Б.Жагар: Усны тодотголтой төрийн байгууллагууд нь хяналт тавих, хариуцлага тооцох ямар ч чадамжгүй

 

12596158_1010164655739151_2093413471_n Дэлхий нийтэд нэн тулгамдаад байгаа чухал асуудал нь цэвэр ус юм гэдгийг энэ л өдөр дэлхийн олон улсад  сануулж ирсэн. Учир нь өнөөдөр буюу 3 дугаар сарын 22-ныг Дэлхийн Усны өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Харамсалтай нь энэ гол асуудлаа бид төдийлөн анзаардаггүйгээс эл өдрийг баяр мэт андуурч тэмдэглэж ирсэн нь нууц биш. Үнэндээ Нийслэлчүүд өдөр тутмынхаа амьдралд усыг хайр гамгүй зүй зохисгүй хэрэглэж байгаа нь цэвэр усны нөөц хомсдох аюул нүүрлэж, эмгэнэл илэрхийлэх болсон гэлтэй.

 Ингээд Дэлхийн Усны өдөр тохиож буй энэ өдөр Нийслэлчүүдийн ундны  ус болох Хатан Туулыг хамгаалах гэж сэтгэлээ чилээж, хүчин зүтгэж буй нэгэн эрхэмтэй уулзаж ярилцлаа. Усны Жагар нэрээр Нийслэлчүүд болон Хан-Уулынханд танигдсан Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Жагарын яриаг хүргэж байна.

-Өнөөдөр дэлхийн Усны өдөр тохиож байна. Таны хувьд Нийслэлчүүдийн ундны ус Туул голыг хамгаалах чиглэлээр багагүй хугацаанд хүчин зүтгэж яваа залуусын нэг. Тэгэхээр Нийслэлчүүдийн ундны усны нөөц хэр  хэмжээнд хүрч очоод байгаа талаар яриагаа эхлэе гэж бодож байна?

-Усны нөөц, хомсдолын тухайд дэлхий нийтээр тулгамдаж буй хүн бүрт хамааралтай асуудал юм. Тэр дундаа манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай, далайн түвшинээс дээш, өндөрт байрладаг улсын хувьд усны хомсдолд орох магадлал улам бүр өсч байгаад харамсаж явдаг. Туул голын бохирдол дэлхийн 200 гаруй орноос гуравт жагсаж байна гээд боддоо. Энэ бол эмгэнэл. Туул гол одоогийн байдлаар 100 хувиас 51 хувь нь эрсдээд байна. Өөрөөр хэлбэл зууны 50 хувь нь алга болсон гэсэн үг. Олон жилийн дундажтай харицуулаад үзэхэд урсац нь багадсан байгааг та бүхэн харж байгаа байх. Энэ юуг хэлж байна гэхээр Улаанбаатар хотын иргэд ойрын хугацаанд цэвэр усны нөөцгүй болох дохиог байгаль эх өөрөө бидэнд өгөөд байгаа юм. Байгаль эх цаана чинь гол нь тасрах гээд биднээс аврал эрээд байгааг бид харсаар байж зүгээр суугаад байж болохгүй. Ямар нэг тодорхой шийдэлд хүрч ажиллах  цаг нь болсон гэдгийг хэлээд байна. Нийслэлчүүдийн ундны усны 100-ны 50 хувь нь тасраад алга болсон. Энэ байдал цаашид улам бүр хурдацтай нэмэгдэх болоод байна. Учир нь Туул голын эрэг орчим маш олон лиценз, барилга барих тусгай зөвшөөрөл, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор хууль бус зөвшөөрөл олноор олгогдчихсон байгаа. Энэ бүгд хэрэгжээд эхлэвэл тун удахгүй Туул гол Дунд гол шиг ширгээд алга болох магадлал өндөрсөж буйд санаа зовж байна. Дэлхийн усны өдөр гэх  энэ өдрийг нэг талаас баяр гэж хараад тэмдэглэж өнгөрүүлдэг. Харин Хатан Туулаа Хамгаалах Үндэсний хөдөлгөөний мянга мянган гишүүд дэмжигчид маань баяр гэхээс илүү бид усаа хайрлан хамгаалах тал дээр нэгийг бодож  зөв шийдэлд хүрэх цаг нь  болсон шүү гэдгийг сануулах дохиололын  өдөр гэж хардаг. Түүнчлэн цэвэр усны нөөцөд аюул занал учруулж буй энэ сөрөг үйлдлүүдтэй бид хатуу тэмцэж дээрээс гаргаад буй усны талаар бодлого, хууль дүрмийг хэрэгжүүлэн ажиллах хэрэгцээ шаардлага тулгараад буйг хаа хаанаа анхаарч ажиллах цаг нь ирсэн байна гэдгийг анхааруулмаар байна.

