МАН VS М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүхдэх” үү

images (1) Өчигдөр МАН-ын Удир­дах зөвлөл хуралдаж, Бага хурлынхаа  товыг  гар­га­на гэж шуугилдаад бай­сан ч чухам юу болсон нь мэ­дэг­дэлгүй хуралдахгүй чимээгүй өнгөрөв.

МАН-д үүсээд буй их тулааны өмнөх нам гүмд цочроо өгч, сэрээх гэж хэсэг пижигнэлдсэн МАН-ыг ши­нэчлэгч залуусынх нь эрч нэ­лээд суларсан  бололтой.

Тэдний хувьд МАН-ын УИХ дахь архаг гишүүдээс  эх­лээд  үл тоомсорлох, дээ­рэл­­хэх байдлаар тавь­сан шаард­лагуудыг нь хүч­гүй­дүүлж, эцэст нь өөрс­дийн са­наа бодлыг хү­чээр тулган хү­лээлгэдэг өвгө­чүүдийнхээ шалгарсан арганд  эхнээсээ бууж өгч эхэлсэн дуулдана.

Уг нь энэ удаагийн Удир­дах зөв­лөлийн хурлаар МАН-ын дараагийн даргын асуудлыг  тал талаас нь ну­­хац­тай ярилцах сураг га­­раад байсан ч лав л энэ удаа тийм зүйл болсонгүй.

МАН-ын  одоогийн дарга Ө.Энх­түвшингийн ажлыг авах  хам­гийн бо­ди­той нэр дэв­­шигчээр УИХ-ын дэд дарга, “хотын фракц”-ын тол­гой­логч М.Энхболд, УИХ-ын гишүүн  асан  МАН-ын  “улаан хам­гаалагч” У.Хүрэлсүх на­рын нэрс хүч­тэй яригдаж бай­гаа ч шинэчлэгч залуус нь бо­лохоор “Намын нийт ги­шүү­дийн дунд сунгаа явуу­лах замаар дараагийн дар­гыг шалга­руулна” гэлцээд байгаа.

МАН-ыг шинэчлэх хөдөл­гөө­ний залуучуудын ихэнх нь У.Хүрэлсүхийн хөтлөн авч ирсэн хүмүүс гэгддэг ч нөгөөдүүл нь энэ яриаг эрс үгүйсгэсээр л байгаа. Өнөөдрийн Монголын улстөр, УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэх болсон энэ намаас одоогоор төрд хамгийн том алба хашиж буй нь УИХ-ын дэд дарга М.Энхболд. “Хотын фракц”-ын  даргадаа  МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрийн албаа хүлээлгэж  өгөхөөр ил, далд тохиролцоо хийгдээд эхэл­сэн  сураг  байгаа.  Энэ нь цаа­гуураа ач санасан үйлдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

УИХ-ын сонгуульд МАН ялаг­дал хүлээж, намын дарга Сү.Батболд тэргүүтнүүд ха­риуц­лага хүлээн огцроход Ө.Энх­түвшинг намын даргаар сонгохоор ихээхэн  идэвхи зүтгэл гаргаж, хүч хаясан хүн бол М.Энхболд.
Мөн өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуу­лийн сунгаа нам дотор болж, Бага хурлын гишүүдийн санал намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёрт тэнцүү хуваагдан хоёр ч удаа хайнцах  үед хотын фракцийг удирддаг тэрээр У.Хүрэлсүх, Сү.Батболдын фракциудтай ана мана үзэлцэн намын даргаа гар­гаж ирэхээр зүтгэсэн түүхтэй. Тиймээс энэ ачийг намын дар­га нь хариулах л учиртай.

Нөгөө­тэйгүүр   М.Энхболд  бас ч гэж на­мын даргын албыг  хашаад үзсэн толгой гэж байгаа. Хүнд үед турш­лага чухал, хэрэг болох нь дамжиггүй, хэмээн бодож ч байж магадгүй. Мөн хүрээлэл ихтэй, итгэл даагаад ажил аваад явчих хүний нэг хэмээн үнэлж байж мэдэх юм.

Хэдийгээр тэр намын дар­гын итгэлийг хүлээж буй ч “Шинэ­чилье” хөдөлгөөнийхний зүгээс тавьж байгаа нэр цэвэр, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг намын даргад өрсөлдүүлнэ гэх шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь хотын даргын алба ха­ших хугацаандаа Улаанбаатар хотыг гишгэх газаргүй болтол эрх мэдэлтнүүдэд болоод хөрөнгө мөнгөтнүүдэд худалдсан, олгосон нь яах аргагүй үнэн болохоор. Бас хүн таньдаггүй, өөрийг нь дагасан л бол чөтгөр ч байсан чирээд яваад байдаг  засаршгүй дутагдалтай нэгэн.

Сурсан зан нь түүний нэрийг баастсаар  ирсэн ч сургамж авсангүй Ц.Батбаярыг Багахангайн Засаг дарга бай­хад нь татаж, Улаанбаатар хо­тын захирагчаар томилсон, Ж.Цогзолмаа гэх эмэгтэйг Нийс­лэлийн Засаг даргын орлогч бол­госон гээд яривал ярвигтай урт түүх  хөврөх нь тодорхой.

Хамгийн сүүлд Баянзүрх дүүр­гийн Засаг дарга асан Ж.Батзоригийг УИХ-ын сон­гуульд зүтгүүлж, эцэс сүүлд нь Д.Арвинг жийсэн хэрэгт унаж, өнөөх нь Ардчилсан намд элсэн хариу цохилт хийсэн түүхтэй. Д.Арвин улстөр хийхдээ тулбал М.Энхболдоос  дутах нь байтугай  хэдэн жилийн цаадах нүүдлийг  харж чадах арга сүйхээтэй нэгэн болохоо харуулж, УИХ-ынх нь суудлын тоог нэгээр онгойл­гос­ноор зүдэрч яваа намаа улам сульдуулсан нь яалт ч үгүй үнэн.

Харамсалтай нь, түүний энэ үйлдлийг буруутгах хүн нам дотор нь байгаагүйг бодоход “хотын фракц”-ын тэргүүний зангараг харагдана.  Өчигдөр товлогдоод байсан МАН-ын Удирдах зөв­лөлийн хурал тодорхойгүй хуга­цаагаар хойшлогдсоноор  МАН-ын дараагийн даргын суудалд  санаархсан  шинэчлэлийн төлөөх хоёр том бүлэглэл хүчтэй ажиллах боломж нээгдэж  байгаа юм.

М.Энхболдын  тэргүүлдэг  хотын фракцын эсрэг  У.Хүрэл­сүхийн толгойлдог “Зүүний хүчний хол­боо”-ныхон ямар гэнэ­тийн бэлэг бэлдэх нь одоогоор оньсого төдий байгаа.

Гэхдээ шинэчлэлийн залуус тас гүрийгээд байгаа ч хэрэг дээрээ тэдний 70 хувь нь У.Хүрэл­сүхийн төлөө “за” хэмээн гараа өргөх нь тодорхой. Гэхдээ нэ­гэн цагт энэ намын бодлогыг тодор­хойлж явсан Б.Даш-Ёндон­гоос эхлээд шинэчлэлийн залуусыг  “ангаахай, дэгдээхэй, борвиндоо баастай” хэмээн ба­сам­жилж, авч хэлэлцэхгүй байгаа МАН-ын өвгөчүүдийн хүчтэй бүлэглэл М.Энхболдыг ил, далд хүчтэй дэмжиж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр улстөрчийн хувьд хэний ч санаанд оромгүй эрс тэс үйлдэл хийж энэ нь эргээд өөрт нь ихэвчлэн төвөг учруулдаг ч монголын улстөр, ард түмний  дунд тодор­хойгүй хүлээлт үүсгэсээр л яваа У.Хүрэлсүхийн дотор ёстой л “эмээлтэй хазаартай морь дүү­хэлзэж байгаа” нь тодорхой. Тэр ямар ч хүнд байдалд орсон хоёр гараа өргөөд зүгээр буугаад өгөх хүн биш.

Тэгэхээр Удирдах зөвлөлийг хуралдуулах гэж шавдуулаад бүтэл­гүйтснийхээ хариуд тэр да­­раагийн тактик, төлөв­лө­гөө­гөө боловсруулаад эхэлсэн нь тодорхой. Харин энэ ажилд нь МАН-ыг шинэчлэх хөдөл­гөө­ний залуус аль хэр  эв нэгдэл­тэй, тодорхой зорилготой, түү­­­­ний­­гээ биелүүлэх зориг тэ­мүү­­лэлтэй хамтран ажиллахаас У.Хүрэлсүхийн улстөрийн карье­рийн хувь заяа ихээхэн шалт­гаална. Товчхондоо М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нэг нь МАН-ын дараагийн дарга болох “цусгүй” тулаан эхэллээ.

