-Миний хүргэн хүүг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлж, гэм буруутныг тогтоогоосой гэж Монголын хүн бүр хүсч байгаа-
Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн түүний эхнэр Б.Булганыг баривчлаад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ хэргийн талаар хуулийн байгууллагынхан албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй өдий хүрсэн юм. Маш нууц гэсэн зэрэглэлтэй шалгагдаж буй хэргийн цаана Б.Булганы эрүүл мэндийн байдал болон эрх чөлөөнд нь халдсан явдал гарч байгаа юм биш биз гэсэн хардлага олон нийтэд бий. Учир нь Б.Булганыг баривчлагдсанаас хойш “Түүнийг өмгөөлөх хүн олдохгүй байна”, “Түүнийг хууль зөрчин 24 цагийн турш гэрэлтэй камерт хорьж байгаа”, “Б.Булганыг эрүүдэн шүүсэн үү”, “Ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байна” гэх мэт албан бус мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм.
Үхтэл үр харам гэдэг шиг охиныхоо талаар гурван сар чих тавин сууж, өдөр бүр сэтгэл нь зовниж суугаа Б.Булганы ээж Д.Байгальтай уулзаж ярилцлаа. 80 гарч яваа энэ буурай сэтгэлийн шаналалд ороод 100 гаруй хонож байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр олон ч газар ханджээ. Аргаа барсан эх төр засаг болон хуулийн байгууллага нь ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй байгаад гомдож, олон нийтэд хандаж тусламж эрсэн юм. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг бид цувралаар хүргэж байна.
-Охинтой чинь уулзуулахгүй байна. Өмгөөлөгч нар нь уулзаж чадахгүй байна гэх мэдээлэл гараад байх юм. Үнэхээр ар гэрийнхнийг нь хуулийн байгууллагынхан Б.Булгантай уулзуулахгүй байгаа юм уу?
-Миний охин хоригдоод гурван сар, арван хоёр хонож байна. Энэ хугацаанд гэр бүлийн эргэлт ганцхан удаа оруулсан. Булганы дүү, миний хүү Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авч ганц удаа эгчтэйгээ уулзсан. Охиноос минь хоёр удаа мэдүүлэг авахад өмгөөлөгч нар нь байлцсан байдаг. Үүнээс өөр ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарыг нь уулзуулаагүй байгаа.
-Бид зарим эх сурвалжаас биеийн байдал нь тааруу байгаа гэсэн мэдээллийг авсан юм?
-Хүүг минь очиж эргэхэд нүүр нь сэмбийсэн хавантай байсан гэсэн. Одоо биеийн байдал нь ямар байгааг мэдэх юм алга. Охин минь баривчлагдахынхаа өмнө “Цусаар шээгээд байна. Би эмчилгээнд орлоо шүү” гэж утсаар ярьж байсан. Эмчилгээнд орж байх үедээ буюу энэ явдлаас хоёр хоногийн дараа баривчлагдаад явсан. Үүнээс хойш юу болж байгаа бол гэж сэтгэл эмтрэх юм, тайван ч суух арга алга. Хоригдож байгаа ч эмчилгээг нь үргэлжлүүлэн хийж байгаа болов уу. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь хэдий хорих газар ч хүний эрхийг дээдэлдэг гэсэн, охиныг минь тарчлаагаагүй байгаа даа гэж түмэн юм бодож, санаа зовох юм. Миний охин архаг хуучтай, шарлаж байсан, бөөрний архаг үрэвсэлтэй, ходоод нь өвддөг. Үүнийг нь хорихын эмч нар үзэж, хэрэгцээтэй эмчилгээг нь хийж байгаа болов уу, би мэдэхгүй байна.
-Өмгөөлөгч нар нь холбогдох газруудад хүсэлт гаргаж эмчилгээнд хамруулах ёстой. Тэд ямар нэгэн газар энэ талаар албан бичиг болон хүсэлт гаргасан байдаг юм болов уу?
-Өмгөөлөгч нар нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулъя гэсэн хүсэлт гаргасан.Тэр нь бүтэлтэй шийдвэрт хүрэхгүй байгаа. Ер нь охиныг минь маш нууц гэсэн нэрийн дор шалгаж байгаа учир бүх зүйл нь хаалттай байна. Ямар ч эргэлт оруулахгүй.
Ямар ч сонин, сэтгүүл уншуулахгүй. 24 цаг гэрэл нь асаалттай өрөөнд хорьдог гэсэн.
-Та охиноо эргэж очих хүсэлтийг холбогдох хуулийн байгууллагад гаргасан уу?
-Би ямар ч байгууллагад хандаагүй. Учир нь Б.Булган “Ээжийг наашаа явуулах хэрэг байхгүй” гэсэн байсан. Би өөрөө даралт ихтэй. Охиныгоо хоригдсоноос хойш хямарч, ойр ойрхон даралт ихэсч, харавчих гээд байгаа. Тийм болохоор охиноо болон намайг “Энэ газар ирэх хэрэггүй. Сургуульдаа явдаг нь сургуульдаа яваарай. Ажил хийж байгаа нь ажлаа хийх хэрэгтэй. Надад санаа зовох хэрэггүй. Үүнийг би өөрөө л үүрч гарах ёстой. Миний өмнөөс та нар хохирч зовох ёсгүй” гэж хэлүүлсэн юм. Тиймээс би очъё гэж бодоогүй. Намайг яваад очвол охин минь шаналахын нэмэр. Хэн ээжийгээ тийм газар аваачаад ярьж хөөрч суух вэ. Улам л сэтгэлийг нь өвтгөж, би ч өөрөө хямраад сүйд болж магадгүй. Тэгж охиноо давхар зовоогоод яах вэ.
-Ганцхан удаа эргэлт оруулсан гэхээр ариун цэврийн хэрэглэл, хувцсыг нь солихыг зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг үү?
-Гурван сар гаруй хоригдож байна. Хувцсыг нь ядаж солих хэрэгтэй. Ариун цэврийн хэрэглэл, саван, сойз гэх мэт ойр зуурын хэрэглээний зүйлсийг нь өгмөөр байдаг. Харамсалтай нь ганц удаа дүүг нь эргэлтээр оруулахдаа ганц ширхэг чихэр ч оруулаагүй байна лээ. Харин ариун цэврийн ойр зуурын хэрэглэлийг нь оруулсан байсан. Үүний дараа дахин эргэлтээр орох хүсэлт гаргахад “Та нар нэг удаа орсон. Дахиж оруулахгүй” гээд зөвшөөрөөгүй. Иймэрхүү байдалтай л байна. Тэнд охиныг минь яагаад байлгаад байгаа юм бол. Ядаж хувцсыг нь солих зөвшөөрөл өгөхгүй юм.
-Хүүг чинь очиж эргэхэд Б.Булган өөрөө юу гэж ярьж байсан гэнэ. Нууц биш бол хэлж болох уу?
-Дүүгээ очиход Булган ”Намайг энд авчраад анх гаднаас цоожлоод гарахад их эвгүй байсан гэж хэлсэн байсан. Нэг өрөөнд оруулаад цоожилсон юм байна л даа. Түүнээс хойш миний охин хатуужсан юм шиг байна лээ.” Намайг энэ хэрэгтэй холбож 17 жил шалгаж байна. Энэ бүхний үнэн тогтоогдтол бүх хор уршгийг нь би даана аа. Охиныг хичээлд нь явуул. Орой үдэш болгоомжтой яваарай гэж хэлээрэй. Та нар дор бүрнээ ажлаа хий” гэж хэлсэн гэсэн. Ямар учиртай, төөрөгтэй юм,17 жил энэ хэргийг миний охин үүрч явна. Энэ хугацаанд түүнд тусалж, юу болов гэж анхаарч байсан хүн байхгүй. Бид хичнээн олон газар хандсан юм бэ дээ, ямар ч хариу ирээгүй. Бидний хийж чадах ажил бол энд тэнд өргөдөл, хүсэлт гаргах л юм билээ. Харин нэг сонин дээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Б.Булганыг эрүүдэн шүүж, тамласан зүйл байхгүй. Хоригдож буй явцад бага зэрэг алдаа гарсан. Одоо тэр засагдсан. Ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа” гэж гарсан байсан.
-Манай сонин дээр гарсан шүү дээ?
-Тийм байх аа. Энэ нийтлэл гарсны дараа хүүг минь эргэлтээр орохыг зөвшөөрсөн. Огт эргэлтээр оруулаагүй байхад ийм зүйл гарсан болохоор зөвшөөрөл өгсөн байх. Бид эргэлт оруулаагүй гэдгийг нь мэдэж байсан болохоор арга хэмжээ авсан байх гэж боддог юм.
-“Эргэлтийг чөлөөтэй оруулж байгаа”гэсэн утгатай зүйлийг УЕП-ын орлогч прокурор ч тухайн үед орон нутгийн прокуроруудын цугларалт болох үеэр хэлж байсныг ч манай сонин нийтэлж байсан. Тэгэхээр тухайн үед тэдний хэлж байсан үг худлаа байсан болж таарах нь ээ?
-УЕП-ын орлогч “Ар гэрийнхэнтэй нь чөлөөтэй уулзуулж байгаа” гэсэн байсныг олж уншсан. Хэвлэл дээр тэдний яриа гарсны ачаар ганц удаа боловч охинтой минь дүүг нь уулзуулсан шүү. Өдөр тутмын хэвлэл дээр ийм мэдээлэл гарахаар холбогдох газрууд нь арга хэмжээ авсан байх. Би нэг зүйлийг гайхаад байгаа юм. Буруугүй хүнийг ингээд хэл чимээгүй гурван сар хорьж болдог юм уу.
-Төрийн өндөрлөгүүдэд ил захидал ч юм уу, өргөдөл гомдол өгсөн үү?
-Ерөнхийлөгчид хоёр удаа өргөдөл өгсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард найм хоногийн зайтай хоёр удаа өргөдөл өгсөн. Тэрний хариу өнөөдрийг болтол алга. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн. Би өөрийн амьдардаг Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянгад ч өргөдөл өгсөн. Хариу нь ирсэн ч тоймтой зүйл бичээгүй байсан.
-С. Зориг агсны амиа алдсан хэргийг сөхөж байгаа нь удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотой гэж харах хүн байна.Та юу гэж бодож байгаа вэ?
-Тэр сонгууль бидэнд ямар хамаа байна аа. Хүний эрхийг зөрчин байж шоу хийж болдог нийгэмд бид амьдарч байгаа юм уу. Хамгийн аймаар нь Булган гэдэг хүнийг нийгэмд С.Зориг гэдэг хүнийг хөнөөсөн мэтээр арван хэдэн жил бичлээ, харамсалтай байна. Хамгийн гол нь баримттай, нотолгоотой хандах нь чухал. Миний хүргэн хүүг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлж, гэм буруутныг тогтоогоосой гэж Монголын хүн бүр хүсч байгаа. Тэр тусмаа би, манай гэр бүл илүүтэй санаа зовж байдаг. Энэ хэргийг илрүүлэхийн тулд миний охин хоригдсон ч асуудал шийдвэрлэгдэж байгаа бол яахав ээ ч гэж заримдаа бодогддог. Гагцхүү охины минь эрүүл мэндэд хохирол учрах вий гэж би ээж хүний хувьд их санаа зовж байна.
-Ерөнхийлөгчид өргөдөл бичихдээ юу гэж бичсэн бэ?
