Ц.Хулан: Ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар амьдарч байна даа

Та сайхан харагдаж байна шүү?

-Тэгцгээдэг юм (инээв)

Өдий насны бүсгүй хүний нүдээр харахад энэ хорвоо ертөнц өөр өнгөөрхарагдаж байгаа даа гэж бодлоо?

-Бас ч гэж Монголд төдийгүй Азийн элгэн дээр хатуухан өвөл болох шиг боллоо. Зэргэлдээ Өмнөд Монгол, Орос руу ч зөндөө их цас зудтай дуулдаад, зам хаагдсан боогдсон гэсэн мэдээ сонсогдсон. Тэнгэрийн муухай арилдаг гэж монголчууд хэлдэг. Гэсэн ч зуун зуундаа арилдаггүй нэг зүйл нь хүний мөн чанар байна. Сайхан хавар болж байна. Александр Блокын нэг шүлэг байдаг. “Ай хавар аа, Ааглуухан ирдэг хавар аа, Амьдрал чамайг би гараа алдлан хүлээж авъя” гэж 16-хан насандаа шүлэглэж байсан юм. Энэ мөрүүдийг Оросын хувьсгалыг угтсан зөнч дуун байсан гэж ярьдаг ч ерөөс хүний сэтгэлийг хавар гэдэг маш их шинэтгэдэг улирал. Энэ жилийн хавар бас их сайхан болж байна. Цагаан сарын дараахан хар аяндаа л хүний сэтгэл уяраад, уужраад ирсэн шүү дээ. Монголчууд маш их сэтгэлийн хаттай ард түмэн юм. Зуданд алдсан малаасаа илүүтэй ирэх зуныхаа тухай яриад, шинэ торго дурдан дээлээ хийж өмсөөд, ямар морио уралдуулах уу, хүүхдээ ямар сургуульд явуулах уу, юуг шинээр хийж бүтээх вэ гэдгээ ярьдаг, боддог.

Энэ сайхан хаврын тухай та шүлэглэсэн үү?

-Сайхан хаврын тухай шүлэглэж амжаагүй ээ. Гэхдээ өдөр болгон хүн аялгуу хөгөөр амьдардаг. Манай Дан.Нямаа ахын сайхан шүлгийн мөр байдаг юм. Өглөөгүүр нэгэн сайхан үг сонслоо, өдөржин тэгээд дотроосоо гэрэлтлээ гэж. Сүүлийн үед би зурагт үзэхгүй, үзвэл дандаа сайныг нь түүж үзнэ. Сонин хэвлэл уншвал дандаа сайхан зүйлийн талаар бичсэнийг нь түүж уншдаг болоод байгаа. Миний хийж байгаа ажил Хүүхэлдэйн театр, хүүхдийн ертөнц учраас энэ гэгээн сайхан орчинд хүн өөрөө өөрийгөө цаг үе, нийгмээс булааж аваад, өөртөө үүсгэсэн орон зай дотроо жаргалтай л байх шиг надад санагдаж байна шүү дээ.

Сүүлийн үед шүлгээ уншиж байхыг чинь хараагүй санагдаад байна. Ц.Хулангэдэг бүсгүйг юу ирлэж, юунд илүү санаа чилээж суудаг бол?

-Хүн өөрийгөө тусгай орчинд тусгаарлаад би л жаргалтай байя. Бусад нь яах нь хамаагүй гэдэг маш бэртэгчин бодол. Амьдрал хатуу хэцүү байлаа ч ирж байгаа хавраар, мандаж байгаа нараар өөртөө аялгуу хөг бий болгож амьдрахгүй бол энэ амьдралаас сэтгэл ханах, таашаал авах юм юу ч байхгүй болж хоцорно. Хүмүүст энэ тухай сануулж бай, энэ дохио сэрэмжийг өгч бай гэж яруу найрагчид сайхан дуу шүлэг зохиодог байх. Миний хувьд театрын хэдэн гол уран бүтээл, шүлэг ном зохиол, найз нөхдийн хүрээ энэ зүйлүүдээс сэтгэл ханамж авч байдаг.

Та хулан шиг эрх чөлөөтэй явсан байх. ГэхдээНандин учрал”, зуунжилдээ ганцхан ханьтайгаа учирснаас хойш гэр бүлийн амьдралдбаригдсан хүлэгдсэн болов уу?