 Гэхдээ М.Энхболдод дарга болох магадлал нь илүү өндөр байгаа юм. Тэрээр одоогийн дарга Ө.Энхтүвшингээр дамжуулан өөрийн хүмүүсээ шинэчлэлийн гэх Их хурлыг бэлтгэх ажлын хэсэгт оруулахаар тохирсон дуулд­сан. Тэгэхээр шинэчлэлийн гэг­дэх  Их хурлын жорыг хут­гаж, дэгийг дэглэх хүмүүсийн ихэнх нь М.Энхболдынх байх нь ойлгомжтой. Ингэхээр М.Энх­болд дарга болох эхний алх­маа хийчихжээ гэсэн үг. Мөн М.Энхболд Улаанбаатар хотын МАН-ын хорооны даргаар Ц.Сандуй гэх эрийг томилуулсан. Тэр Ц.Сандуйгаараа дамжуулан Сонгинохайрханаас бусад дүүр­гийн намын хороог өөрсдийн хү­мүүсээр дүүргэсэн сурагтай байгаа. С.Баяр, Сү.Батболд нарын  мэдлийн Сүхбаатар дүүргийн намын хороог ч булааж хотын бүлэглэлд өөрийн хүнээ тавьж дөнгөсөн.

Өөрөөр хэлбэл МАН-ын С.Баяр, Сү.Батболд хоёртой ингэж харьцаж чадаж байгаа “Хотын бүлэглэл” бусдыг нь бол яаж ч базсан дурын хэрэг. Ингээд Улаанбаатарт олонхи болсон хотын бүлэглэл дараагийн Их хурлын төлөөлөгчдийг өөрсдийн намын хорооныхоо хүмүүсийн санаачилгаар томилно гэсэн үг. Тэд намын даргаа сонгоход гар өргөнө. Улаанбаатарынхан М.Энх­болдыгоо дэмжинэ. Ин­­гээд М.Энхболд МАН-ын дарга бо­лох хоёр дахь алхмаа баталгаа­жуулчихсан байна.

Одоогийн Бага хурал татан буугдаж шинэ Их хурлаас дахин байгуулагдана. Шинэ их хурлын ихэнх нь М.Энхболдын хүмүүс учир хотын Бага хурлын гишүүд ч бас түүнийх байна. Бага хурал нь МАН-ын даргаас бусад албан тушаалтнуудыг томилох эрхтэй. Олонхийн саналаараа. Ингээд тооцоод үзвэл бас л М.Энхболдын хүмүүс энэ намын ерөнхий на­рийнаас эхлээд бүхий л нарийн бичиг, газар хэлтсийн дарга болно. М.Энхболд ингэж гурав дахь нүүдлээ  баталгаажуулжсанаар  бүх л хамгаалалтаа хийж чаджээ.

Харин У.Хүрэлсүх хичээж бай­гаа ч хүч нь ихээхэн тарамдсан нь үнэн.  Өөрөө гадаад, дотоодын алинд  байгаа нь мэдэгдэхгүй бай­гаагаас хүчтэй өрсөлдөгчдөө дээрх бололцоог гаргаж өгсөн. Бүр Хөвсгөлд амарч байгаа сураг ч дуулдсан. Өөрийнх нь төлөө гал, усанд ч орохоос бу­цах­гүй  залуусын зарим нь га­даадад сурахаар одсон. Зарим нэг нь түүнээс нүүр буруулж үгэнд нь орохоо больчихоод бай­гаа. Түүний хувьд зарим та­лаар “Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй” гэгч л болоод  байгаа. МАН-ын өмнөх дарга нарын тухайд насаараа идээд барахгүй хоолоо цуглуулаад хураачихсан тул МАН-ын дараагийн дарга хэн байх нь сонин биш төдийгүй энэ нам орших, эс орших нь ч төдийлөн анхаарлыг нь татахаас өнгөрсөн.

Ямартай ч  МАН-ын дараа­гийн даргын  төлөөх  тулаан нь М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүх­дэх” үү гэдгийг харах л үлдлээ.

images (1)

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …