Монгол – Герман улсын Хүнс Хөдөө аж ахуйн яамдын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Хүнс хөдөө аж ахуйн яамдын сайд нар Герман улсад харилцан тохиролцож, бэлэглэлийн журмаар мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн 4 бухны 2000 тун гүн хөлдөөсөн үр нийлүүлэхээр өнгөрөгч онд гарын үсэг зурсан юм.
Энэ дагуу Герман улсын Bayern Genetik GMBH компаниас 2000 ширхэг гүн хөлдөөсөн үрийг илгээснийг ХХАА-н сайд Р.Бурмаад өнөөдөр /2016.03.21/ Ханнс–Зайделийн сан ба Монголын төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа гардуулж өглөө.
Энэхүү гүн хөлдөөсөн үрийг Малын удмын сангийн үндэсний төв хүлээн авч, орон нутгийн үржлийн техникч нарыг давтан сургалтаар сургаснаар хөдөөгийн малчид болон Семминталь үүлдрийг үржүүлэгчдэд олгох юм. Өндөр ашиг шимт үүлдрийн бухны үрээр хээлтүүлэг хийснээр малын чанар сайжран, ашиг шимийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг бодит үр дүн гарах ач холбогдолтой юм. Өмнө нь манай улс Германаас Хар тарлан үхрийн үүлдрийг импортлон оруулж ирж нутагшуулж байжээ.