-Туул голын урсац сайжруулах нөөцийг нь хамгаалах ямар гарц байна вэ?

-Гурван гарц бий. Нэгдүгээрт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал, мөн Туул гол болон бусад гол булаг, шандын эрэг орчим олгогдсон бүх лицензүүдийг хүчингүй болгох, гуравдугаарт Туул голын эко системийг алдагдуулсан барилгын компаниудад хариуцлага тооцож тухайн газрын байгалийг унаган төрхөд нь оруулах гэсэн эхний ээлжинд энэ гурван алхамыг хэрэгжүүлчих хэрэгтэй байгаа юм. Ингэж чадвал Нийслэлчүүд цэвэр усныхаа нөөцийг хамгаалж үлдэх анхны алхам нь болох юм. Энэ зүгээр алхам шүү. Цаашлаад нийгмийн хөгжил хувьсалын олон үр дүнд олон ч бодлого, шийдвэрүүд уялдаж гарах байх.

-Манайд усны бодлогын хэрэгжилт сул байгаа учраас нөхцөл байдал ийн хүндэрчихсэн гэж ойлгож байна. Тийм үү?  

– Яг тийм. Учир нь манайд усны талаар гаргасан  хууль дүрэм, журам нь хангалттай байдаг хэдий ч бодит байдал “Монголын хууль гурван хоног хэрэгждэг” гэдэг домог яриа биелэлээ олж байгааг харуулж буй гэлтэй.  Бохирдолоос гадна газрын гүнд байгаа цэвэр усны нөөцийг гадаргуу руу их хэмжээгээр алдаж зохисгүй хэрэглэж  байгаа нь усны бодлого алдагдсаныг илэрхийлж буй хэрэг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд усны талаар томоохон бодлогууд орсон байдаг. Түүнтэй холбогдуулан  Улсын Их Хурлаас тодорхой хууль тогтоомжуудыг ч гаргасан. Харамсалтай нь түүнийг нь хэрэгжүүлэх субьект нь Засгийн газар тэр дундаа төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин ногоон хөгжилийн яам мөн түүний харъяа байгууллагууд салбар нэгжүүд, бүх шатны Засаг дарга нар гээд хэрэгжүүлэгчид нь тодорхой байгаа хэрнээ уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна. Өнөөдөр ундны усны бохирдол нэмэгдээд, усны нөөц сан бүхий газруудад барилга байгууламж баригдаад, хайрга дайрга, алт олборлох лицензүүд олгогдоод байгаа нь сонин. Энэ бол тодорхой бүлэг этгээдүүдийн хувийн ашиг сонирхол нэвт шингсэнтэй холбоотой. Жишээ нь  Туул голоос 200 метр дотор ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тэр дундаа онцгой хамгаалалттай бүс 50 метр, эрүүл ахуйн бүс 100 метрт, энгийн хамгаалалттай бүс 200 метрт гээд заагаад өгчихсөн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь биелэлээ олохгүй байгаад байна. Ганц жишээ хэлэхэд Тэрэлжээс Шувуун фабрик орчимд төв аймгийн Алтанбулаг сум гэх мэтчилэн бүсүүдэд маш их амралт зугаалгын газар, хайрга дайрга элс олборлох тусгай зөвшөөрөл, лицензийг хэдэн арван гагаар нь эзэмшүүлэх зөвшөөрлийг өгчихсөн байдаг. Энэ нь цэвэр усны нөөц улам бүр багасах усны бодлогод сөргөөр нөлөөлж буй. Улаанбаатарчуудыг  ундны  цэвэр усгүй болгох энэ аюулын үндэсийг хэдхэн бүлэг этгээдүүд  тавьж байгаа. Төр засаг нь дээрх хэсэг бүлэг этгээдүүдтэй хамтран ашиг сонирхолдоо автан ийм увайгүй үйлдлийг дэмжээд байдагтай бид тэмцэх учиртай. Өөрөөр хэлбэл ард түмний сонголтоор гарч ирсэн бүх шатны Засаг дарга нар болон  засаг захиргааны төв байгууллагуудаас олгогдож байгаа дүгнэлтүүд дээр үндэслэн ашигт малтмалын газраас тухайн газарыг ашиглах  лицензүүд олгогдож байдаг. Тэгэхээр төрд байгаа тэр ашиг сонирхолын бүлгүүд нөгөө талаас ашиг сонирхолын үүднээс нэгдэж буй дээрх хээл хахуулийн гинжин холбоог бид таслах л хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн субьектүүдтэй хатуу тэмцэж тэдэнд хариуцлага тооцох нь чухал юм.

