Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн 5 аймгийн 24 суманд онош нь батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдан урьдчилан сэргийлэх тандалтын ажил зохион байгуулах үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Багахангай дүүргийн хил залгаа Төв амйгийн Баян, Налайх дүүргийн хил залгаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цэцэг өвчин гарсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.Багахангай, Налайх, Багануур дүүргүүдийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг өвчний тохиолдол илрээгүй байна. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор Нийслэлийн 9 дүүргийн 162322 толгой хонь үүнээс хээлтэгч 79118 толгой онь тоологдсон байна. Улаанбаатар хот орчмын мал бүхий иргэдийн хонийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулахад 241440 тун вакцин шаардлагатай гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хэллээ.Мөн Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн замын цагдаагийн пост, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын дэргэд халдваргүйтгэлийн постыг ажиллуулах зардлыг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд шаардлагатай хөрөнгийг гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт цэцэг өвчин дэгдэхгүй байхад онцгой анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой комисст үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.