Монголын Аутизмын Холбоо НҮТББ Австралийн Засгийн Газрын Шууд Тусламжийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуульд “ Оюуны бэрхшээлтэй сурагчдад, түүний дотор аутизмтай сурагчдад ээлтэй сурах орчин бүрдүүлэх ” төслийг 2016 оны эхний хагас жилд хэрэгжүүлж байна.
Төслийг үйл ажиллагаа үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Аутизмтай бага ангийн сурагчдад зориулсан анги танхимыг олон улсын шаардлага, хүүхдийн сурах онцлогт тохируулан тохижуулж, мэдрэхүйн тайвшруулах өрөөг шинээр байгуулж, аутизмтай сурагчидтай ажиллахад хэрэглэгдэх сурагчийн ном, багшийн ном, зурган хуваарь зэргийн хэрэглэгдэхүүнийг боловсруулан гаргаж, гадаад дотоодын эх сурвалж хэрэгслээр хангаж, тусгай сургуулийн бага ангийн багш нарт аутизмтай хүүхдэд багшлах онцлогийг тусгасан цуврал сургалтыг явуулна.
“Энэ төслийг хэрэгжүүлснээр аутизмтай сурагчдад зориулсан жишиг анги улсын хэмжээнд анх удаа байгуулагдаж, энэ нь бусад тусгай сургуульдаа загвар болохуйц тэргүүн туршлага болно гэдэгт итгэж байна. Өнөөдөр манай оронд аутизмтай хүүхдээ сургуульд хамруулах гэхээр тэгш хамруулалт хэрэгжиж өгөхгүй, тусгай сургуулиудад зохих орчин нь хангадаагүй байгаа байдлыг харгалзах эцэг эхчүүд аутизмтай хүүхдүүдээ сургах ээлтэй орчин, очих газартай болоосой гэж хүсч бид энэ төслийн үр шимийг бусад бэрхшээлтэй сурагчид ч хүртэх болно ” гэж Монголын Аутизмын Холбооны гүйцэтгэх захирал Л. Алтангэрэл ярилаа.
Төслийн хүрээнд Шууд Тусламжийн Хөтөлбөрөөс 26 мянган австрали долларын санхүүжилт орж ирж байгаа бөгөөд төслийг Монголын Аутизмын Холбоо 55 дугаар тусгай сургуультай хамтран хэрэгжүүлэх юм. Дээр дурьдсан цуврал сургалт 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 55 дугаар сургуулийн багш нарт явууллаа. Энэхүү сургалтыг 55 дугаар сургуулийн захирал Ч. Ганбилэг нээж үг хэлэв.