Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Итали Улсын Ром хотноо Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын захирал Ирина Хаантай уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Хууль зүйн яам болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хоорондын “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтийн талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Тус байгууллага дэлхийн улс орнуудад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжил, эрх зүйн шинэтгэлийг дэмждэг цорын ганц Засгийн газар хоорондын байгууллага юм.
Түүнчлэн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай 30-аад улс орны Засгийн газар гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна. Монгол Улс нь Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад 2015 оны 10 дугаар сарын 5-нд гишүүнээр элсэн орсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох” болон “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Хууль зүйн яам