Агаарын бохирдол илүүдэл жин үүсэхэд нөлөөлдөг

Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, тэр тусмаа уушгинд ихээхэн хор хөнөөл учруулдаг болохыг хэн бүхэн мэднэ. Харин АНУ болон Хятадын эрдэмтэд саяхан агаарын бохирдлын талаар хамтарсан судалгаа хийж, бохир агаар илүүдэл жин үүсэхэд ч нөлөөлдөг байж болзошгүй гэх дүгнэлтэд хүрчээ.

агаар

Илүүдэл жин үүсэхэд маш олон хүчин зүйл шууд болон дам байдлаар нөлөөлдөг. Харин эрдэмтэд агаарын бохирдол хүний жинд нөлөөлдөг эсэхийг тогтоохын тулд лабораторийн хархнууд дээр туршилт хийжээ. Туршилтын үед хархнуудыг хоёр бүлэг болгон хувааж, нэг хэсгийг нь бохир агаартай орчинд, нөгөө бүлгийг цэвэр агаарт байлгасан байна. Бүх хархыг  ижил төрлийн хүнсээр хооллосон ч гэсэн, 3-8 долоо хоногийн дараа биен дэх өөх тосны хэмжээг шинжилж үзэхэд бохир агаарт байсан хархнууд цэвэр агаарт байсан хархнуудаас илүү жин нэмсэн нь тогтоогджээ. Тэдгээрийн дунд эр хархнууд эм хархнуудаас илүү жин нэмэх хандлагатай байсныг судалгааны багийнхан мөн онцолжээ. Агаарын бохирдол ийнхүү илүүдэл жинтэй болоход нөлөөлж байгаагийн учир шалтгааныг эрдэмтэд дараах байдлаар тайлбарлаж байна.

тарга

Хүн бохир агаараар байнга амьсгалвал зүрх судасны тогтолцоо болон бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг. Энэ нь хүний биеийн жинд дам байдлаар нөлөөлж, улмаар илүүдэл жин үүсдэг гэнэ. Агаарын бохирдлын бас нэгэн хор хөнөөлийг тодруулсан энэ судалгаа дэлхийн улс орнууд агаарын чанараа сайжруулахад анхаарах ёстой гэдгийн сануулга болж байна. Манай урд хөрш Хятадад агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг. Тус улс илүүдэл жинтэй иргэдийнхээ хувь хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсах болсон.

Харин манай орны хувьд, 2014 оны байдлаар Монголын нийт насанд хүрэгчдийн 18,8 хувь нь биеийн жингийн индекс 30 нэгжээс их буюу таргалалттай байсан. Энэ үзүүлэлт 2008 оноос хойш жил бүр өсч байгаа хандлага нь зөвхөн суурин амьдралын хэв маяг, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас гадна бидний амьсгалж байгаа бохир агаараас үүдэлтэй байж болох гэнэ. Иймээс манай оронд ч ирээдүй хойч болсон залуучууд болон бусад бүх насны иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө агаарын бохирдлыг бууруулах шийдэмгий алхам хэрэгтэй байгааг дээрх судалгаа харуулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …