УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад нам гүмхэн байна. Ээлжит бус чуулган орох сураг байсан, больсон бололтой. Ирэх хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой ямар хуулиуд байна вэ?
-Ээлжит бус чуулган амжихгүй байх. Хаврын чуулган эхлэхэд хоёр долоо хоног гаруйхны хугацаа үлдсэн байна. Ирэх чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд, тодруулбал Татварын ерөнхий болон Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хурдан батлах хэрэгтэй. Засгийн газраас өргөн барьсан эдгээр хуулийн төслүүдийг харахад агуулгын хувьд боломжийн гэж үзсэн. Шалтгаан нь АН төвтэй засгийн үед татварын өршөөлийн болон хөрөнгө, орлоготой холбогдсон эдийн засгийн ил тод байдлын хуулиудыг баталснаар далд эдийн засгийг бууруулж, эдийн засгаа эрүүлжүүлж чадлаа. Сангийн яамны мэдээллээр жилийн ДНБ-ээс 60 орчим хувиар илүү хөрөнгө ил гарсан байна. Иймээс татварын шинэчлэлийг хийж ойлгомжтой, шударга, ил тод эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх нь зөв юм. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн чуулганаар баталж, одоо хэрэгжиж эхлээд байна. Энэ хууль гайгүй сайн хууль болсон дүгнэлт аваад байна. Нэг сарын төсвийн орлогын гүйцэтгэл 95 орчим хувьтай гарсан гэсэн мэдээлэл байна. Эдийн засаг эрүүлжиж, татварын сайн эрх зүйн орчин бүрдсэнээр ААН-үүд айдасгүй үйл ажиллагаа явуулах болно. Энэ хэмжээгээр эдийн засаг тэлнэ, мөн татварын бааз, суурь нэмэгдэнэ. ААН-үүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тодорхой хугацааны дараа иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гээд олон эерэг зүйл бий болно.
Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг баталчихмаар байгаа юм. Миний санаж байгаагаар олон жил Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярилаа. Тиймээс санал асуулгын хуульд Үндсэн хуульд оруулах бүх өөрчлөлтөөрөө ард түмнээсээ асуух өөрчлөлтийг оруулаад, тэгээд энэ зуны сонгуулийн санал хураалттай хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг олон түмнээсээ асуугаад шийдчих нь зүйтэй гэж бодож байна. Эдгээр нь хөгжлийн үзэл баримтлалын чанартай томоохон ажил.Тиймээс хэлмэгдүүлэлтийн үе шиг зөвхөн гүтгэлэг, харлуулалтаар сонгуульдаад амжилтад хүрэхгүй байх.
-Ш.Түвдэндорж гишүүн Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Сонгуулийн хугацаа тулсан энэ үед хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм уу. Уг нь бол жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэл рүү шилжүүлэх юм билээ. Бас Сонгуулийн хуулиар ҮХЦ-д маргаан гаргасан гэсэн яриа байна?
-Би тэр хуулийн төсөлтэй танилцаагүй байна. Жагсаалтын 28-ыг хот, хөдөө гэж хуваах боломжгүй гэж харж байна. Шалтгаан нь жагсаалтын 28 чинь намын мөрийн хөтөлбөр, намын нэрээр хот, хөдөө гэж ялгахгүйгээр нийт сонгогчдоос авсан саналаар шийдэгдэж ирсэн. Тэр хэвээрээ байх нь зөв. Харин батлагдсан хуулиар тойргийн 48 мандатын 30 орчим хувь буюу 14 мандат нь хотоос байгаа юм. Гэтэл нийт хүн амын 50 дөхүү хувь нь хот болоод хотын орчин тойронд амьдарч байгаа гэдэг. Тиймээс энэ тойргийн мандатаас хотын мандатын тоог нэмье гэсэн санал болов уу гэж бодож байна. 2012 онд ч ийм санал гарч байсан. Сонгуулийн холимог тогтолцоог бол би дэмждэг. УИХ дээр тойргийн буюу ИТХ шийдчих олон асуудлыг ярьдаг. Тэр сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, эмнэлгийн урсгал зардал, барилгын төсвийг орон нутаг шийддэг баймаар байна. Тиймээс жагсаалтын гишүүд байснаар улс орны томоохон бодлогын асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Гэхдээ жагсаалтын гишүүдэд нэг удаа ч гэсэн тойргоос сонгогдсон байх зэрэг шалгуур хэрэгтэй. Жагсаалтын асуудлаар 2012 онд Цэцэд хандаад ҮХЦ үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.
-Сонгуулиас өмнө АН ИЗНН, МҮАН-тай нэгдэх боломж бий юу. Хүмүүс бол янз бүрээр л ярьж байна?
-Үзэл баримтлалын хувьд ойролцоо намууд гэж ойлгодог. Тиймээс сонгуульд нэгдэж орж олонх болоод улс орноо хөгжүүлэх тэр бодлогоо хэрэгжүүлэх нь зөв гэж бодох юм. Ер нь парламентын засаглалтай хөгжилтэй орнуудад улс төрийн дахин хуваарилалт тодорхой хугацааны дараа явагддаг үйл явц. Энэ үе нь манайд бараг ирсэн болов уу гэж бодож байна. Энэ тохиолдолд түрүүлж сэтгэсэн, хөдөлсөн, шинэчлэгдсэн нь илүүрхдэг. ИЗНН-ын тухайд АН-тай үзэл бодол төстэй, стратегийн түнш хэлбэрээр ажилладаг гэж ойлгодог. ИЗНН АН-д нэгдэх гэж байна гэж нэлээд хэдэн жил яригдсан, одоо л тэр нь бодит ажил хэрэг болох нь гэж харж байгаа.
-Манай улс төрийн намууд сонгуульдаа л хэт анхаарал хандуулаад байгаагаас биш ам.долларын ханшийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын тал дээр чимээгүй байх шиг?
-Ер нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, ялангуяа эрсдэл өндөртэй газрын тос, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин харьцангуй ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон. Гол нь манай гол нэрийн ашигт малтмалын зах зээлийн үнэ уначихсан хэвээр байна. Энэ нь ашиг багассан гэсэн үг. Ашиг багатай салбарт хөрөнгө оруулалт ихээр нэмэгддэггүй. 2012 оноос хойш уул уурхайн бус салбарыг, ялангуяа боловсруулах аж үйлдвэрийн салбарыг нэлээд дэмжсэн.Энд тодорхой үр дүн гарна гэж харж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгож байснаа нилээд удаан зогсоосон, үүнийгээ зөвхөн Засгийн газраас тогтоосон бүс нутагт хайгуул хийх зөвшөөрлийг эмх замбараатай, хяналттай олгохоор хууль гаргаад хоёр жил болох гэж байна. Иймээс хайгуулд нэлээд хөрөнгө оруулалт хийгдэх болов уу. Сүүлийн саруудад алтны үнэ гайгүй сайжирч байгаа. Ганц бэлэн байсан Гачууртын ордоо хоёр жил маргалдаж байж нэг юм явуулах шийдвэр гаргалаа. Эдгээр нь хөрөнгө оруулалтад зайлшгүй зөв дохио болно. Төмөр зам, эрчим хүчний салбарт том төслүүд хэрэгжүүлэх боломжтой. Нүүрсний үнэ унасан ч Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж экспортлох нь хамгийн зөв зам. Энэ дээр Засгийн газар цаг наргүй ажиллах хэрэгтэй. Албан ёсоор эхэлж байгаа махны экспортыг улирлаас хамааралгүй болгох нь чухал байна.
Эх сурвалж: Өдрийн сонин