-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдох юм. Нөхөр ноднин жил хорт хавдраар өвдөөд, гурван улсын бараг арваад эмнэлгээр нөхрөө сахиад явсан. Яаж ийгээд хөл дээр нь босголоо. Одоо нөхөр маань ажлаа хийж байна. Төмөр замын орлогч дарга шүү дээ. 6000 хүн хариуцдаг байсан бол 8000 хүн хариуцаж байна. Олон гэдэг оломгүй далай. Ц.Хулан ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар үед амьдарч байна л даа. Би олны танил, хүмүүс надад хайртайг мэдэрдэг. Хүмүүс гараа сунгаж байгаа энэ үед жирийн иргэд маань яадаг бол гэж бодогдож байсан. Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүст сэтгэлийн дэм, эдийн засгийн тусламж үзүүлэх юмсан гэж бодогдсон. Урт хугацаанд буруу оношлогдоод явж байснаа, баяртай мэдээ дуулсныхаа дараа ийм асуудалтай хүмүүст туслахыг хүссэн л дээ. Гавьяат цол авсан учраас найр хийх ёстой байтал нөхөр маань өвдөж байсан учраас найраа хийж чадаагүй. Магадгүй тэр хэмжээнд зарлагадах мөнгийг ийм асуудалтай гэр бүлд өгсөн. Нэг үдэш би хүмүүс цуглуулаад магтаал сонсоод, бэлэг цуглуулахаас илүү хүнд тус болох алхмыг нөхөр бид хоёр ярилцаж байгаад хийсэндээ сэтгэлд хангалуун үлдсэн юм. Гаднаас нь харвал энэ нэг цахилсан хүүхэн юу хийж чаддаг юм гэх байх. Одоо би өөрийгөө тоогоод хэлэхэд миний хоол цай хэнд ч гологдохгүй. Хоол цай хийхэд сэтгэлийн орц найрлага хамгийн их хэрэгтэй байдаг. Миний нөхөр гадуур хоол иддэггүй. Энэ хооронд бас нус нулимсаа үзүүлэхгүйгээр Монголын олон хүнд гамшиг болсон өвчний ард гарах гэж хичээсэн. Энэ миний хувийн амьдрал учраас нийтэд түгээж зарлаад байсангүй. Өөрсдийнхөө нурууг хотойлгож даваад гарсан. Ойр дотнын хүмүүс маань ойрхон байсан. Яг үхэл амьдралын зааг дээр хүн танигддаг. Надад өөрийгөө, зэргэлдээх хүмүүсээ таних том боломж өгсөн. Ийм үед яг юу үнэ цэнтэй юм бэ гэхээр амьдрал өөрөө үнэ цэнтэй. Өдөр тутмын нар үнэтэй, амьд явна гэдэг хүнд тус болохын үүд, шалтгаан юм байна. Энэ агшнуудыг хайрлаж үнэлж цэгнэмээр юм байна гэж бодогдсон. Ийм юмнаас авсан ухаарал их л дээ. Энэ айхавтар хэцүү нэртэй өвчин сэтгэлийн гаралтай юм байна. Эхлээд хүний сэтгэл эмчлэгдэж байж бие эмчлэгддэг. Нийгмийн сэтгэл эрүүл байж, нийтээрээ буян хурааж байж энэ өвчинд олноороо өртөхгүй байх юм. Монголчууд биенээ арай жаахан өөрөөр хармаар юм байна. Хүнсний аюулгүй байдал гэхээсээ илүү хүн хүндээ аюулгүй байдлаар хандаж сурмаар юм байна. Монгол хүний амьдралын чанарт нөлөөлж байгаа орон сууцны зээл, банкны зээл, хүүхдийн сургууль, сургалтын чанар, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гээд олон юм бий. Монгол хүн аз жаргалтай байж чадах нөхцөлийг боломжийн хэрээр бүрдүүлж өгөхгүйгээр дандаа иргэнийхээ эсрэг зүйлийг хийсээр ирсэн үр дүнгүй манлайлалтай улстөрчидтэй бид олон жил зууралдлаа. Энэ бол нам эвслийн тогтолцоондоо бус хувь хүнд нь байгаа юм. Хувь хүний дотоод хөгжил гэгээрэл боловсролтой холбоотой. Ингээд яривал их юм байна л даа.

