009 онд Үндэсний их баяр наадмын тавын даваанд Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй улсын начин байх үед тунан барилдаад давж, Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрч байлаа. Улсын цолонд хүрнэ гэдэг залуу бөхчүүдийн туйлын хүсэл мөрөөдөл байдаг. Их ч баярлаж билээ. Харин хоёр жилийн дараа 2011 онд улсын наадамд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн. Монгол Улсын заан Б.Батмөнхөөр зургаа давж, харцага цолны болзол хангасан юм.Үүнээс хойш наадам бүрт л цолоо ахиулах зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Өнгөрч буй хонь жилд цол ахиулах боломжоо атгаад алдсан шүү. Бөх сонирхогчид ялангуяа Ц.Содномдоржийн уран барилдааныг үзэх дуртай үзэгчдийн хувьд шүүрс алдаад өнгөрсөн дөө?
-Миний хувьд төрийн их баяр наадамд гурван удаа шөвгөрсөн. Өнгөрсөн наадамд зургаа давж цолоо баталлаа. Сайхан л амжилт.
-Өнгөрч буй хонин жилд чамгүй сайхан амжилт гаргалаа. Сар шинийн өмнөхөн чансаа өндөртэй найман бөхийн дөрөвт бичигдсэн?
-Ер нь нэг их барилдаан алгасаагүй шүү. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд болсон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд би түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат “Алдар” спорт хорооны тамирчин, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэсэн. Миний хувьд өнгөрсөн жилийн барилдаан болгонд зодоглоод явсан. Ирж буй гал бичин жилд ч гэсэн амжилтаар дүүрэн сайхан жил байх болов уу.