Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэж буйгаа өнөөдөр олон нийтэд зарлаж, цаг товлосон ч түр хойшилжээ.
Төрийн наадам 20 настайдаа улсын цолтны гэр бүлд багтаж, 2005 онд улсын заан, 2007 онд улсын арслан цол хүртсэн түүнийг яагаад ийм шийдвэр гаргах болсныг хэвлэлийнхэн янз бүрээр бичиж байна. Гэхдээ байж болох таамаг бол МҮБХ-ны тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой 2012 онд хийсэн маргаанаас нь үүссэн болов уу. Р.Нямдорж түүнийг 2012 оны улсын баяр наадамд зодоглохдоо дошингийн шинжилгээгээр хориотой бэлдмэл хэрэглэсэн гэсэн бол Х.Мөнхбаатар өөдөөс нь “2007 оны улсын баяр наадмын долоогийн даваа эхлэхийн өмнө та “Миний хүү Ганбаатарыг заан цолонд хүргээд өгөөч, би чамд 70 сая төгрөг өгье” гэсэн биз дээ. Би худлаа барилдахыг хүсээгүй учраас үнэнээрээ барилдаж түрүүлсэн. Түүнээс хойш та намайг маш их хавчдаг болсон” гэсэн юм.
Түүний дараа Р.Нямдорж шүүхэд хандаж, нэр хүндээ сэргээлгэнэ гэсэн ч одоо болтол нам гүм хэвээр байна. Иймд Х.Мөнхбаатар хэвлэлийнхэнд тун удахгүй зодог тайлах тухайгаа мэдэгдэхээс гадна Р.Нямдоржийн найраа хийх гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй үгээ ч дахин сөхөхөө нутгийн бөхчүүдээс нь сонсогдлоо.