-Гэр бүлийн түүхээ бичсэн. Би чинь ээжээрээ овоглодог хүн. Долгорсүрэнгийн Байгаль гэж явдаг. Миний аав Тамжав 1937 онд хилс хэргээр цаазлагдсан юм. Ерөнхийлөгчид өргөдөл бичихдээ, “Ардчиллын анхдагч, таны хамтран зүтгэгч, миний хүргэн хүүг хөнөөсөн хэрэгт охиныг минь сэжиглэн олон сар хорилоо. Та ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нь тул энэ улсын хүн бүрийн, хүүхэд бүрийн төлөө санаа тавьж явдаг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Ялангуяа ардчилал, хүний эрхийн талаар байнга анхаарч, бусдыг энэ талд анхааруулж байдаг чинь дээрх санааг баталж нотолж байдаг гэж би боддог. Таны хэлж байдаг үг, хийж байдаг үйлсийг чинь би анхааралтай ажиглаж, талархан дэмжиж явдаг. Охин минь Банзрагч овогтой Булган Ардчиллын анхдагч, Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн эхнэр болж зургаан жил аз жаргалтай амьдарч байгаад 1998 оны аравдугаар сарын 2-нд болсон аймшигт аллагаас хойш цэл залуу эр нөхрөө ёс бусаар алдсан хамгийн уй гашуутай, хамгийн азгүй эмэгтэй болж хувирсан билээ. Түүгээр үл барам охиныг минь 1999 онд сэжиглэн баривчилж хорих ангид хорьж шалгасан бөгөөд гэм буруугүй нь нотлогдсон юм. Гэвч 2015 оны арваннэгдүгээр сард түүнийг ахин баривчилж, шоронд хорьж байна. Энэ хугацаанд өмгөөлөгч нарыг байцаалт авах үед хоёр удаа байлгасан. Миний охин худал хуурмагт дургүй, шулуун шударга зантай, хийсэн ажлаа гүйцэд сайн хийдэг, найз нөхдөдөө үнэнч хүн гэж би боддог. Миний охин буруу зүйл хийх хүн биш гэдгийг би сайн мэднэ. Миний хүргэн С.Зориг нь бид бүхний хайрыг хүлээсэн дэндүү сайн, сайхан хүн байсан. Өвгөн бид хоёрт халамжтай, бид ч түүнд их хайртай байсан нь мэдээжийн хэрэг. Тийм ухаалаг, сайн хүн гэмт хэрэг хийчихээр муу хүнтэй гэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Өмгөөлөгч нар нь хуулийн дагуу уулзах хүсэлт гаргахад уулзуулахгүй, эмчид үзүүлэх санал тавихад үзүүлэхгүй байна. Олон хоног хоригдож байгаа хүнд нэг ч эргэлт оруулдаггүй хууль Монголд үйлчилж байна уу?” гэж бичээд “Би өнөөдөр 80 нас гараад явж байна. Ертөнцийн мөнх бусыг үзүүлэх цаг нэг их хол биш биз ээ. Амьд байгаа дээрээ төрж өссөн хайрт эх оронд минь шударга ёс, үнэн зөв байдаг гэдгийг үзмээр байна. Манайх удам судраараа улс орныхоо төлөө зүтгэж ирсэн боловч энэ насандаа хангалттай хэлмэгдэж ядарч зүдэрлээ. Та энэхүү хэрэгт онцгой анхаарал хандуулж намайг болон миний охиныг дахин хэлмэгдүүлэхгүй, хэргийг үнэн зөвөөр, хуулийн дагуу шийдвэрлэхэд тус дэм болж өгөхийг гүнээ хүсч байна. Миний охиныг батлан даалтаар гаргах, хэрвээ тийм боломж үнэхээр байхгүй бол эмчид үзүүлэх, эргэлт оруулах тал дээр тусална уу?” хэмээсэн юм.
-Таны хувь хүний түүх анхаарал татлаа?
-Би Д.Сүхбаатар жанжинтай биечлэн уулзаж явсан, жанжны өөрийнхөө цэрэгт элсүүлж авсан шадар туслахуудынх нь нэг, Алтанбулаг, Бүргэдэй харуулын орчим гамин, Бароны цэрэгтэй байлдаж явсан, Нийслэл хүрээг чөлөөлөх байлдаанд шархадсан, Цэргийн яамны санхүүгийн хэлтсийн дарга, 1931 оноос Бүх цэргийн санхүүгийн хэлтсийн даргын алба хашиж байгаад 1937 онд хилс хэргээр цаазлагдаж 1964 оны есдүгээр сарын 10-нд цагаатгагдсан Цэрэндэндэвийн Тамжавын охин, хувьсгалын эсэргүү, ардын дайсны охин гэж дарамтлуулан ээж Долгорсүрэнгийнхээ нэрээр овоглож ирсэн. Арван сартайдаа ааваасаа өнчирч үлдсэн юм. Миний ээж Иш овогтой Долгорсүрэн 1932 оноос хойш улсад 40 гаруй жил хөдөлмөрлөж, үүнээс 30 шахам жил НАХЯ-нд ажилласан. Би өөрөө 40 шахам жил Эх нялхсын эрүүл мэндийн төвд ажилласан эмч хүн.
Эх сурвалж: Өдрийн сонин