Саяхан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин оросын “Сухой” зохион бүтээх товчоонд 6 дугаар үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх ажил явагдаж байгааг мэдээлэв. Бүр “Сухой” компани шинэ үеийн байлдааны сөнөөгч онгоцны загварыг танилцуулсан байна. ОХУ-ын Агаар-сансарын цэргийн командлагч хурандаа генерал Виктор Бондаревын ярьж буйгаар бол оросын инженерүүд 6-аар тогтохгүй 7 дугаар үеийн сөнөөгч онгоцны төсөл дээр ажиллаж байгаа бололтой байна.
Хурандаа генерал В.Бондарев шинэ онгоцны талаар тодорхой зүйл хэлээгүй боловч 6 дугаар үеийн сөнөөгч онгоцыг нисгэгчтэй болон нисгэгчгүй гэсэн хоёр хувилбараар бүтээх гэнэ. Нисгэгчгүй онгоц бүтээхийн тулд маш өндөр ачаалал даах чадалтай өндөр хурдны компьютер болон электрон тоног төхөөрөмжийг шинээр бүтээх шаардлага тулгарна. 2014 оны 7 дугаар сард оросын “Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци”-ийн /Объединённая авиастроительная корпорация/ төлөөлөгч 6 дугаар үеийн онгоцыг 2020 оны хагас гэхэд бүтээж туршилт хийх болно гэж мэдэгдэж байв.
Оросын 5 дугаар үеийн радарт үл үзэгдэгч ПАК ФА “Т-50” онгоц улсын шалгалтад орж буй энэ цаг үед ийм мэдэгдэл хийж байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. “Т-50” онгоц улсын шалгалтаа амжилттай давбал 2016 оны төгсгөлд үйлдэрлэлд шилжүүлж, дараа жилээс нисэхийн ангиудад нийлүүлж эхлэнэ. Миний бодлоор 5 дугаар үеийн сөнөөгч онгоцоор хамгийн түрүүнд “Крым”-ийн чиглэлийн анги, нэгтгэлүүдийг хангах байх, яагаад гэвэл тэнд зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй олон шинж тэмдэг ажиглагдаж байгаа.
Р.Энхболд