Хувьсал продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Энэхүү киноны гол дүр болох Тайван хэмээх хүүгийн дүрд жүжигчин А.Ганчимэг тоглосон.
Тэрбээр энэхүү киноны нээлтийн үеэр “Би чинь өөрөө эмэгтэй хүн учраас эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг нь асар их чадвар шаардсан ажил байлаа. Ганчимэг гэдэг хүн өөрийнхөө хэмжээнд, байдаг тэр бяцхан авьяасаа гаргаж тоглолоо. Мэдээж эмэгтэй хүн үсээ авхуулж, эрэгтэй хүний хувцас өмсөөд л эрэгтэй болчихно гэвэл өрөөсгөл шүү дээ. Хажууд минь байсан маш олон хүн зааж зөвлөсөн, эрэгтэй хүмүүсийг их ажиглаж туршлага хуримтлуулж байсан. Ямартай ч кино зураг авалт маань амжилттай дуусч, дэлгэцээр гарч байна.
Миний хувьд хөдөө өсч, торниогүй. Хааяа л хөдөө орон нутгаар явдаг байлаа. Тиймээс монгол ахуйгаасаа нэлээд холдсон байжээ. Харин киноны зураг авалт гурван сарын турш хөдөө үргэлжилсэн учраас өнгөрсөн зуны турш ааруул хатааж, адуу хурааж, үнээ малаа саагаад л өнгөрүүллээ” хэмээн ярьж байсан юм.
Харин тэрбээр саяхан “Учиртай урилга” нэвтрүүлэгт орохдоо өөрийн хувийн амьдралаасаа цухс дурьдсан байна.
Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн.
Түүний анхны уран бүтээл нь ” Халуун сэтгэл” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.
Харин тэрбээр өдгөө Улсын драмын эрдмийн театраас “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхэж бяцхан охинтой болсон. Тэднийг үерхэж байхад салсан хэмээн бор шувуу нисэж байсан билээ. Тэгвэл уран бүтээлч хосууд энэ мэдээлэлд албан ёсоор хариу өгч, “Бид салаагүй” хэмээн мэдэгдэж, шуугианыг намжаасан удаатай.
Харин Б.Энхтүвшин өдгөө охинтойгоо ч уулздаггүй гэнэ. Түүний салалтын талаар сонирхоход салсанаа яриад өрөвдүүлэх дуртай биш. Миний амьдрал бусад хүмүүст хамаагүй ш дээ” хэмээв. А.Ганчимэгийн оролцсон “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцож амьдрал, уран бүтээлийнхээ талаар ийн хөөрөлджээ.