Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн байна.
Тодруулбал түүнийг БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэн гаргахдаа вагоны даацын хэмжээг багасгаж гаальд мэдүүлсэн мөн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах болсон аж.
Энэ талаар албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Дэлгэрсайхныг баяр наадмын өмнө саатуулан шалгаж байсан боловч тун удалгүй сулласан аж.
Уг нь 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй эл орд манай улсын хүдрийн хамгийн том ордод тооцогддог гэдгийг албаныхан онцолж байсан.
Харин МАН-ыг ид мандан бадарч байх үед Б.Дэлгэрсайхан “Болд төмөр Ерөө гол” компанийнхаа нэр дээр “Дорнын төмөр зам” хэмээх компани байгуулсныг бид тухайн үед өмнөх дугаартаа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийн барьсан төмөр замаар эл компани Ерөө суман дахь модоор бүрхсэн бүхэл бүтэн нэг уулын амыг дэлбэлж, буталж урд хөрш рүү зөөсөн байгаа юм.
Товчхондоо Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн нэг уулыг төмөр замаар Хятад руу зөөгөөд тэдэнд худалдсан гэсэн үг. Түүнчлэн “Дорнын төмөр зам” компани нь Сайншандаас “Тавантолгой” руу татах 200 гаруй км төмөр замын суурь бүтцийг концессийн гэрээний дагуу барих ашиглах шилжүүлэх төслийг 20 жилийн нөхцөлтэйгээр аваад өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн ч ажил нь зогссон тухай бид мэдээлж байсан.
Ямартай ч энэ зайтай эрийн арыг даадаг эрхмүүдээр экс Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр зэрэг хүмүүсийн нэр эртнээс дуулдаж байсан билээ.
Харин учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Б.Дэлгэрсайхныг шалгах болсон нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой байж магадгүй хэмээн хардах болсон байна.
Учир нь Н.Багабандиас илүүтэйгээр “Болд төмөр Ерөө гол” компанийн Монголын талын нууц ноёнтон нь Н.Энхбаяр байх магадлал өндөртэй аж. Тодруулбал Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих тендерийн эрхийг ямар ч саадгүйгээр авчээ.
Гэхдээ өмнөх Засгийн газраас энэхүү их хэмжээний төмөр зам барих тендерийн эрхийг ямар ч саадгүйгээр авахдаа Б.Дэлгэрсайхан өөрийн эзэмшлийн компанийн төмрийн хүдрийг урд хөрш рүү зөөх ашгийг давхар харсан сэргэлэн бизнесмэн бололтой.
Хамгийн сонирхолтой нь түүний төмрийн хүдрийг зөөдөг галт тэрэгний зүтгүүр манай улсын төмөр замд ч байхгүй.
Албаныхны хэлж буйгаар хүч, чадлаа дагаад үнэ өртөг нь ч асар их буюу ганц л зүтгүүр нь 4.2 сая ам.долларын үнэтэй аж. Тэгвэл Б.Дэлгэрсайханд ийм зүтгүүр 20 гаруй байдаг юм билээ. Тус компани хүдрээ өөрийн эзэмшлийн төмөр замаар тээвэрлэдэг ч ашиглаад хоёр жил болж буй ч үүнийг нь улсын комисс одоог хүртэл хүлээж аваагүй байхад тээвэрлэлт явуулсаар л байгаа юм.
Түүнчлэн Баянголын уурхайгаагаас Дулаанханы зөрлөг хүртэл 98 км зам тавьсан. Нэг км зам тавихад гурван сая доллар зарцуулсан гээд байгаа. Бvх л систем, технологи нь хятад стандартаар баригдсан гэдэг юм билээ. Энэ замаар жилд 10 сая тонн төмрийн хүдэр зөөх хүчин чадалтай юм билээ.
Ямар ч байсан Монголын төмөр замд байхгүй асар өндөр өртөгтөй зүтгүүрээр Монгол улсын газрын хэвлийн үнэт эрдэс болсон төмрийн хүдрийг урд хөрш рүү экспортлож хөрөнгөлөг эрхмүүдийн нэг болсон “Болд төмөр Ерөө гол”-ын босс Б.Дэлгэрсайхныг хууль хяналтынхан овоо хараандаа авч шалгаад эхэллээ.
Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол араас нь улстөрийн нөлөө бүхий эрхмүүд ч хамсаатан нь болж хэрэгт татагдах магадлалтай ажээ.