Улс орны эдийн засаг туйлдаа хүрч ард иргэд элгээрээ мөлхөж байгаа энэ цагт тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай олгож байна хэмээн өөрсдийгөө сурталчлах “Хаан банк” иргэдээс хэрхэн мөнгөний тухай мөлжлөг хийх овжин аргыг бодож олжээ.
Хаан банкны хэрэглэгч та өөрийн дансанд буй мөнгөнөөс 5000 төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан тохиолдолд “теллерээс авсан бэлэн зарлага” нэрийдлээр таниас 300 төгрөг нэмж авч байхаар болжээ.
Бичээч миний бие өөрөө “Хаан банк”ны хэрэглэгч бөгөөд уржигдар дансанд байсан мөнгөнөөсөө 10000 төгрөг автал “бэлэн зарлага” нэрээр 300 төгрөг хасагдсан юм. Хэрэглэгч бид өмнө нь иймэрхүү жижиг хэрнээ хувийн эдийн засагт нөлөөлөхүйц шимэгч үйлчилгээг анзаардаггүй байж. Угтаа бол би гэдэг хүн тухайн банкны хэрэглэгч бөгөөд мөнгөө хадгалуулсныхаа хариуд хүү тооцуулж авдаг, харин “Хаан банк” миний мөнгийг надад өгч буй хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэйгээр өөр нэгэн хүнд зээлүүлдэг шүү дээ. Гэтэл хааяахан очоод данснаасаа мөнгө авахад 10000 төгрөг гаргаж өгснийхөө хариуд 300 төгрөг авч буй нь үнэхэрээ шударга бус санагдлаа.