Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастыг ахмад зохиолчид монголын утга зохиолын хоёр зууны нэвтэрхий толь гэж нэрлэдэг. 1930-аад оноос бүтээлээ туурвиж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм.
1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сумын нутагт Монгол улсын Ардын Уран Зохиолч Бөхийн Бааст мэндэлсэн байна. Өдгөө тэрээр 95 насыг зооголж монголын утга зохиолын хамгийн ахмад зохиолчоор нэрлэгдэж байгаа ч л дэлхийн уран зохиолтой хөл нийлүүлэн алхаж зохиол бүтээлээ туурвисаар байгаа зохиолчдын нэг.
Түүний Байгаль дэлхийн үзэсгэлэн, эх орон, монгол ахуйн зан заншлын сэдэвтэй туужууд, хүүхдийн зохиолууд нь 20 дугаар зууны монголын уран зохиолд өндөрөөр үнэлэгддэг. Баримтат уран зохиолын сонгодог жишээ болсон олон боть дурсамж дурдатгал нь монгол улсын түүхэн эх сурвалж болохуйц баримт юм. Зохиолч Бөхийн баастын уран бүтээлээс эх орны туулж өнгөрсөн амьдралыг харж болно гэж судлаачид дүгнэж байна.
Бөхийн Бааст уран зохиол, сэтгүүл зүйн бүх төрлөөр зохиол бүтээл туурвиж байсан. Энэ зохиолууд нь баримттай, баримтат уран сайхны, амьдралаас үүдэлтэй зохиолууд байдгаараа онцлогтой. Түүнээс гадна Монголын зохиолчдын дотор зохиолчдын өв санг хадгалах хамгаалах талаар тэргүүн зэргийн хүн, монгол улсын номын сан, архивт байхгүй ховор бичгийн эх сурвалжууд Б.Баастын хувийн архиваас л гарна гэж ахмад зохиолчид хэлж байлаа.
Монголын болон гадаад орны амь дүүсэн халуун цэгт очиж баримтат зохиол бүтээлээ тэрээр туурвиж байсан. Баруун аймгуудад зуд болж малчид идэх,уух зүйлгүй шахуу болчихсон байх үед Бөхийн Бааст 40 гаруй хоногийн томилолтоор ажиллаж байсан. Ветнамын дайнд хүртэл очиж ажиллаж байсан тухай түүний зохиол бүтээлүүд байдаг гэж СГЗ, хэл бичгийн ухааны доктор Д.Цэдэв онцоллоо.
Шүлэг, уран зохиолоос гадны тэрээр ард түмний дунд мөнхөрсөн олон сайхан дууны шүлгийг бичсэн. 1947 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа Бөхийн Баастын шүлэг “Чамайг үдье” дууг дуулж, монголын сайн дурын уран сайханчдын тэмцээнд анх оролцож байсан тухайгаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав дурсан ярьж байна.
Монголын зохиолчдоос эсэн мэнд ахуйдаа өөрийнхөө 95 насны ойг тэмдэглэсэн зохиолч байхгүй. Бааст нь 20-21 дүгээр зууны монголын утга зохиолын амьд гэрч. Монголын уран зохиолын ертөнцөд өөрийн эзлэх орон зайгаа дархалсан уран бүтээлч. Бөхийн Баастын насны ойг тэмдэглэж байгаа нь Монголын утга зохиолын өв сан, түүнийг хайрлан хамгаалагчийн ойг тэмдэглэж байгаа хэрэг гэж ахмад зохиолчид хэлж байлаа.