Монгол улсын жүдогийн шигшээ багийн тамирчид болох Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнд өмссөн “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Тэгвэл Өнөөдөр Спортын төв ордон дахь жудогийн зааланд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар тэдний кимоног дуудлага худалдаагаар өөрийн болгосон хүмүүст кимоногоо гардуулж, кимоногийн мөнгийг Б.Танан охины аав Т.Банзрагчид гардуулан, дуудлага худалдаагаа албан ёсоор хаалаа.
Тодруулбал, Н.Түвшинбаярын кимоног таван сая 650 мянгаар нэгэн жиргээчин залуу авсан бол Х.Цагаанбаатарын кимоног гурван сая 100 мянгаар “Буян нэмэх сан”-ийн тэргүүн Ш.Алтайсайхан гэх залуу тус тус авчээ.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр хэлэхдээ “Би гурван хүүхдийн эцэг хүн хүүхдэд их хайртай. Сайн үйлсийн төлөө хийж байгаа учраас харамсах зүйл байсангүй” хэмээсэн юм. Ийнхүү хоёр аварга маань кимоно дээрээ гарын үсгээ зуран, гардуулан өгсөн юм.
Дашрамд дуулгахад, уг дуудлага худалдааг Жудо бөхийн холбоо санаачилж Facebook хуудсаараа дамжуулж зохион байгулсан юм. Танан охины эмчилгээ 12-р сард дуусах юм байна.
З.Байгалмаа