-Туул голыг бохирдуулж буй гол хүчин зүйлсийг нэрлэвэл тэдэнд холбогдох газраас зохих хариуцлага тооцох байх?

-Мэдээж хүний хүчин зүйлсээс шалтгаалан бохирдож байгаа. Гэхдээ ард иргэд ирээд бохирдуулаад байгаа юм биш. Тодорхой нэг ашиг сонирхолын зөрчил бүхий этгээдүүдийн санаатай үйлдлээс бохирдох нь элбэг. Энэ нь нөгөө бүтээн байгуулалт , үйлдвэржилттэй холбоотой хууль бус үйлдэлийн хор нөлөөлөл юм. Нэг талаасаа нийслэлд бүтээн байгуулалт хэрэгтэй. Тийм боловч нөгөө талаас техник, горим журам, хууль эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлээд түүнийгээ дагаж мөрдөх нь чухал байгаа юм. Туул голыг бохирдуулж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнийг би олон ч жил ярьж байна. Өөрийн практик ажлын үр дүнд баримтжуулж аваад бодит зүйл ярьдаг. Хан-уул дүүрэгт 16 хороо бий. Эдгээрээс  12 дугаар хороо буюу Био комбинат, 14 дүгээр хороо буюу  Өлзийт хороо, 13 дугаар хороо Шувуун фабрик, Нисэх орчмын 9-10 дугаар хороо, 16 дугаар хороод нь дандаа Туул голын эрэг  дагуу байрлалтай. Эдгээр Хан-Уул дүүргийн  16 хорооны нийт иргэдийн гомдол, санал хүсэлтийн дагуу бид иргэдтэйгээ тодорхой мэдээлэлд тулгуурлан хяналт шалгалтыг хамтран хийдэг.  Хоёрдугаарт туул голын эрэг дагуу болон усны эх ундрага дээр  барилгын компаниуд барилга орон сууц их хэмжээгээр барьж байна. Энэ нь туул голын ай сав газарт сөрөг нөлөөлөл үзүүлж байна. тухайн барилга барихын тулд маш их бургас, бут сөөгийг устгаж сүтгэснээс болж газрын гүнд буй усыг хамгаалж эко тэнцвэрийг хадгалж байдаг эко системийг устгаж байна. Мөн арьс ширний үйлдвэрүүд Хан-уул дүүргэт 20 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.тэдгээр үйлдвэрүүд “хором” гэдэг бодисоор арьс ширээ боловсруулж байдаг.  Арьс шир угааж боловсруулсан ус нь шууд туул гол руу нийлдэг. Энэ нь Нийслэлчүүдийн маань эрүүл аюулгүй амьдрах эрхүүдийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Туул орчимд амьдарч байгаа иргэдийн мал, газар тариалан эрхэлж буй иргэдийн хувьд туул голын устай хөрсөөрөө холбогдож байдаг учраас тэндээс эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүн гарч байна уу гүй юу гэдэг нь нэг талаас аюул дагуулж буй юм. Энэ бүхэн хүн  амын 60 орчим хувьд сөргөөр нөлөөлж буй учраас үндсэний аюулгүй байдалд аюул учрах магадлал өндөрсөж буйг харуулж буй юм.

Та бүхний олон жилийн тэмцлийн үр дүн яаж гарч байна вэ?

Бид багагүй хугацаанд Туул гол түүний ай сав газруудад явагдаж буй хууль бус үйлдлүүдтэй тэмцэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд мэдээж үр дүнтэй ажиллаж байгааг олон түмэн харж байгаа байх. Өнгөрсөн жил 2015 онд лицензтэй 70 га газрыг ухах гэж байсаныг бид ухуулаагүй. Учир нь хууль бус лицензтэй байсан учраас ард иргэдтэй хамтран тэмцсэний хүчинд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадсан.  Хаварын энэ үед хороодын бүс нутагт хайрга дайрганы бүлэглэлүүд байгаль экологид их хэмжээний хохирол учруулах үйлдлүүд ихсэдэг. Бүтээн байгуулалтад хайрга дайрга хэрэгтэй гэж үзэх боловч түүнийг ашиглаж хэрэглэх тухай  тодрхой хууль дүрэм журам бий. Түүнийхээ дагуу тодорхой зөвшөөрөлтэй биш хууль бус үйлдэл хэрэгжих боломжгүй гэдгийг бид хатуу сануулж байгаа. Хэсэг бүлэг этгээдүүдийг мөнгөжүүлэх үйлдлийн цаана өчнөөн мянган ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байна гэдгийг хаа хаанаа бодох цаг болсон. Хамгийн наад зах нь цэвэрлэх байгууламжийн бохир химийн хорт элментүүд шингэсэн муухай үнэрийг тэр орчмын иргэд үнэрлэж эрүүл аюулгүй байдал, эрүүл мэндийн хувьд ноцтой зөрчил үүсэж буйг хэн ч хайхрахгүй байгаа нь харамсалтай.  Нөгөөтэйгүүр хайрга дайрганы үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас болж нарийн тоос иргэдэд харшил өгч эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буйг маш их анхааруулж байгаа. Мөн хүнд механизмын дуу чимээ гээд тэр орчмын айлууд маш хүнд орчин нөхцөлд амьдарч байна. Энэ бүх хүчин зүйлё иргэдийн эрүүл мэнд болон эдмийн засгийн хүнд байдалд оруулж буй юм.  Тйимээс Хатан туул үндсэний хөдөлгөөний зүгээс энэ онд туул голын эрэг дагуу олгогдоод буй  хууль бус лицензүүдийг хүчингүй болгох тал дээр тухайн бүс нутгийн иргэдтэй хамтран ажиллах болно. Ингэхдээ иргэдийн суурьшлын бүсэд буй хайрга дайрганы аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ч бид зогсоох болно. Тэмцлийн хүрээнд тухайн холбогдох байгууллагад нь мэдэгдэл хүргүүлэх болно. Харин тухайн газраас бидэнд хариу үйлдэл үзүүлэхгүй бол бид тэмцлийнхээ хэлбэрийг сонгон өөрчлөх болно.

 -Усны тодотголтой маш олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг эдгээр газрууд туул голд учраад буй энэ эрсдэлтэй үед юу хийж явдаг юум бэ?

