Д.Пүрэвбаатар: ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгах ёстой

145810895456e8fa1a95d70

УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Шинэ төмөр зам”-ын төсөлтэй холбогдуулан гишүүнээс байцаалт авсан байна. Мөн уг хэрэгтэй холбогдуулан ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа болон хамсаатнуудыг нь цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан байдаг.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр” замын хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй, холбоогүй гэдгийг нотолно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнээс гадна баримт, нотолгоо цуглуулж, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд АТГ-т албан бичиг хүргүүлсэн байгааг ч дуулгав.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай энэ асуудал холбогдож байна. 2016 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар н.Бат-Олзвой нь “Энержи ресурс рэйл” компанийн захирал н.Оюунбат гэдэг хүнийг баривчилсан байдаг. Мөрдөн байцаагчийн хууль ёсны тогтоол гараад тухайн хүнийг баривчлаад 461 дүгээр ангид саатуулсан. Маргааш нь ямар ч ойлгомжгүй шалтгаанаар Цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд гаргаад авчихсан байдаг. Энэ юу болов гэдэг дээр судлаад, дүгнэлт хийсэн. Гэтэл маш ноцтой баримт гарч ирсэн” гэв. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Х.Баттулга, А.Гансүх хоёрыг сэжигтнээр татан шалгаж байгаа нь үнэн юмуу?

-Сэжигтнээр тооцно гэдэг шал өөр утга агуулгатай зүйл. Сэжигтнээр тооцно гэдэг нь гэмт хэрэгт тооцож байгаа бишээ, тухайн хүнтэй холбоотой мэдүүлэг авахын тулд процессын ажиллагаанд сэжигтнээр гарын үсэг зуруулаад, энэ хүн гэм буруугүй бол сэжигтнээр татсан тогтоол хүчингүй болоод хэрвээ гэм буруутай бол яллагдагчаар явах ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар бол сэжигтнээр 14 хоногийн дотор тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой байтал өнөөдөр гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад одоо болтол асуудал нь шийдэгдэхгүй байна.

-Гишүүний бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж байгаад шалгана гэсэн мэдээлэл бий?

-Бүрэн эрхийн асуудалтай холбогдохгүй. Яагаад гэвэл Монгол Улсын хуульд зааснаар тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхээр тогтоосны дараа бүрэн эрхийн асуудал яригдах ёстой. Яамны гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдах юм бол бүрэн эрх яригдана. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах эрх УИХ-д л байдаг.

-Прокурорын газраас УИХ-д түдгэлзүүлэх бичиг илгээсэн гэх яриа байгаа?

-Тийм бичиг очоогүй ээ. Яагаад гэвэл энэ хүн гэмт хэрэгт холбогдсон тогтоогдохгүй байгаа.

Таны үйлчлүүлэгч өнгөрсөн хугацаанд АТГ-т хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

-АТГ-т хоёр удаа очиж мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш гурван сарын хугацаа өнгөрлөө.

-А.Гансүх, Х.Баттулга хоёр дээр хилийн хорио тавигдсан байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл. Тэнцвэртэй мэдээлэл хүргэхгүйгээс болж хүний нэр хүндийг унагаад байгаад харамсч байна. А.Гансүхийн хувьд саяхан АНУ-руу Ажлын хэсэгтэй яваад л хүрээд ирсэн шүү дээ.

-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Хаанаас тарааж байна гэж хардаж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас буюу ноён Р.Чингис түүний удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс дураараа мэдээлэл өгч байна. Энэ хэргийг удаашруулах нь өөрсдөд ашигтай байхыг үгүйсгэхгүй. Тэд юмаа олохгүй байгаа учраас асуудлыг дуусгатлаа баръя гэж бодоод байх шиг.

-ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “Эм Си Эс” компанийн хүн гээд та зарлачихлаа. Бас албан ажлаа өгөх ёстой гэлээ?

-Үнэн ш дээ. Ганцхан би биш олон удаа сонин хэвлэлээр бичигдээд удаж байна. Албан ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Яагаад гэвэл энэ хэрэг дээр улайн цайм оролцсон. Тэр Оюунбат гэж хүнтэй бол цагдаагийн байгууллага их ноцтой холбоотой. Цагдаагийн байгууллагыг төлөөлж байгаа хүн энэ хэргийг шалгах ёстой болохоос зүгээр ажлаа хийж яваад тушаал авсан цэргүүдийг нь шалгах ёсгүй юм. Удирдлага гүйцэтгэж байгаа биш, яг чиглүүлж удирдсан хүмүүсийг нь залгах үндэслэлтэй.

-Тэгэхээр буруу мэдээлэл гараад байна гэсэн гомдлыг АТГ-т гаргаж тавиад байгаа юмуу?

-Бид нар эхлээд буруу мэдээлэл гараад байна аа гэдгийг залруулахаар гомдлоо гаргаж өгье гэж бодсон ч хэргийн байдал ахицтай явагдаж зөв талруугаа эргэж магадгүй гэж бодоод түр хүлээсээр байгаад өдий хүрсэн. Одоо бол үнэндээ тэвчээр барагдаж байна. Тиймээс холбогдох газруудад нь хандаж, албан бичиг хүргүүлж байгаа юм.

О.Сайхан

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …