Ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилэх болсон ч иргэдийн дунд олон асуулт эргэлзээтэй үлдсэн билээ. Тухайлбал зээлийн хүүг бууруулж таван хувь болгох боломжтой гэх яриа ямар ч тооцоо үндэслэлгүй бололтой. Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа хэлэхдээ Монголбанк хэрэглээ, импортыг өдөөдөг зээлийн хүү буурахыг дэмждэггүй. Харин дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлалыг өсгөсөн, экспортыг дэмжсэн зээлийн хүү буурахыг бодлогоор дэмжинэ. Цаашид ч дэмжиж ажиллах байх. Ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр нь мөнгөний бодлогын хүрээнд голлож гарах шийдвэр. Мэдээж тодорхой тооцоо, судалгаанд үндэслэнэ. Хүүг бууруулах уу, талбайн хязгаарлалтыг өөрчлөх үү, ямар үе шаттайгаар, ямар нөхцөлөөр, хэзээ, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэр нь макро эдийн засаг, санхүүгийн салбарын нөлөөг нь тооцсоны үндсэн дээр тухай бүр гарч байх шийдвэрүүд юм. Нийт эрэлтийг дэмжих орон зай өсөн нэмэгдэхийн хэрээр ипотекийн зээлийн эрэлт талыг тэлэх боломж сайжирна гэж үзэж байна. Харин урьдчилгаа төлбөр 30 хувь гэдэг параметр бол хөдөлшгүй. Зээл ба үнэлгээний харьцаа, өрхийн өр ба орлогын харьцаа гэх суурь харьцаанууд ч өөрчлөгдөхгүй болов уу. Тэрээр Ипотекийн зээл бол эргэн төлөлт маш сайтай, эрсдэл багатай, эерэг нөлөөтэй зээл. Банкны системийн хэмжээнд орон сууцны ипотекийн чанаргүй зээлийн харьцаа 0.6 хувь буюу сүүлийн 30 сарын туршид 0.2%-0.7% гэсэн маш бага түвшинд тогтвортой байгаа гэсэн юм. Дашрамд хэлэхэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр эхлэхээс өмнө жилд дунджаар 4895 орон сууц шинээр ашиглалтад орж байсан бол 2013-2015 онд жил бүр дунджаар 19259 орон сууц шинээр ашиглалтад орсон аж. Харин одоо ашиглалтад орсон, борлогдоход бэлэн 18400 орон сууц зах зээлд байгаа гэсэн мэдээтэй байна. 2016 онд шинээр 22303 орон сууц баригдахаар байна. Орон сууцны нийлүүлэлт маш сайн байгаа учраас эрэлт талыг дэмжсэнээр орон сууцны үнэд огцом өсөх эрсдэл үүсэхгүй гэж үзэж байгаа аж.