-Усны тодотголтой төрийн өмчит компаниуд, төр захиргааны байгууллагууд  жишээ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь  Туул гол ингэж бохирдсон байна тэгж ч сүйдэж байна гэдэг дүн тавьдаг зүгээр нэг статистикийн байгууллага болж хувирсан  байна. Уг чиг үүрэг нь туул голын үйл ажиллагаанд хяналт тавьж шалгах бүр үйл ажиллагааг таслан  зогсоох эрх  үүрэгтэй байгууллага  шүү дээ. Гэтэл тэр эрх хэмжээгээ хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг чинь чадамжгүйн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл тэдний  ард томоохон хэмжээний хээл хахууль,  ашиг сонирхолын бүлэгмүүд бий болсоныг илтгэж байгаа хэрэг. Төрийн байгууллагууд хийсэн шалгалтынхаа дүнг нуун дарагдуулж байна гэдэг нийгмэд томоохон хардалтыг бий болгоод байгаа юм. Төрийн усны бодлогыг хэрэгжүүлж буй байгууллагууд усны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага болж хувираад буйг хэлье. Монголын 3 сая иргэн усаа хамгаалах тал дээр хяналтаа бүрэн тогтоож чадсан шүү гэдгийг ч дахин илэрхийлмээр байна. Бидний тавьж буй хяналтыг төрөөс тогтоосон хууль хяналтаараа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Эрхэм төрийн түшээд маань алт нүүрсээр хооллодоггүй байх. Бидний адил ус уудаг биз. Тийм бол аюул нүүрлээд байгаа Туул голынхоо усанд хаа хаанаа анхаарал хандуулж гаргасан хууль хяналтаа дор бүрнээ мөрдөж мөн түүнийгээ хэрэгжүүлдэг байх шаардлага бийг хэлмээр байна.

-Нийслэлйн Мэргэжлийн хяналтын газартай та бүхэн хамтран ажилладаг байх. Та яагаад ингэж хэлэх болов?

-.Нийслэлийн мэргэжлийн газар энэ талд  маш хариуцлагагүй ажиллаж байгааг шууд хэлмээр байна. Учир нь манай “Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-өөс Туул голын эрэг дагуу болж байгаа хууль бус үйл ажиллагааны мэдээлэл нөгөө талаас Туул голын ойр орчимд хийсэн шалгалтын үр дүнгийн ажлын хэсгийн мэдээллийг бидэнд гаргаж өгнө үү гэсэн утгатай албан хүсэлт хүргүүлсэн. Энэ бичиг хүлээн аваад 21 хоног өнгөрчихөөд байхад уг газраас ямар ч хариу ирээгүй л байна. Иргэний нийгмийн байгууллагын ард мянга мянган иргэд байдаг. Харамсалтай нь уг газар энэ олон мянган иргэдийн зүгээс хүссэн мэдээллийг нуун далдалж, төөрөгдүүлэх байдлаар тэр авсан одоо тийш шилжсэн гэх мэтээр хайнга хандаж байгааг юу гэж ойлгох вэ. Нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагааны доголдолд хяналт тавих үүрэгтэй энэ газар өөрөө ёс зүйн доголдолд орчихсон хариуцлага гэж байхгүй, эрх зүйн чадамжгүй болсон байхыг хараад иргэдийнхээ өмнөөс эмэгнэл илэрхийлмээр санагдаж байна.  Танай сайтаар мэргэжлийн хяналтын удирдлагад хандаад хэлчихэд “Та төрийн бодлого, хууль дүрмийг хэрэгжүүлэж ажиллаач ээ. Иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс өгсөн тодрхой хүсэлт гомдол, өргөдөл албан бичигт тодорхой нэг хариу өгч бай. Танайд хүргүүлсэн бидний албан хүсэлт хаана очоод дарагдаад алга болоод байна вэ. Олон түмний өмнө хүлээсэн үүрэгт ажлаа сайн хийгээчээ гэж уриалмаар байна. Бид сонгуулийн үр дүнд сонгогдсон улс төрийн түшээдэд хандаж энэ бүхнийг шийдвэрлэн үү гэхээс энэ бүхнийг дураараа шийдвэрлээд явах санхүү, эрх зүйн боломж бидэнд үгүй. Тиймээс ардчилсан нийгмийн үнэт зйл болсон иргэний нийгмийн байгууллагынхаа эрх үүргийн хэмжээнд л бид хүрч ажиллах боломжтой. Иргэд ард түмэндтэйгээ нийлээд төрд дуу хоолой нь болж явна харамсалтай нь тэд дүлий сохор мэт хандаж байна. .

