Ц. Оюунбаатар: Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь улс төрөөс үл шалтгаалан иргэдийн төлөө хийх чухал ажил юм

1452128739568db9e3632cb

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай “Хэрэглэгчийн жил”-ийн гол зорилт болон энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэж буй ажлынхан  талаар ярилцлаа.

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

– Монгол улсын Засгийн газраас энэ жилийг “хэрэглэгчийн жил” болгон олон нийтэд албан ёсоор зарлаад буй анхны тохиолдол. Аль ч насны жирийн иргэнээс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл ер нь хүн бүр л хэрэглэгч байдаг. Тэгэхээр тэр хүн бүрт хэрэглээний соёлыг бий болгох, хэрэглэгч хүн өөрийнхөө эрхийг хамгаалах явдал бол аль ч улс үндэстний хувьд номер нэг асуудал байдаг. Монголын хэрэглэгчийн нийгмэлэг анх 25 жилийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлээс салж бие даасан байгууллага болсон. Өнөөдөр манай улсын хэмжээнд бие даасан зохих хуультай төрийн бус байгууллагын нэг нь хэрэглэгчийн байгууллага байгаа юм. Анх 2013 онд би Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоодын нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаанд хэрэглэгчийн байгууллага нэлээд уналтад ороод байсныг эргүүлэн сэргээж хэрэглэгчийн эрх ашгийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьж байна. Өөрөөр хэлбэл Шадар сайдаар томилогдоод хэрэглэгчийн эрхийг дээдлэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын хэмжээнд авч хэлэлцсэний эцэст энэ жилийг Засгийн газараас хэрэглэгчийн жил болгон анх удаа бүх нийтэд зарлаж байна. Энэ хүрээнд бид 4-5 жилд хийх хэрэглэгчийн үндэсний хөтөлбөрийг боловсруулаад дуусах шатандаа явж байна. Мөн хэрэглэгчийн хуулийн шинэчилсэн найруулга дээр ч давхар анхаарал хандуулан ажиллаж байна.

 – Манайд хэрэглэгчдийн эрх зөрчигдөх явдал их байгаа. “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд хийж эхлэх анхны алхам нь юу байх вэ?

-. Энэ бол санамсаргүй тохиолдол, зүгээр нэг тунхаг, уриа лоозонгийн чанартай зүйл биш. 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласан нь Шийдлийн Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодит байдал, хэрэглэгчдийнхээ амьдралд тулгамдаад байгаа бэрхшээл, сорилтуудыг удаан хугацаанд судалж үзсэний үндсэн дээр тодорхой асуудлуудыг нийгмийн хүрээнд шийдвэрлэн, гаргасан шийдвэрийнх нь үр дүн хэрэглэгч нэг бүрт хүрч тэр чинээгээрээ иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлж байх болно гэж Ерөнхий сайд хэлсэн байгаа.  Бид Монголын хэрэглэгчдийн холбоог Евро стандартын хэмжээнд авч хэрэгжүүлэхээр Еворопын холбоотой хамтран ажиллаж байна. Хэрэглэгчийн хуулийг боловсруулан гаргахад тэдний зүгээс их дэмжлэг үзүүлж буйг хэлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл  хэргэлэгчийн асуудлыг бид дэлхийн хэмжээнд буюу Олон Улсын хэмжээнд гарган улам боловсронгуй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллах юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг өөрийнхөө эрх ашгийг хамгаалах, түүнийхээ төлөө тэмцдэг байх гээд өөрийн эрх үүргийн талаар мэдлэг боловсролтой болгох нь бидний хийх ажлын эхлэл суурь нь болох юм. Нийгмийн аль ч бүлгийн хүн өөрөө хэрэглэгч учраас Монголын гурван сая хэрэглэгчдэд хэрэглэгчийн суурь мэдлэг, боловсрол олгохын тулд бид “Хэрэглэгчийн эрх” гэдэг сонинг сар тутамд гаргаж эхлээд байна. Бид цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хэрэглэгчийн булан болон суваг нээлгэж хамтран ажиллах болзолт уралдаан шалгаруулалтын тухай төлөвлөгөө боловсруулж байна. Үнээс гадна хэрэглэгчийн хөдөлгөөнийг улс орон даяар бий болгох зорилгоор хэргэлэгчийн нийгмэд идэвхитэй ажиллаж амьдрах тэр нөхцлийг нь бүрдүүлэх чиглэлээр сургагч бэлтгэх ажил хийх юм. Мөн шинжээчийн сургалтуудыг хэрэглэгчийн академи дээр явуулж байна. Энэ бүгдийг нэгэтгэсэн Монгол улсад хэрэглэгчийн төлөө ажилладаг олон нийтийн зөвлөлүүдийг дүүрэг, хороод, сумдад байгуулах тухай ярьж байгаа.

Хэрэглэгчдэд мэдлэг боловсрол олгоход хэр хугацаа шаардагдан гэж үзсэн бэ?  

– Энэ тийм амар нэг өглөө үр дүн нь ил харагдах ажил биш шүү дээ. Ямартай ч бид 2017-2018 он хүртэл хэрэглэгчийн асуудлыг Засгийн Газраас нэгдүгээр шатанд тавьж мэдлэг, боловсрол олгох, маягаар олон нийтийн хүртээл болгон системтэй ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж үр дүнг нь зохих хугацааны дараа харах болно. Ингэж чадвал хэрэглэгч бид өөрөө өөрийнхөө эрх ашгийг хаана ч хамгаалж чаддаг соёлтой болох юм. Наад зах нь дэлгүүрээс ороод ус, эмийн сан ороод савалгаатай эм авахдаа л хаана ямар улсад үйлдвэрлэсэн байна, хэзээ хэдэн онд үйлдвэрлэж хугацаа нь хэзээ дуусахаар байна гээд задлаад дотрохи кодыг нь уншаад мэдчихдэг мэдлэгтэй болгох л бидний зорилт юм. Одоо хэрэглэгчийн соёл эзэмшээгүй хүмүүс маань гадна дотны хугацаа нь хэтэрсэн, химийн бодис агуулсан хүний биед сөрөг нөлөөлөлтэй өөрөөр хэлбэл харшил өгөх  юм уу элдэв халдварт өвчин үүсгэх аюулаас өөрийгөө аваад гарчихаж чадахгүй байгаад байна. Энэ бүгдээс сэргийлэн өөрийгөө аваад гарчих мэдлэгтэй байна гэдэг бол хүн өөртөө оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

-Еворопын холбоотой хамтран ажиллаж байна гэлээ. Тэднийг сонгох болсон шалтгаан юу байв.  Ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

– Европын холбоо бол хэрэглэгчийн асуудлыг номер нэгд тавьдаг улс орон. Хэрэглэгчийн стандарт, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх тал дээр нэгдсэн бодлоготой том гүрэн шүү дээ. Өөрөөр хэлбэл Европын холбоонд хэрэглэгчийн яам, стандартын байгууллага гээд хэргэлэгчийн эрх зүйн зохицуулалт маш өндөрт тооцогддог. Дэлхий дахинд хэрэглэгчийн эрхийг дээдлэх тал дээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм том холбоо бидэнтэй хамтран санхүү болон хууль эрх зүйн бодлогын хүрээнд биднийг дэмжин ажиллаж байгаад баярлах ёстой.

-Манайд тулгамдаад буй асуудлын нэг нь “хүнсний аюулгүй байдал” шүү дээ?

-Тиймээ энэ бол хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж буй томоохон асуудлуудын нэг мөнөөс мөн.  . Манайх руу гаднаас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүд  хэрэглэгчийн эрх ашигт харшилж байгаа нь бидний эрүүл мэнд, амь нас төдийгүй Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ч сөрөг нөлөөлөл үзүүлэх аюултай.  Монгол хүн эрүүл байх суурь нь хоол хүнс мөн үү мөн. Гэтэл өнөөдөр бид хэрэглэгчийн мэдлэг, боловсролгүйн улмаас захын нэг лангуун дээрээс миний бие организмд хэр амин дэм болох тухай бодож үзэлгүй бараа, бштээгдэхүүнээ худалдаж аваад идчихдэг “хэнэггүй” гэх үү сонин улс. Мах бол мах, ногоо бол ногоо гээд л хаа хамаагүй газраас худалдаа наймаа хийчихдэг. Ганц хүнс ч биш бөс, даавуу, хувцас хунар бараа бүтээгдэхүүн дээр ч энэ зэрэг  “хайнга” эрсдэлийг тооцоолоогүй  сонголтууд хийдэг. Урд хөршөөс  подваль зэрэг стандартын бус нөхцөлд хадгалагдаж байсан бараа бүтээгдэхүүнүүд манайд хууль бусаар орж ирээд зарагдаж байдаг. Цаанаа ямар орчин нөхцөлд хадгалагдаж байсан эсэхийг нь мэдэхгүй манайхан хоорондоо наймаалцаад сууж байна. Тийм орчин нөхцөлд хадгалагдаж байсан шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нь Монгол хүний биед харшил өгч, янз бүрийн арьсны өвчин эмгэг тусгаад байгаа аюулыг авч хэлцдэггүй. Цахилгаан хэрэгсэл гэхэд стандартын шаардлага хангаагүй дуу чимээ ихтэй, хүний оюун ухаан, тархи, мэдрэлд сөргөөр нөлөөлөхүйц буруу сонголтыг ихэвчлэн хийдэг.

