Засгийн Газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг боловсруулж дуусах шатандаа орсон байна. Журамд ямар шалгуур тусгаад байгаа талаар БХБЯ-ны эх сурвалжаас тодруулахад:
– 21 нас хүрсэн,
– тогтмол орлоготой,
– нийгмийн даатгалын шимтгэл төлдөг,
– тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаагаар амьдарсан,
– төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байх
зэрэг шаардлагуудыг тусгасан гэлээ.
Түүнчлэн эхний удаад 3 сарын түрээсийн төлбөрөө ТОСК-ийн дансанд байршуулах шаардлага тавих гэнэ. Түрээслүүлэх орон сууцны хувьд 30-50 м.кв талбай бүхий 1-2 өрөө байхаар тусгажээ. Түрээсийн нэг сарын төлбөр нь нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.
Хаана, хэдэн айлын орон сууц түрээслүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулъя.
– Улаанбаатар 350 айл
– Архангай 120 айл
– Сэлэнгэ Зүүн-Хараа 90 айл
– Хэнтий Бор-Өндөр 16 айл
– Хэнтий 96 айл
– Дархан 83 айл
– Ховд 96 айл
– Увс 84 айл
Эхний ээлжинд дээр дурдсан тооны орон сууцыг түрээсийн орон сууцанд хамруулах аж.
“Монгол Улсын хэмжээнд 35 хүртэлх насны залуу гэр бүл 66.000 байдгаас 22.000 нь орон сууцтай, үлдсэн 44.000 нь орон сууцгүй. 2013 оны байдлаар 17.800 өрх, 2014 оны судалгаагаар 22 мянган өрх, 2015 оны байдлаар 27-28 мянган өрх түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай судалгаа бий”гэж БХБЯ-ны албан тушаалтан сонирхуулсан юм.
Иргэд түрээсийн орон сууцанд амьдрах хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөхийн хажуугаар ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаагаа бүрдүүлэхийн тулд сар бүр тодорхой хэмжээний мөнгийг тусгай дансанд төвлөрүүлснээр өөрийн гэсэн байртай болох боломжийг олгохоор төлөвлөж байгаа аж.
Түрээсийн орон сууцны журмыг салбарын сайд батлах ёстой. Журам батлагдсаны дараа иргэд ТОСК-д хандан шалгуур хангаж байгаа эсэхээ судлуулах шаардлагатай юм. Эх сурвалжийн хэлснээр 3-р сараас эхлэн иргэд түрээсийн орон сууцанд орох боломж бүрдэх бололтой