Монголын улс төр, эдийн засгийн хүнд байдал нь ард иргэдийг сөхрүүлж, цөхрүүлж буй.
Цөөхүүлээ байж намчирхан тал талдаа харж суугаа эрх баригчдын солионы үе ч ойртож байна. Гадна дотныхны архаарлыг татсан улс төрийн энэхүү тогтворгүй байдалыг ашиглах гэсэн хүн ч олон гарах бололтой. Удахгүй болох УИХ-ын сонгуулийн ээлжит жүжгүүд хэдийн тавигдаад эхэлчихсэн байна. Ард иргэдээ нүд, чихгүй мэт басан доромжилсон сонголтууд ч сүүлийн үед ар араасаа цувах болж. Манайхан талцаж хуваагдаад юм хийдэггүй хэдэн намаас илүүтэй бие даагчдыг сонгох гэсэн хандлагыг нь отогчид олшрох боллоо. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Аварга А.Сүхбат, дуучин Нара нар бие даан нэр дэвшинэ гэдгээ заралсан нь олон нийтийн ярианы сэдэв болж байв. Дуучин Нарагийн хувьд хийж бүтээсэн уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа олны танил болоод амжсан нэгэн. Тэрбээр сүүлийн үед улс төрчдийн гаргаж буй шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандаж, энэ тухайгаа фэйсбүүкийн найзуудтайгаа ч илэн далангүй хуваалцдаг болсон гэх юм. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд гаднаас өндөр үнэтэй дуучин авч ирж дуулуулах тухай яриа гарахад хамгийн түрүүнд наадмын нээлтэд үнэгүй дуулаад өгье хэмээн сэтгэгдлээ бичсэн нь олон хүнд таалагдсан аж.
Тэгвэл энэ удаад тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг талцуулсан хошин ярианы эзэн болоод авав. Альваа зүйл хоёр талтай байдаг шиг Нараг УИХ-д нэр дэвшихэд дэмжих хүн ч цөөнгүй байгаа бололтой. Тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нартай өрсөлдөж таарах нь. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нара хоёрыг харьцуулсан дүгнэлт гаргасан аж. Гэтэл Баянгол дүүрэгт хийх мөрийн хөтөлбөрөө ч мэдэхгүй яваа дуучин маань төрийн ордоныг соёлын ордон болгон андуурсан бололтой гэх хүн олон байсан гэнэ. Ямартай ч өөрийгөө хийсэн нүгэл багатай тул би хаан ч хэнтэй ч өрсөлдөж гарч ирэх боломж бий гэдгээ дуучин Нара олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Хэн дуртай нэгэн Монголын төр барилцах гэсэн түрэмгийн шийдвэр нь сонгуулийн тухай хуулийн сул заалттай ч холбоотой байж болох юм.