Хавар ч болж байна, сонгуулийн жил ч болж байна. Олон хүн өөрийгөөголохгүй нэр дэвшүүлж байна. Тан шиг хүмүүс юу бодож суугаа бол. Аагамтагдаад үүнийг хийчих юмсан, өөрчилчих юмсан гэсэн энэ их бодолухаарал хүслээ яаж бодит ажил болгох вэ?

-Яг үнэндээ би нэр дэвшихгүй гэж худлаа ярихгүй. Нэр дэвшинэ гэж амлаж чадахгүй. Хэрэв нэрээ дэвшүүлэх дээрээ тулбал аль нэг нам бараадахгүй, бие дааж нэр дэвшинэ. Гэхдээ эцсийн шийд гараагүй. Надад олон хүлээлт байна. Эхлээд ханийнхаа биеийн байдлыг харна.

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь гэсэн мөрүүдийгбичихэд хүргэсэн хүн сайн эр байж таарна?

-Тийм, миний хань сайн хүн, сайхан хүн. Бас их хаттайгаар энэ өвчний ард гарч яваа. Эрэгтэй хүн өөрийгөө боддоггүй, хайрлаж сураагүй. Байнга л хойноос нь утасдаад диспетчер тогооч шиг хоолыг нь хийгээд, “Хэдэн цагт ирэх гэж байна, одоо яаж байна, одоо цонхоо онгойлгоод гурав амьсгал” гэдэг. Нарийн бичгийн дарга руу нь яриад “Одоо манай хүн тийм юм идэж, ууж байна уу ч гэдэг. Би ийм байхаасаа ч тээршааж цааргалдаггүй.

Хүүхэлдэйн театрыг та тэргүүлж байна. Хүүхдүүдэд юу үзүүлж харуулах вэгэдэг маргаашийн Монголын нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байгаа гэсэн үг?

-Нэгэнт эвдэрсэн, өөрсдийгөө хэн бэ гэдгийг мэдэхээ байсан хүмүүстэй ажиллаж байснаас Монголын ирээдүйг энэ цэвэр тунгалаг цаасан дээр бичих нь зүйтэй гэж санасан л даа. Энд ирээд зургаан жил боллоо. Энэ салбар хөл дээрээ бослоо. Сүүлийн хэдэн жүжгийг маань яам худалдаж авсан. Мял богдын намтар, дэлхийн хэдэн сонгодог жүжгүүд байна. Энэ тайзан дээр ийм жүжгүүд тоглогддогт хүмүүс баяртай байгаа. Нийгмийн ёс суртахуун хүүхэд ахуй наснаасаа эхэлдэг. Долгион барьдаг улсууд хамтарч ажиллах аятайхан байдаг. Манай яам надтай долгион барьдаггүй байсан бол би ажлаас халагдсан юм уу, нэг бол шүүмжлээд сууж байх ёстой л доо. Ажлыг дэмжинэ гэдэг сайн. Дэмжлээ гэхэд улсын төсвөөс хэтэрсэн зүйл надад олгодоггүй. Олгосон санхүүжилтээр нь жинхэнэ бүтээл хийж үзэгчдэдээ хүргэдэг. Хэдийгээр гурвын гурван байгууллага нэг байшинд байрладаг ч гэсэн манайх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Ц.Хулан найрагч роман бичиж байгаа болов уу, зохиол руу шилжихээртөлөвлөж байгаа юу гээд хүмүүс сонирхох байх л даа. Энэ талаар тандмөрөөдөл бий юу?

-Би мөрөөдлөөрөө биш бодит байдлаараа амьдардаг хүн. Ирээдүйн тухай зөгнөөд л яваандаа тийм болно гэдэггүй. Хүүхнүүдийн нэг мөрөөдөл байдаг. Март ойртож байгааг хэлэх үү, 40 размераасаа 36 болчих юмсан гэцгээдэг. Яг үүний төлөө би өөрийгөө хэзээ ч зовоож байгаагүй. Ирээдүйд түүхэн роман бичнэ гэсэн том мөрөөдлөөр амьдардаггүй. Агшин агшнаар, өдөр өдрөөр амьдрахын аз жаргалыг мэдрээд үзээрэй. Өнөөдрөөрөө амьдарсан хүн аз жаргалтай байдаг. Хамгийн гол нь хүнд атаархах шунах сэдэл үүсдэггүй.

Та яаж өөрчлөгдөхгүй, үрчлээтэхгүй толигор хэвээрээ үлдээд байна вэ?

