Монголд шарын шашин дэлгэрээд нэгэн жарныг илээлээ. Хоолтой явая гэвэл шашин дага гэдэг үг ч эгэл ардын дунд байсан гэдэг. Хүүхдээ дайн самууны хэцүү үед шашингүй хэмээн нууж үлдэх гэж ихээхэн тэмцдэг байсан тухай ч түүх өгүүлдэг. Өдгөө шарын шашинд олон нийтээрээ даган шүтээд энэ олон жилийг өнгөрүүлэхдээ засал, ном, айлтгал, овоо тахилга, гэх мэт маш олон төрлийн зан үйлийг бид мэддэг болсон.
Гэхдээ шарын шашины сүм хийдүүд аймаг бүрт шахуу нэг бий. Улаанбаатар хотод 10 гаран сүм хийд бий. Сүсэгтэн олон шарын шашинд итгэн маш ихээр өргөл барьц барьдаг. Гэхдээ сүм хийдэд хэдэн төгрөгний ашиг олдог эргээд яаж сүсэгтэн олондоо зарцуулдаг нь нууц байсаар байна. Манайдаа хамгийн томд тооцогдох төв ганданд л гэхэд шилэн дансны мэдээлэл байдаггүй.
Сүсэгтэн олон хэдэн төгрөг өгч түүнийг нь юунд зарцуулж байгааг хэн ч таамаглахгүй. Гандангийн хашаан дотор маш том шашны сургууль баригдаж байгааг илхэнээ харж болно. Уг нь сүсэгтэн олны мөнгөөр нийгэмд чиглэсэн сайн үйлст зарцуулбал иргэд ч дуртай байхсан. Гэтэл шашны сүм хийдүүд хүүхдийн төлөө, эсвэл нийгэмд хурцдаад байгаа зүйлд мөнгөө битгий хэл номоо уншихаас “харамлаж” байна.
Хажууханд нь хаяа дэрлэн байх Эх нялхасын эрүүл мэндийн төвд үхэл амьдралтай тэмцэж байгаа бяцхан иргэдэд мөнгө өгдөггүй юмаа гэхэд шашныхаа номноос дуулгаж сэтгэл санааг нь тайвшруулах арга засал ч хийж харагдсангүй. Эрүүл мэндийн төлөө уншдаг маш том номууд, хөлгөн судрууд бий. Гэхдээ та мөнгөгүй л бол энэ танд болон таны гэр бүлд хаалттай гэсэн үг. Шашны номондоо бол сүсэгтэн олонд мөнгөгүй ч лам нь өөрийн үйл хэрэгтээ зориод ирсэн хүнийг эд хөрөнгөөр нь үнэлээд буцаах тухай “заалт” байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Архинд нийгэм даяараа “живж” байгаа энэ л үед мөн л лам, хуврагууд “дуугарсангүй”. Учир нь нийгмийн сайн сайхны төлөө гэж сэтгэх лам ховордоод, “халтуур” хийсэн лам ихсчээ. Архи гэх “бузар” идээг хүн төрөлхөтнөөс бүр мөсөн зайлуулж дөнгөхгүй ч яадахдаа архины хамааралтай иргэдэд долоо хоногтоо нэг удаа ном айлтгаад байж болохгүй хэрэг үү. Цагаан сарын шинийн 15-ны дотор заавал уншуулах ёстой гэх сүржин заслууд нь нэг хүний/ өргөл барьц, тавгын идээ, хэрэгтэй зүйлстэйгээ нийлээд / 20 000- 30 000 төгрөг болдог гэхээр тэд хоёр долоо хоногийн хугацаанд жилийнхээ ашгийг олдог уу.
Яагаад лам нар өөрийн шашны их үйлнээ сайн сайхны үйлд хүч нэгдэж “үнэгүй айлтгал” хийж болохгүй байгаа вэ. Хийдийн удирдлагууд үүнд нь хяналт тавьдаг юм болов уу гэх аргалзаа төрж байна.
Ямартай ч лам, хуврагууд сүсэгтэн олны сайн сайхан үйлэнд “мөнгөөр” бус “хүнлэг чанар”-аар үйлчлэх цаг ирнэ хэмээн найдаж байна.
Б.Саран