Монгол Улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх, зарим үйл ажиллагааг шинээр хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах уулзалт сургалтыг өнгөрсөн баасан гаригт “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг төсөлд хамрагдахаар шалгарсан мэргэжлийн сургалтын 25 байгууллагын удирдлагууд болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн, АХБ-ны төлөөлөл оролцсон уулзалт, сургалтын нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон юм.
“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг зарцуулж, мэргэжлийн боловсрол сургалтын болон ерөнхий боловсролын салбарт хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын сонгогдсон 25 байгууллагыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, тэнд ажиллаж буй удирдах ажилтан, багш нарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэх аж. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хүртээмж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь харгалзан хөдөө аж ахуйн зургаа, барилгын тав, зам тээврийн дөрвөн мэргэжлийг сонгожээ.Шинээр хэрэгжиж буй төслийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “2008 оноос хойш мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 10 төсөл хөтөлбөр хэрэгжиж хүний нөөцийг чадавхижуулах, сургалтын стандарт, хөтөлбөр боловсруулах, хувийн хэвшил, ажил олгогч нартай хамтран ажиллах, бодлогын баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр олон чиглэлийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор гурван төсөл үргэлжилж буй бөгөөд шинээр хэрэгжиж эхэлсэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл бусад төслүүдийн адил чухал ач холбогдолтой. Энэ төслөөр салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг эрчимжүүлэн, мэргэжлийн боловсрол, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрэлтэд тулгуурласан сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог уялдуулан оюуны болоод материаллаг нэг үгээр иж бүрэн цогц хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлогтой. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд яам, төсөл хэрэгжүүлэх багийн үүрэг хариуцлагаас гадна үр шимийг нь хүртэх сургалтын байгууллагуудын үүрэг хариуцлага өндөр байх учиртай. Төсөл хэрэгжих хугацаа таван жил. Цаашид хагас зуун жилээр Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төслийн үр дүнд манай мэргэжлийн боловсролын салбар дэлхийн жишигт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Мөн түүнчлэн төсөлд хамрагдахаар сонгогдсон МСҮТ, политехник коллежийн удирдлагуудад хандан “Хэдийгээр улс орон эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч Засгийн газраас энэ төслийг хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол ард түмний, татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс та бид үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Манай салбарт хэрэгжүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн удирдагч, дарга нарт онцгойлон хэлэхэд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг давхардуулан зарцуулж болохгүй шүү” хэмээн онцгойлон захилаа.
Төслийн удирдагч Б.Бямбадорж энэ төслийн үр дүнг “Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг мэргэжлийн чиг баримжаатай болгосноор заавал дээд боловсрол гэж туйлшралгүйгээр өөрийнхөө мэдлэг, чадварт үндэслэсэн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх зорилготой. Чанартай мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр хөдөлмөрийн зах зээлд эрэллтэй мэргэжилтэн болж, өндөр цалин авах боломжтой. Харин ажил олгогч мэргэжилтэй, боловсролтой ажилтантай болсноор бизнесийнх нь үр бүтээл нэмэгдэх юм” хэмээн тодорхойлсон.
Урьдчилан сонгогдсон 25 сургуулиас сургалтын чанарын хүртээмж, менежмент, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан өөрийн үнэлгээ, чанар сайжруулах төлөвлөгөөнд үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулах ажээ. Шаардлага хангасан сургуулиудад төслөөс сургалтын гарын авлага, багш удирдах ажилтнуудын сургалт, тоног төхөөрөмж, барилгын засвар үйлчилгээ зэрэг цогц дэмжлэг үзүүлнэ. Мөн төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох чадамжийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн бие даасан тогтолцоо бүрдүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх юм.
Ерөнхий боловсролын VIII, IX ангийн “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хичээлийн агуулгад суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг тусгаснаар жил бүр 78-84 мянган сурагч хамрагдах боломжтой. Түүнчлэн анги удирдсан багш нарыг мэргэжлийн чиг баримжаа олгох арга зүйн сургалтад хамруулах юм. X-XII ангийн бүх суралцагч шинэчилсэн хөтөлбөрийн дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн чиглэлээр хичээлээ сонгон суралцах боломжтой болж байна. Төслийн хүрээнд математик, хими, физикийн хөтөлбөрийг шинэчлэн, төрийн өмчит 467 ахлах сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх аж. Сонгон гүнзгийрүүлэх хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад математик, хими, физикийн багш нарын 80 хувийг хамруулснаар цаашид инженерийн боловсролын суурийг ахлах сургуульд нь тавих нөхцөл бүрдэх юм.