-Зүрхэнд үрчлээ суухгүй бол зүсэнд үрчлээ суухгүй гэдэг дээ. Тэр нь юу юм гэхээр зүрх сэтгэл чинь хүүхдээрээ л байг. Хайрлавал хайрласан шиг хайрла. Би бол хүнийг далд муу хэлэхээсээ илүү нүүрэн дээр нь хэлээд санаа амардаг зантай. Хэзээ ч юмыг бугшуулж, дарж хорт явуулга, далдуур ажиллагаа хийдэггүй. Тийм учраас надад үрчлээ байхгүй нь сайн л биз. Гэхдээ хүн намайг үгсэж араар тавихыг мэдэрнэ. “Өө, яадаг юм, энэ миний л үйлийн үр, энэ хорвоогийн жамаар яваандаа та нар намайг ойлгож л таараа ш дээ” гээд л ирээдүй цагт хаячихдаг. Тийм учраас стрессгүй амьдарч чаддаг. Миний нэг хуурай дүү надад хандаад “Хулан эгч ээ, би таныг ёстой их хүндэлж биширдэг. Та бол жинхэнэ эр хүн” гэсэн нь интернэтээр их явсан гэсэн. “Гэнэн хүн гэгээрэлд ойрхон” гэгчээр цагаа тулахаар би үнэхээр гэнэн хүн. Гэхдээ ажил төрлийн хувьд бол гэнэн царайлж алдаа гаргахгүй л дээ.

Хүүхэдтэй холбоотой асуудал дээр ялангуяа ээж нар бараг алдаа гаргахгүйдээ?

-Зарим ээж хүүхдээ өөрийнхөө хүрч чадаагүй бүхэнд хүргэх гээд шахаад байдаг. Би бол заримдаа “Миний хүү хичээлээ пялчих” гэдэг. Энэ цаг хугацаанаас хүүхдүүдийг авч үлдмээр байна. Өдрийн хичнээн цаг сургууль дээр байдаг билээ. Ирээд даалгавар гээд нухаад сууна. Зарим хүүхэд бүр нүд нь анивчаад, хөдөлгөөний дутагдалд орчихдог. Хүүхдийн сургалт боловсрол дээр бид их алдаж байна. Зөвхөн тоо заах биш сэтгэлийн боловсрол олгодог, хүнийг хайрлах нинжин сэтгэлд сургахыг ор тас мартсан байна. Энэ бол дорно дахины уламжлалаас харш. Би лав хүүхдээ энэ бүхнээс хамгаалдаг.

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэх мэт таны мөрүүдийгмэргэдийн үг шиг л, маань мэгзэм шиг л хүн бүр шахуу мэддэг. Танышүлгийн мөрүүдээс хүмүүс иш татдаг байх ямар вэ?

-Мэдээж сайхан байлгүй яахав. Энэ бол зөвхөн үг биш үйл хэрэг болоод хэрэгжээсэй гэж боддог. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэдгийн тайлбарыг би дараа бичнэ л дээ. Япончууд энэ шүлгийг маань ямар нарийн ойлгосон гэж санана. Тайлбарыг нь Шинтаро Таникава гуай их сайхан хийсэн. Зүлгэн дээр гэдэг бол байгаль экологийн бүрэн бүтэн байдал, гэрээ бариад гэдэг бол улс үндэстэн бүрийн өөрсдийнх нь амьдрах ахуйн хэв маяг. Зарим нь Кремлиэ барина, зарим нь Букинхемиэ барина, монголчууд бол гэрээ барих жишээтэй. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг гэдэг бол улс төр, эдийн засаг, шашны дарамтгүй байх, амьдрахсан гэдэг бол хүн төрөлхтний идэвхтэй зарчим. Энэ бол XX зууны бүх хүн төрөлхтний хүслэн гэж үзээд, XX зууны шилдэг зуун найрагчийн нэгэнд намайг багтаасан байна лээ. Сонирхолтой нь зуугаад найрагчаас бараг тэн хагас нь амиа хорлож өрөвдмөөр нас барсан байдаг. Эдгээр зохиолчдын мэргэн цэцэн үгтэй зэрэгцээд миний үг тууж явна лээ.

Ийм мундаг философи дөнгөж хорьтой залуу бүсгүйн толгойд яаж буусанбайна аа?

