Тарваган тахлын голомтууд илэрсээр байна

31 2013 он гарсаар Зоонозын халдварт өвчний байгалийн голомттой өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт илрээд байгаа юм.

Одоогоор Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Үенч сумдаас тарвага үхсэн тухай иргэдээс ирсэн мэдээллийн дагуу орон нутгийн ЗӨСТ-үүд үхэл, хорогдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутаг  мэрэгч амьтнаас тарваган тахлын үүсгэгч илрүүлж, байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоогоод байсан юм.

Тарваган тахлын халдвар хэд хэдэн аймагт бүртгэгдсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/694 тоот “Нийслэл хотод тарваган тахал өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх” захирамж гаргасан. Тиймээс иргэд уг захирамжийг бүрэн хэрэгжүүлэн мөрдөж ажиллах шаардлагатай байгааг ЗӨСТ-ийнхөн анхааруулж байна. А/694 тоот захирамж-ийг энд дарж уншина уу!

Тарваган тахал өвчний тухай:

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг.

Өвчин үүсгэгч нян нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг.

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар мөн нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг байна.

Халдвар авсан хүнд илрэх шинж тэмдэг:

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.

Иймд голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам болон амралт зугаалгаар хөдөө орон нутагт аялаж байгаа иргэд сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв үхсэн болон өвчний сэжигтэй тарвага, мэрэгч амьтантай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх, тарвага болон жижиг мэрэгчийн бүүрэг, бөөсөнд хазуулахаас сэргийлэх,  нохой барьсан, зууж ирсэн тарвага болон мэрэгч амьтад нь халдварын эрсдэл өндөр тул гараар барьж  болохгүй.

Үүний зэрэгцээ Монгол Улсын амьтны тухай хуулинд “Зохих зөвшөөрөлгүй амьтныг агнаж ашиглахыг завдсан иргэнийг 280.800 төгрөгөөр, хуулийн этгээдийг 702.000 төгрөгөөр, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг нөхөн төлбөрийн 15 хувиар урамшуулах” тухай заалтуудыг мэргэжлийн хяналтын байгууллагаас мөрдөж ажиллаж байна.

О.Наранцацралт

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …