Монголын Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд эрүүл мэндийн салбарын эзэнгүйдлийн хохирлыг хүүхдүүд үүрч байгааг хэллээ.
2015 оны 3 сараас эхлэн нийт 24 мянган хүн улаанбурхан өвчнөөр өвдөж сүүлийн 1-2 сарын дотор 17 хүүхэд харамсалтайгаар нас бараад байгаа тухай мэдээг даваа гарагт Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо олон нийтэд мэдээллэсэн билээ. Холбооны тэргүүн Д.Авирмэд халдварт өвчин судлалын үндэсний төвд сэхээн амьдруулах тасагт амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа 18 хүүхдийн дунд хүний биеийн амин үзүүлэлтийг хянадаг аппарат ганцхан байгааг, эмч сувилагчид сүүлийн 2 сарын турш илүү цагаар ажилласан цалингаа авч чадахгүй байгаа гэх мэт халдварт өвчний улмаас үүсээд байгаа хүндрэлүүдийн талаар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар эрүүл мэндийн салбарын улирдлагуудад хандаж шаардлага хүргүүлсэн юм байна.
Учир нь эрүүл мэндийн салбарын хариуцлалгүй эзэнгүйдсэн байдлын хохирогч нь хүүхдүүд болоод байгааг Монголын Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Авирмэд онцолж байна.
Халдвартын эмнэлэг нь одоогийн байдлаар 530 ортой ч өдгөө 600 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Харин Халдвартын тасаг 330 ортой ч 400 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхгүйгээс болж нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратаа хуваан хэрэглэж, хүүхдийн эрүүл мэндийн амин үзүүлэлтүүдийг хянах аппарат нь хүүхэд бүрт хүрэлцэхгүй болсон ажээ.
Улаанбурхан оношоор эмчлүүлэгсдийг нийт 5 тасагт буюу тус төвийн элэгний клиник, бруцеллезын тасаг, хүүхдийн цочмог гепатитын тасаг, гэдэсний халдварын тасаг, насанд хүрэгчдийн гепатитын эрэгтэй тасгуудын үйл ажиллагаа зогсоож, улмаар зөвхөн улаанбурхан өвчний оноштой өвчтнийг эмчилж байна.
Мөн Өрхийн эмнэлгүүд илүү цагаар ажиллаж байгаа нь энэ өвчний тархалтыг бууруулж чадахгүй хүчин мөхөстөж байгааг эмч нар ам уралдан хэлэх боллоо. Дээр нь ХӨСҮТ ч тэр Өрхийн эмнэлгийн эмч, ажиллагсад ч тэр илүү цагийн хөлс, нэмэлт цалингүйгээр ажиллаж байгаа гэнэ. Төр мөнгөгүй болсон, өргөсөн тангарагтаа үнэнч бай хэмээн тэднийг хүчээр ажиллуулж байгаа нь монгол төрийн эмгэнэл боллоо.
Дайран дээр давч гэгчээр өнгөрсөн оны эцсээр улаанбурхан өвчний дэгдэлт маш өндөр гарч байсны улмаас, 2015 оны жилийн эцсийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв 693 сая төгрөгийн өрөнд орчихоод байна. Сэхээн амьдруулах тасагт гэхэд л гурван эмчийн хийх ажлыг нэг эмч, гурван сувилагчийн хийх ажлыг нэг сувилагч хийх зэргээр нойргүй ажиллаж байгаа бодит дүр төрх үүссэнийг салбарын сайдгүй энэ Яамныхан яах учраа олохгүй, дэмий л үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж байгаа юм.
Цаашид өвчлөл энэ байдлаараа үргэлжилбэл ХӨСҮТ-ийн эмч ажиллагсадын цалин, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол, тээвэр шатахууны зардал хүрэлцэхгүй байдал үүсч 6 сар хүртэлх хугацаанд 725 сая төгрөгийн өр үүсэх тооцоо бий болжээ. Хамгийн аюултай нь халдварт өвчни тархалтыг бууруулж чадалгүй улам олон эрдэнэт хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл үүсэн ажээ.