-1990 оны “Болор цом” дээр Б.Лхагвасүрэн гуай шүүгчээр сууж, энэ шүлгийг хоёрын даваанаас хасч байсан юм. Тэр жил Б.Ичинхорлоо түрүүлж байлаа. Гэтэл энэ шүлэг 20 жилийн дараа эргэж ирсэн. Би шүүмжлэгч С.Энхбаярт үнэхээр баярладаг. Хорин жилийн өмнө О.Дашбалбар, С.Энхбаяр хоёр л энэ үгийг олж харсан юм шүү. Тэр үед нийгэм их өөрчлөгдөж байлаа. Нэг хөлөөрөө хуучин нийгэмд, нөгөө хөлөөрөө шинэ нийгэмд монголчуудын сэтгэлгээний шилжилтийн үе байсан. Монголын эв нэгдэл гангар шаазан хагарч байгаа юм шиг цууралт явж байсан. Үүнээс хойш хичнээн олон сэтгэл хирдхийлгэсэн муу муухай зүйл гарав, үүнээс хойш хүмүүсийг баярлуулсан хичнээн сайхан зүйлс болов. Монгол хүн өөрийнхөө соёл иргэншлийн үнэт зүйлийг танин мэдрэх тэр эрмэлзэл өөрийн эрхгүй бага насанд уулга алдалт болж гарсан маань 20 жилийн дараа гүйцэж ирж, хүмүүст хүрээд, өнөөдөр хүн бүр энэ үгийг мэддэг болжээ. Аливаа үнэн, энгийн юм хэзээ ч хоцрогддоггүй, мартагддаггүй.

Гэнэнпил хатны нэг сайхан үг байдаг. “Би юу эсийг үзэж юу эсийг эдэлсэнгэх билээгэж. Таны хувьд тиймэрхүү бодол төрдөг үү. Эсвэл үзэж харахбайлдан дагуулах өндөрлөг бас үлдсэн болов уу?

-Миний найз нөхөд хэлдэг юм. “Чи их тэнэг хүн юм аа. Чи хаана ч юм хийвэл чадах хүн шүү дээ” гэдэг. Би нөхрийгөө өвдөхөөс өмнө явцуу хүрээнд өөрийнхөөрөө жаргалтай явжээ. Жаахан ачаа, хариуцлага үүрэхгүй бол энэ улс орон эдийн засгийн хямралаасаа маш удаан гарч байна. Энэ олон алтны уурхай эрдэс баялгийн ордууд нээгдээд, хүмүүсийн гар дээр мөнгөн эргэлт эрчимжиж байгаа ч монгол хүн сэтгэлээр гундуу, төрдөө итгэлгүй болчихсон нь анзаарагдаж байна. Хүмүүсийн амьдрал 1990, 2000 онтой харьцуулшгүй өөр болсон. Гудамжинд архи уугаад, ажилгүй явж байгаа хүн харьцангуй цөөрсөн ч юунд энэ ард иргэд бухимдаад байгаа гэхээр шударга бус байдал, төрийн эрээ цээргүйд бухимдаж байгаа юм. Төр юунаас болж эрээ цээрээ алдсан гэхээр ард иргэдийн хяналт, оролцоо дутагдаж байна. Тэр нь юу гэхээр мань мэтийн амиа бодсон, бэртэгчин үзэлтнүүдээс болоод хүмүүст үнэн үг дутсан юм. Би хувиа бодоод суулгүй тэнд гардан тулаанд орсон бол гэж боддог. Би УИХ-ын нэг суудлыг бөглөөд юу ч хийхгүй сууж байж болно. Гэхдээ Ц.Хулангаас хэзээ ч шунал, муу юм гарахгүй. Гавьяа байгуулдаггүй юм аа гэхэд ядаж нэг суудал бөглөөд сууж байх ёстой бүхэл бүтэн нийгмийн давхарга ажил хаяснаас болоод төрийн нэр хүнд шалдаа буулаа. Ухаардаг сэхээрдэг боддог, ард иргэдийн төлөө зоригтой ажилладаг хүмүүс хувиа бодсон учраас энэ орон зайг шунал ашиг сонирхлоо улсынхаас дээгүүр тавьсан этгээдүүд дүүргэж, Монголын нийгмийг ёс суртахууны хувьд ч эдийн засгийн хувьд ч хохироогоод гундаагаад байгаа юм биш үү.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …