СУИС-ийн нэг ангийн залуус нэгдэн “Үргээлэг” хэмээх киног бүтээсэн нь 2014 онд дэлгэцнээ гарсан. Олон нийтийн сэтгэлд түгшин байдаг хятадын ажиллах хүчний талаар сонирхолтой, далд түүхийг өгүүлж чадсанаараа үзэгчдэд хүрч чадсан эл бүтээлийн хоёрдугаар анги болох “ҮРГЭЭЛЭГ 2” кино энэ сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ.
Тус киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА Г.Эрдэнэбилэг ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин АЖ П.Цэрэндагва, Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нар тоглож байсан юм. Харин энэ удаад тус киноны найруулагчаар Улсын драмын театрын авьяаслаг жүжигчдийн нэг Г.Эрдэнэбилэг буюу Эби ажилласан юм.
Тэрбээр 2014 онд дэлгэцнээ гаргасан “Аав” бүтээлээрээ Монголын кино урлагийн “Академийн дээд шагнал гардуулах наадам”-аас “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг зохиол” номинацийн эзэд болж Гранпри шагнал хүртсэн юм.
“Үргээлэг” киног бүтээсэн уран бүтээлчид нь ““Үргээлэг”-ийг кино гэхээсээ илүү төсөл гэж яримаар байна. Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэргээх гэсэн үг шүү дээ. Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна” гэж мэдэгдэж байсан. Тэр ч утгаараа “Үргээлэг 2” кино бүтээгдсэн байх. Харин энэ удаад ямар сэдвийг хөндсөн нь одоог хүртэл нууц хэвээр байгаа бөгөөд энэ сарын 19-нд ил болох аж. Ингээд та бүхэндээ “ҮРГЭЭЛЭГ 2” киноны албан ёсны трейлерийг хүргэе.