Дуучин Нара буюу Мөнхтөрийн Нарантуяатай “Аз хур” номын их дэлгүүрийн кафед ярилцлаа. Бяцхан хүүхэдтэй учраас ийм газар юм уншихад тохиромжтой байдаг гэнэ.
-Дуучин Нара сүүлийн үед цагаа юунд хамгийн их зарцуулж байна?
-Яг одоо хамгийн их цагаа юм уншихад зарцуулж байна. УИХ-д нэрээ дэвшүүлнэ гээд зарлачихсан учраас уншиж судлах юм маш их байна л даа. Улс төрийг өмнө нь сонирхож ч байсангүй, бодож ч байсангүй. Сэтгэлийн дуудлага юм уу эсвэл ийм хувь тавилан надад байв уу. Уншиж судлах юм их болох тусам Аая гэж бодож байна. Үзнэ гэж бодож байна.
-Гэнэт яагаад ийм мэдэгдэл хийв, юу ингэж хэлэхэд хүргэчихэв?
-Яг үнэнийг хэлэхэд өглөө бодоод орой гаргачихсан шийдвэр биш. Хэн чамайг сумлачихав гэж зарим хүн асуугаад байгаа. Намайг ингэж шийдэхэд хүргэсэн хамгийн том зүйл бол хүмүүсийн хүнд хэцүү амьдрал. Хүмүүсийн зовлонг сонсоод зүгээр л эмзэглээд өнгөрөх үү. Надад хамгийн багадаа өдөрт тусламж гуйсан арваад хүн фэйсбүүкээр ханддаг. Та ингэж туслаач, хүүхэд минь өвдчихлөө, ээж маань ингэчихлээ, би хүүхдээ өсгөх гэж зовж байна, хэцүү байна гэж ханддаг.
Блиц
-Боловсрол? -Хорооллын XIII дунд сургууль төгссөн. Tokyo school of music хөгжмийн мэргэжлийн сургуулийг гоцлол дуулаачийн мэргэжлээр төгссөн.
-Үнэт зүйл чинь юу вэ? -Хүн чанар.
-Нара гэж хэн бэ? -Нарантуяа бол дайчин шаргуу хүн. Зорьсон л бол түүнийхээ төлөө бүх хүчээ дайчилдаг.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? -Ерөнхийдөө бурхны сургаал унших дуртай. Оны өмнө яагаад ч юм “Удирдагч эмэгтэйчүүд” гэдэг ном уншсан. Одоо бол маш олон ном зэрэг зэрэг уншиж байна.
-Таны шүтээн? -Миний ээж.
-Шашин шүтдэг үү? -Шүтдэг, Буддын шашинтай.
Ихэнхдээ би энэ хүмүүсийн төлөө юу ч хийж чадахгүй байна. Сэтгэлээр дэмжихээс цаашгүй. Хүмүүс “Чи ядаж төрийн бус байгууллага байгуулаач” гэдэг. Төрийн бус байгууллага зөндөө олон шүү дээ. Тэгээд өөрчилж чадаж байна уу. Эмэгтэйчүүд хүүхдүүд, залуусын нөхцөл байдал сайжирч байна уу. Төрийн бус байгууллага байгуулаад шийдчихдэг асуудал биш. Ер нь би их бодсон. Би бол Үндсэн хуулийг цээжилчихсэн явж байдаг хүн биш. Тэгээд би “Энэ талаар нэг сонирхоод үзье” гэж бодлоо. Сонирхож үзээд бүтэх ёстой юм байна. Болгож болох юм байна гэж санагдсан. Хамгийн гол нь хүмүүс намайг дэмжих нь үү гэдэг маш том эргэлзээ байлаа. Хэдийгээр хүмүүс “Лайкаар юмыг дүгнэж болохгүй” гэж байгаа ч энэ бол хамгийн бодит хандлага гэж бодож байгаа юм. Үнэндээ маш олон хүн дэмжсэн. Бас олон хүн шарыг маань малтсан. Яагаад би чадахгүй гэж. Чадчихыг хэн үгүйсгэх юм.
-Ээж болсон чинь таны шийдвэрт нөлөөлсөн үү?
-Угтаа бол намайг өөрөөс минь өөр, бас эцэг эхээс маань өөр сайн мэдэх хүн энэ хорвоод байхгүй. Ер нь би багаасаа л буруу охин байгаагүй. Буруу сэтгэлтэй, буруу бодолтой яваагүй. Ганц, хоёр хүн намайг чичлээд юм болгон дээр гаргаж ирээд байгаа нэг асуудал бий. Хүмүүс барьж авах ганц том сэдэв байна шүү дээ. Үүнийг эс тооцвол би нэг их буруу байгаагүй гэж боддог юм.
-Ширээний хүүхэн гэж үү?