-Тэгээд энэ нөхцөл байдлаас бид яаж хурдан хугацаанд гарах боломжтой вэ?

-Манайхны хувьд өнөөдөр хөрш орныхоо эрх ашигт нийцүүлэх биш дэлхийн стандартыг Монголд бий болгон мөрдөх нь чухал гэж үзээд байгаа юм. Монгол Улс 19 дүгээр зууны сүүлч үеэр хүн бүр бичиг үсгийн соёлд нэвтэрч их хувьсгал хийн ЮНЕСКО-д бүртгүүлж байсан шиг хэрэглэгчийн боловсролыг  эзэмших энэ аянд хүн бүр идэвхи зүтгэл гаргаж ажиллах хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна. Ингэж гэмээн бид энэ асуудлаас ангижрах боломжтой.

Хэрэглэгчдийн мэдлэг боловсролд тулгуурласан дээрхи хөтөлбөрт ажлуудын ард гарах үед та, бид ямар үр дүнд хүрсэн байх бол?

-Нийгэм даяар хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн энэ их аян өрнөөд эхлэхээр аяндаа нөгөө  шударга бус, стандартын шаардлага хангаагүй хууль бус үйл ажиллагаанууд  зогсолт хийх юм. Өөрөөр хэлбэл хил гаалиар хууль бусаар орж ирээд буй хямд шаардлага хангахгүй хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүнүүд монголын зах зээлээс шахагдан гарах боломж бүрдэх юм. Шаардлагатай бол бид тодорхой суурин хэрэглэгчдийн эрхийг хамгаалдаг олон нийтийн байцаагчтай болгоё гэж байгаа. Тэр байцаагчид хэрэглэгчийн байгууллагууд өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчдийн төлөө шударга өрсөлдөөний байгууллагууд тухайн асуудлыг мэдээлж түүний дагуу нөгөө байцаагч маань үнэхээр буруутай талынхан үйл ажиллагааг таслан зогсоох эрхтэй байна гэсэн үг. Энэ бүгд Монгол Улсын Засгийн газраас хэрэглэгчийн жилтэй холбогдуулан явуулж буй суурь бодлого нь гэж олгож болох юм. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ төлөө тодорхой санхүүжилт гарган олон нийтийг түшиглэсэн шат дараалалтай ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.  Бидний энэ их ажлыг нугалах бас нэг хөшүүрэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллага юм.

-Энэ жил сонгуулийн жил байдаг. Таны энэ санаачилсан ажлыг улс төржүүлээд салхинд хийсгэчих юм биш биз?

 -Манай нийгэмд тогтоод буй сөрөг үзэгдэл бол нэгнийхээ хийх гэсэн ажлыг улс төржүүлэн нийгэмд сөрөг ойлголт төрүүлдэг сонин улс. Энэ ажил бол улс төржөөд байхаар зүйл биш гэж бодож байгаа. Учир нь аль нэг намын эрх баригч хэн нэгнээс үл шалтгаалан хийгдэх олон түмний эрх ашгийн төлөө хийгдэж буй ажил. Тиймээс ямар нэг асуудал гарахгүй байх гэхдээ л бид энэ бүх аюулаас ангид байх гэж хичээж ажиллах болно. Бидэнд нийт хэрэглэгчдээ “сэрээх” идэвхижүүлэх явдал л их чухал байна. Тэр ч утгаараа бид айлаас айлд, хүнээс хүнд гэсэн уриатайгаар энэ жилийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Манай идэвхитэн сонгуультан ТББ, Хэрэглэгчийн төлөө ТББ-ынхан хувь хүн бүрт мэдлэг олгож, мэдээлэл өгч ажиллана. Ийм чухал ажлыг бид улс төрийн сонгуулийн шоу, улс төрийн бужигнаанаас ангид явуулахыг хичээнэ. Гэхдээ ирэх долдугаар сар хүртэл энэ ажлыг идэвхижүүлэнэ гэхэд хэцүү. Хамгийн чухал нь энэ бүхний төлөө сэтгэл зүрхээ зориулсан иргэний нийгэм, хэрэглэгчийн төлөө ажиллах хүмүүсийг л бид нэгэн дээвэр дор нэгэтгэх зорилгоо урьтал болгон ажиллаж байна. Монголын бүх төрийн байгууллагууд, бүх бизнес, олон нийтийн байгууллага, ТББ-лагууд ч хэрэглэгчээ дээдлэн ажиллах учиртай. Түүнээс биш өөрөө хэрэглэгч байтлаа хэрэглэгчийн асуудал надад хамаагүй би байгаль орчноо л хамгаална, би зөвхөн архи тамхины хорыг сурталчилана гэдэг асуудал байж болохгүй юм.  Тэгэхээр би түрүүн хэлсэн аль ч намын хүн Засгийн эрх барьж байхаас үл шалтгаалаад хэрэглэгч та эрүүл аюулгүй орчинд шударгаар өөрийн бие болон оюун санаандаа тохирсон дэлхийн стандартын бараа бүтээгдэхүүнээр үйлчлүүлэж байх нь тухайн хүн бүрт чухал юм шүү гэдгийг дахин хэлье. Ингэж чадвал хэрэглэгчийн томоохон хувьсгалт өөрчлөлтийг бид 3-5 жилийн хугацаанд хийнэ гэж үзэж байгаа.

-Хэрэглэгчийн жилийг заавал яагаад энэ жил зарлах болов оо?

-Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах  нийгэмлэгийн ерөнхийлөгч хүн Шадар сайд болсон тохиолдол Монгол улсын хэмжээнд ганц л байхгүй юу. Монгол улсад хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх байгууллагууд Шадар сайдын харьяанд байдаг.  Дээр нь цаг үеийн тохиолоор ч гэх юм уу эрүүл мэнд, спортын яамны асар том хэрэглэгчдийн салбар миний харьяалалд орж би сайдыг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гээд энэ бүхнийг түүхэн боломж олдсон гэж хэлж болох юм.

-Манайх өөрсдөө хүнсний органик бүтээгдэхүүнтэй улс. Дотоодын хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүнээ гадагш гаргаж боломж хэр байдаг юм бэ?

-Органик бүтээгдэхүүний дэлгүүр гээд дэлхий дахинд олон байдаг. Жишээ нь  Бээжинд Хятадын органик бүтээгдэхүүний дэлгүүр гээд байж байна. Өвөрмонголын хийсэн цагаан идээ, талх, тариа гээд л борлуулаж байна. Яг үнэн хэрэгтээ Дорнодоос гурил гаргаад л цаанаа худалдаж байгаа байхгүй юу. Гэтэл манайх зах зээлээ хөгжүүлээд органик цагаан идээгээ үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргах юм бол маш өндөр үнэтэй гаргах боломж бий.  Тэгэхийн тулд нөгөө л хэрэглэгчийн соёлд бид олны хүч дэмээр цаг алдалгүй хүрэх шаардлага нэн түрүүнд байна. Энэ том ажлыг нэг хүн санаачилсан гээд  нэг сайд цөөхөн сарын хугацаанд хийж дуусгах боломжгүй юм. Монголын бүх иргэнд хандах тэдний эрх ашгийн төлөөх ажил юм гэдгийг хэрэглэгч бүрт ойлгуулах нь чухал юм.

– Шадар сайдын харьяанд байгаа яамд агентлагууд хэр уялдаа холбоотой ажилллах вэ?

-Хэрэглэгчийн жилтэй холбогдуулаад бүх агентлагуудынхаа үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг уялдуулж өгсөн. Өмнө нь ийм байгаагүй. Мөн агентлагуудад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жилд ажиллах тусгай бүлгүүд гэж суулгаж өгсөн. Мэдээж өөрийн гэсэн ажил чиг үүргийн хэмжээндээ онцлогтой. Хяналт шалгалтыг заавал төр засгаас тавих гэдэг нь социалист үеийн бодлого. Одоо хөгжилтэй Монгол орны хувьд иргэн бүр өөр өөрийн эрх үүргээ ухамсарлан хяналттай байхыг нийгэм цаг үе шаардаж байна шүү дээ. Хэрэглэгчийн тухай маргаан гарвал шүүх цагдаа гээд явахгүй бид хэрэглэгчийн маргааныг тасладаг арбитарчтай болгоод өгчихнө. Тэр хүн тухайн асуудлыг судлаад хэн буруутай этгээдэд нь хариуцлага тооцох механизтмай болно гэсэн үг. Шүүхээр явахад наад зах нь 3 сар бүр жил ч явах үе бий. Тийм асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга замыг бид хайж олсон. Мөн бид хэрэглэгчдэд зориулсан 50 мянган бал гаргаад байна. Энэ баланд хэрэглэгчийн эрх үүргийг тодорхой бичээд  хувилчихсан байгаа. Хэрэглэгч та аль нэг үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд таны эрх яаж зөрчиж ямар хохирол учруулсан байна гэдгээ хэн хэн нь хараад асуудлаа тэр дор нь шийдвэрлэчих боломжтой болох юм.

Ярилцсан Х.Баяр-Угтах

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …