Өнөө жил Их хурлын ээлжит сонгуультай. Хорин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн ял шийтгэлгүй л бол сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй бий. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд “Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Хуулийнхаа дагуу хэн дуртай нь нэр дэвшиж таарна. Аливаа жагсаал цуглааны үнэр анддаггүй эх оронч хийрхэгчид, нийгэмд тодрохыг хүсэгч попуудаас аваад олон нөхөд болсон, болоогүй намаас дэвшинэ.
Тэгэхээр төрийн дээд албан тушаалтнуудад манай улс ганцхан чухал шаардлага тавих хэрэгтэй байна. Үндсэндээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Их хурал, Засгийн газрын гишүүд, төрийн удирдах албан тушаалтнуудаас дээд боловсролыг системтэйгээр эзэмшсэн байхыг шаардаж, хууль журмын зохицуулалт хийх цаг нь болжээ. Монголын төрд өдгөө алба хашиж байгаа, ажиллахаар сэтгэл шулуудан зүтгэж байгаа нөхдөөс 1940-өөд онд төрсөн хүн гэж бараг байхгүй. Ихэвчлэн тавь, жар, далаад оныхон байгаа. Тавиад оноос хойш төрсөн хүмүүс ерөнхий боловсролын сургуульд бүтэн арван жил суралцаж, улмаар дотоод гадаадын их, дээд сургуульд суралцан боловсролыг системтэйгээр эзэмшсэн байдаг. Тухайн цаг үеэс Монгол Улсын боловсролын салбар өндөр дээд боловсон хүчин бэлдэх, гадагшаа сургуульд явуулж салбар бүрийн шилдэг лидерүүдийг бэлтгэх боломж бүрдсэн нь тэр. Дал, наяад оноос хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн нь бүр чиг тодорхой.
Сүүлийн 25 жилийн улс төрийн туршлагаас харахад улс орны хамгийн үнэт капитал, хөгжил дэвшлийн гол амин судас нь дээд боловсрол гэдэг нь батлагдаж нотлогдоод байна. Улс орны хөгжил дэвшлийг системтэй боловсрол эзэмшсэн, манайхны хэлдгээр боловсролтой толгой түүчээлэн авч явдаг нь жам аж. Үүнийг монголчууд бүтэн хорин таван жилийн алдаа оноо, гашуун туршлагаасаа амсаж байгаа нь үнэн. Иймийн учир Их хурлын гишүүд болон төрийн өндөр дээд алба хашиж буй, мөн нам бүлэглэл даган улс төрд орж, дарга сайд болох сонирхолтой нөхдөд арван жилээ онц дүнтэй төгссөн, дотоод гадаадын их дээд сургуульд өдрөөр үргэлжлүүлэн тасралтгүй сурсан байх гэдэг зарчмыг хатуу баримтлах нь зүйд нийцнэ.
Боловсролтой хүн гэдэг дээхнэ үеийн хэллэгээр улаан шугаманд багтаж конкурс өгсөн, цаашлаад дээд сургуулийн хуваарь авч түүндээ итгэл үнэмшилтэйгээр, чин зүрхнээсээ ном ёсоор нь сурсан тийм л хүнийг хэлнэ. Түүнээс тив, дэлхийд нэр цуутай сургуулийн үнэн худал нь эс мэдэгдэх диплом өвөртөлж, өнөөхөө олон түмэнд гайхуулан намтар юугаа тодотгосон товарищууд нэг л сэжигтэй. Ачир дээрээ огтоос худлаа байдаг болохоор арван жилээ онц дүнтэй, гадаад дотоодын их, дээд сургуулийг өдрөөр сурсан байх гэдэг гол шалгуур үзүүлэлтийг тавиад байгаа хэрэг шүү дээ. Уг шалгуурыг хангасан бол Их хурлын сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байдаг тийм л дүрэм журмыг боловсруулж, дээр доргүй сайтар ягштал баримталмаар байна. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан “үндэс, угсаа, шашин шүтлэг” энээ тэрээ бол дараагийн асуудал. Гэмт хэрэгт холбогдсон эсэх, ял шийтгэл эдэлж байгаагүй гэдэг бүр тусдаа асуудал. Боловсролыг ёс горимынх нь дагуу эзэмшсэн, сэхээтэн оюунлаг хүмүүс хэрэг төвөгт тэр бүр орооцолдоод байдаггүйг эргэн тойронд байгаа эрхмүүдийн туулж ирсэн зам мөр нотолдог юм. Мөн арван жилийн туршид онц сайн суралцсан хүүхэд гэр бүлийн боловсролыг ухаарч ойлгон, ижий аавынх нь өгсөн суурь хүмүүжил бусдыг энэрэн хайрлах, дээдлэн хүндэтгэх ёс зүйн кодыг сайтар суулгаж өгсөн байдаг.
Мэдлэг боловсролыг системтэйгээр эзэмшиж, улс орны үнэт баялаг, хөгжил дэвшлийнх нь гол тулгуур багана болсон хүмүүсийг ард түмэн төрдөө дэвшүүлнэ гэдэг ирээдүй хойчдоо барьж буй хөрөнгө оруулалт юм. Яалт ч үгүй шилдэг лидер, оюун санааны түрхрэгч хүч болсон нөхдөдөө улс гүрэн, ард түмнийхээ хувь заяаг атгуулна гэдэг ирээдүйд нүүр бардам байхын илэрхийлэл мөн. Бага балчир, идэр залуу наснаасаа ухаант амьдралынхаа шинэ өдөр бүрийг сурч боловсрохын төлөө зориулсан хүн наад зах нь үр хойч, олон түмэнд хэлэх үгтэй байж нүүр бардам амьдардаг. Харин өнөөдөр боловсрол мэдлэгийг нэгдүгээр ангиасаа аваад суурь цогцоор нь эзэмшиж, ном журмаар нь сурч, өөрийнхөө оюуны хүч, эрдэм авьяас чадлаараа бусдыгаа хошуучлан яваа хүн Монголын төрд тун ховор болсон байна.
Улс төрд орж, улстөрч нэр зүүж Их хурлын гишүүн болж, төр түшилцэж яваа зарим нөхдийг хараад “Хөөрхий минь, үр хүүхдэдээ, доод албан тушаалтнууддаа юу гэж хэлж сургадаг бол” гэхээс яс хавталзаж, өөрийн эрхгүй өрөвдөөд байх юм. Өмнөөс нь ичиж үхмээр хүмүүс энэ төрд яасан олон байна вэ.
“Хүнд боловсрол мэдлэг ямар хамаатай юм. Худлаа ярьж, олон түмнийг сэнхрүүлж байгаад төрийн түшээ болсон юм чинь. Одоо төрийн тэргүүн болноо хө” гэж ярьж байгаа хүмүүс ч байна, цаагуур чинь. Боловсролыг ингэж үгүйсгэнэ гэдэг шинжлэх ухааныг үгүйсгэж байна гэсэн үг. Шинжлэх ухааныг үгүйсгэхээр юу болох билээ. Тухайн улс орон харанхуй бүдүүлэг, мухар сүсгийн балайралд автан мунхарч гүйцэх нь дамжиггүй. Олон нийтийн итгэл хүлээсэн, улс төрөөр амжилт гаргаад зогсохгүй төрийн тэргүүний сэнтий мөрөөдөгч нэгэн шинжлэх ухааныг үгүйсгэн, боловсрол мэдлэг хэрэггүй гэх нь юу болж таарах уу. Нийгэмд ингэж уриалан буруу жишиг тогтоож байгаа нь аймшигтай. Зарим нөхдийн үзэж буйгаар мэдлэг чадвар, эзэмшсэн суурь боловсролоос илүү аман фигур сайтай байхад тухайн хүн юунд ч хүрч болдог, төрийн тэргүүн ч болж болно гэсэн тэнэглэл арай хэтэрч байна. Ингэж Монголын төрийг басамжилж, дорд үзэж, ард түмнийг доромжилж болохгүй.
Аль нэг нам бүлэглэлийн шахаа, улс төрийн томилгоогоор орж ирсэн нөхдийн балгийг ханатлаа амсаж байгаа. Боловсролгүй хүмүүс төрд гарахын хор уршиг барагддаггүй. Тэд өөрөөсөө илүү боловсролтой, сэхээтэн, оюунлаг хүмүүсээ эхлээд шахдаг, дарамталдаг. Элдвээр гоочилж, амийг нь чангаадаг. Ингээд эргэн тойронд яг өөр шигээ бүдүүлэг, зэрлэг, “хүн сүрэг”-үүдээр хүрээлүүлж эхлэх нь бий.
“Монголын төр бохирдлоо” гэж эрдэмтэд, сэхээтнүүд аргаа барж цөхөрч байгаа нь үүнтэй холбоотой юм.
Дэлхийн улс орнууд боловсрол мэдлэг, туршлагад тулгуурлан, тухайн хүний туулж ирсэн замнал түүхийг нь авч үзээд улс орныхоо хувь заяаг атгуулдаг бол монголчууд бид бөх тэх, уяач, худалч, хулгайч, хар ажилчид, аман фигур буюу популизмыг шүтсэн нөхдөд төрийнхөө жолоог атгуулах боллоо. Тэр хүн хичнээн мөнгөтэй төгрөгтэй, цол хэргэмтэй байлаа ч хамгийн гол шалгуур бол боловсрол. Үүнийгээ л ягштал баримталж, реформ хийхгүй бол популизмыг шүтсэн, мухар сүсгийг дээдлэн, улс орны хөгжил дэвшлийн эсрэг нийгмээ турхиран боссон зэрлэгүүдээс сална гэдэг юу л бол. Бүр сүүлдээ нэгэн твиттер хуудсанд бичсэнчлэн “Зарим оронд аягаа л тоож угаалгадаг хүнээр бид тархиа угаалгах нь” гэдэг шиг юм болох нь ээ.