-Үгүй ээ. Нүцгэн зураг байгаа юм л даа. Би ширээний хүүхэн байгаагүй, бааранд ажиллаж байсан. Аль дээр үед л тайлбарласан. Тухайн үед амьдралын шаардлагаар сурахын хажуугаар өдөр тутмын амьжиргаандаа нэмэр болгох гээд ажиллаж байсан. Тэрийгээ хэлж л байсан. Мөн ч яригдаж дуусахгүй сэдэв юм даа. Гэхдээ яахав. Хамгийн гол нь миний зорилго зөв гэж бодож байна. Мэдэрч байгаа хүмүүс байгаа. Тийм болохоор тууштай зорьж байна даа.
-Нара улстөрч болчихоороо нүцгэн зургаа яана аа гэж санаа тавьж байгаа хүмүүс ч байна?
-Нүцгэн зураг яах вэ. Нэгэнт олон жилийн өмнө авахуулчихсан зураг. Хэрвээ байгууллага хувь хүний хооронд байгуулсан гэрээ мөрдөгддөг байсан бол тэр зургуудыг өдийд хэн дуртай нь ашиглах ёсгүй л байхгүй юу. Монгол контенттой “Зөвхөн монгол контентын өмч” гэж гэрээ байгуулсан. Гэтэл одоо тэр гэрээ хэрэгжихгүй байна. Зураг авахуулж байхдаа жаахан охин байлаа. Хэдэн төгрөг нь амьдралд хэрэг болчих юм байна гэж бодсон. Залуу эмэгтэй хүний хувьд залуу насаараа гоёх, залуу насаа мөнхлөхийг хүссэн. Эмэгтэй хүний л бие шүү дээ. Ямар нэг байдлаар садар самууныг сурталчилсан юм байхгүй. Хүмүүс урлаг талаас нь харахыг хүсэхгүй, чичлээд байна л даа. Би хүн бүрт “Наадах чинь урлаг юм” гэж хэлж чадахгүй. Тэгээд орхихоос.
-Үнэндээ бол нүцгэн зурагнаас илүү ичиж нуухаар асуудалтай улстөрчид зөндөө л дөө?
-Уг нь бол миний нүцгэн зураг хүмүүст ямар гай тарьчихав. Би “Хүүхнүүд ээ, нүцгэлээрэй” гэж уриалаагүй. Хэнийг ч юунд ч уриалаагүй. Үнэндээ улстөрчдөөс асууж чадахгүй байгаа асуултаа надад тавиад байгаа юм.
-Нэг хэсэг Францын тэргүүн хатагтайн нүцгэн зургийн талаар шуугиж л байсан. Хэдэн жилийн дараа юу болохыг хэн хэлж мэдэх билээ?
-Хүүхэд дуучин болно, модель болно гэж ярьдаг. Харин улстөрч болно гэж хүн мөрөөддөг юм болов уу. Би тэр тухай их бодлоо. Ерөнхийлөгч болно гэж хүсдэг хүүхдүүд байдаг л даа. Ерөнхийлөгч бол улс орны эцэг гэж боддог учраас хүүхдүүд ингэж хэлдэг. Харин хэр олон хүүхэд улстөрч болно гэж боддог билээ. Энэ хүн бүрийн хүсэх гэгээн ариун мэргэжил мөн үү. Хэзээ нэгэн цагт улстөрч болно гэсэн мөрөөдөлтэй байсан бол анхнаасаа их муу санаатай байх байж л дээ. Костюм өмсөөд, үг хэлээ цэнээд явах байх л даа. Миний хамгийн гэгээн мөрөөдөл дуучин, жүжигчин болох. Эмэгтэй хүн бүр сайхан ээж байхыг хүсдэг болов уу. Миний бүх гэгээн мөрөөдөл биелэсэн л дээ. Гэхдээ амьдралын шаардлагаар энэ олон хүний зовлон жаргалыг хараад эмзэглээд юу ч хийж чадахгүй байгаадаа хий дэмий шаналах энэ сэтгэл намайг ийм сонголт хийхэд хүргэсэн юм. Монголчуудын төлөө үнэхээр залбирч байсан удаа бий. Харин тэдний төлөө ачаа үүрнэ гэж урьд нь бодож явсангүй.
-Нэр дэвшихээ зарласны дараа санал тавьж байгаа нам хүчин байгаа юу?
-Байна. Ер нь бол өмнө нь “Манай намд элсээч” гэж санал тавьж байсан нам бий. Сая мэдээлэл тарсны дараа гурван ч нам хандсан. Гэхдээ одоохондоо энэ талаар яримааргүй байна. Би сая бодлоо. “Хурууны хээ” нэвтрүүлэгт орохдоо ХҮН намаас нэр дэвших тухай мэдээлэл гарсан байна лээ гэхээр нь би гайхаад, ХҮН нам гэж ямар нам бэ, хэний нам бэ гээд хэлчихсэн. Үүндээ ХҮН намаас хүлцэл өчье. Яагаад гэвэл өмнө нь надад нам, улс төрийг судлах шаардлага үнэхээр байсангүй. Тэгж хэлснийхээ дараа би ХҮН намыг судаллаа л даа. Уг нь сэхээтнүүдийн нам юм байна шүү дээ. Сүүлд популист гэж цоллуулаад байгаа С.Ганбаатар гуай дарга нь болчихсон юм байна. Уг нь намайг улс төрд орно гэж хэлэхээр залуу хүмүүс урам зориг аваад гарч ирээсэй гэж хүссэн л дээ. “Би Нарагаас илүү, мундаг” гэж урьд нь нийгэмд үг хэл, үйл хөдлөлөөрөө танигдсан хүмүүс яриад байгаа болохоор эмзэглэх үе гардаг. Хүүхэд, эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй байж чадахгүй болохоор би гарч ирсэн юм.
-Нара, залуу эмэгтэй хүний хувьд хэлээч. Залуу эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байна?
-Хүмүүс намайг зөвхөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай ярих нь гэж бодоод байх шиг байна. Үгүй юм. Нийгэмд тулгамдсан асуудал зөвхөн өрх толгойлсон ээжүүд гэвэл үгүй. Хүүхдийн эрх яаж зөрчигдөж байна, ямар их хүчирхийлэлд өртөж байна. Хүүхэд төрөөд л өвчинд өртөмтгий байна. Агаарын бохирдол, орчин нөлөөлж байна. Агаарын бохирдлын тухай энэ улстөрчид бараг л сүүлийн хорин жил ярьж байна. Харин юу ч өөрчлөгдсөнгүй. Уг нь өөрчлөх сэтгэл байсан бол шийдэл олдоно. Бусад улс оронд агаарын бохирдлыг бууруулж чадаж байхад ядахдаа л тэднийг дуурайж болох байсан. Хүсвэл бид гадаадаас томчуудыг урьж авчраад том хөрөнгө оруулалт босгочихдог. Яагаад утааны асуудлыг шийдэхэд дорвитой хөдөлж чадахгүй байгаа юм. Утааны асуудлыг яриад л байвал ахиад хорин жил, дөчин жил өнгөрөх нь байна. Утаагаар амьсгалаад шууд унаад өгөхгүй ч утаанаас үүдэлтэй ямар олон өвчнөөр хүмүүс үхэж байгаа бол. Нийгэмд тулгамдсан асуудал бол зөвхөн залуу эмэгтэйчүүдийн асуудал биш.
-Гэрийнхэн чинь улс төрд орно гэдгийг яаж хүлээж авсан бэ?
-Угаасаа манай гэрийнхэн дэмжиж байгаа. Бид л өөрчлөхгүй бол хэн өөрчлөх юм бэ гэсэн. Намайг дооглоод шоолоод байгаа хүмүүс үнэхээр амьдралдаа сэтгэл хангалуун байгаа юм байх даа. Гараад л нийгэм нь амар амгалан, үнэ хөөрөгдөлгүй, бухимдалгүй байгаа гэж үү?
-Хүүхдийн чинь эцэг энэ талаар сэтгэгдэл илэрхийлсэн үү?
-Энэ талаар ярилцаагүй л дээ. Бид хоёр үнэнийг хэлэхэд ямар ч холбоогүй болоод жил болох гэж байна.
-Эмэгтэй хүн ганцаараа байж хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг зоригтой шийдвэр?
-Энэ бол миний хүсч хүлээж байсан хүүхэд. Миний хүсэл мөрөөдөл бурхнаас гуйсан гуйлтын дагуу ирсэн бэлэг. Надад эргэлзэх юм байгаагүй.
-Нара гэдэг гялалзсан сайхан охин. Олон эр хүний мөрөөдөл болохоор эмэгтэй. Тэгж бодохоор хайрлаж чадаагүй эр хүнд сэтгэл дундуур үлдсэн?
-Хүнд нөлөөлөх олон зүйл байдаг. Ар гэр, найз нөхөд гэж байна. Хүн бусдын нөлөөнд автдаг амьтан. Хүчтэй биш бол өөрийнхөөрөө байхад хэцүү. Бид эхний үедээ үнэхээр аз жаргалтай байсан. Тийм болоод л би дурласан, хүүхэд төрүүлэхдээ эргэлзээгүй. Бодож бодож сүүлдээ ийм хувь тавилантай юм байна л гэж тайвширсан. Энэ бүхэн миний амьдралд, тэр хүний амьдралд тохиолдох ёстой л зүйл байж дээ.
-Сонгуульд ороход мөнгө их орох байх даа?
-Мэдээж энэ талаар санаа зовж байгаа. Нэг компани, нэг бүлэглэлээс, нэг намаас санхүүждэг бол тэдэндээ өр төлөх гэж л ажиллах байх. Маш олон жирийн хүмүүс намайг дэмжээд санхүүжүүлдэг бол сайхан аа гэж бодож байгаа. Хүмүүс ямар татаастай болоод улс төрд орох гээд байна гэж хардаж байгаа байх. Надад дээрээс татах татаас байхгүй. Харин түлхээс өгөх олон түмэн байгаа гэхээр эрч хүчтэй байгаа.
Эх Сурвалж: Өдрийн сонин