Авто машины захын худалдаа эрхчлэгчдийг 22 товчооны ойр байгуулагдаж буй шинэ захад нүүлгэх ажил үргэлжилж байна. Харин машины худалдаачид үүнд эсрэг байр суурьтай хэвээр л байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд машины захыг бүрэн нүүлгэхээр болсон байна. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 300 иргэн 1000 гаруй зогсоол худалдаж авчихаад байгаа аж.
Одоогоор Авто худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бэлтгэж байгаа юм байна. Хоёрдугаар ээлжийн ажлыг энэ хавар эхлэхээр төлөвлөжээ. Дөрвөн талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа орсон байна. Үүнээс гадна хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Үүний эхлэл болгож ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон байна.