 -Хатантуулыг аврахаар олон жил тэмцлээ. Энэ хугацаанд та бүгдийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн дарамт шахалт хэр ирж байв. Ирж байсан бол хэрхэн даван туулж байна?

-Шударга ёс, хөгжлийн төлөөх олон мянган иргэний аюулгүй байдлын төлөө байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахын төлөө ер нь л хүний эрхийг хамгаалахаар дуугарч буй хүмүүс аль ч цаг үед хэлмэгдэж байсан. Миний хувьд Шувуун фабрикийн орчмын айл өрхүүдтэй хамт энэ зүйлүүдтэй учирч байсан. Ашиг сонирхлын үүднээс биднийг хөлсөөр дарамталж байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан. Утсаар дарамтлах зэрэг асуудлууд зөндөө л бий. Хүн бол байгаль нийгмийн амьтан. Энэ байгаль эхийн эсрэг үйлдэгдэж байгаа ашиг сонирхолын зөрчилтэй гэмт хэргийг таслан зогсоохын тулд хүн өөрөө л тэмцэх ёстой байхгүй юу. Хэн ч хэлээгүй байхад би өөрөө тэмцэж байх ёстой юм. Тийм болохоор надад дарамт шахалтын хувьд ямар ч айх шалтгаан алга. Амь эрсдэхээс ч айх хэрэг байхгүй. Айх байсан бол би энэ үйлдлийг анхнаасаа хийхгүй байсан. Тэр эрсдлүүдийг даах учраас би өнөөдөр хүртэл энэ ажлыг хийж яваа юм.

-Та яагаад ийм зоригтой байна вэ. Эрсдэлтэй биш үү?

-Байгаль дээр байгаа бүх амьд организм бүр намайг дэмжиж байгаа учраас. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд тэдний холбогдох доод шатны засаг захиргааны удирдлагуудад нэг л зүйлийг уриалмаар байна. Та бүхэн минь чандмань эрдэнэ болсон усныхаа тухай хуулиа хэрэгжүүлээч гэж уриалья. Монголын хууль гурван өдөр хэрэгждэг гэдэг энэ домог яриаг битгий бодит байдал болгоод байгаа ч гэж дахин дахин хэлмээр байна. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаач чадахгүй мэдэхгүй зүйл байвал ард түмнээсээ асуугаач ээ гэж хэлмээр байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээлийн байгууллагуудтайгаа хамтраад энд ийт асуудал үүсээд байна гэдгийг нь бэлхэн хэлээд өгч байна. Энэ дээр төрийн холбогдох байгууллагууд ажилаа хийгээд асуудлаа шийдчихвэл бүх зүйл зөв хөгжлийн гарц, зөв хөгжлийн хувьсал болж чадах юм. Иргэний нийгмийн ард буй мянга мянган ард иргэдийг төр үгүйсгэж төрийн байгууллагууд нь үл тоож байгаа нь иргэний нигмийн байгууллага төр хоёрын уялдаа холбоо улам холдох юм. Төр иргэний нийгэм хоёрын уялдаа холбоог ойртуулах нь л хэрэгтэй байгаа юм.

-Танай Хатантуул үндсэний хөдөлгөөн тэмцлийнхээ хэлбэрээр туул голыг ямар ямар эрсдэлээс хамгаалж чадав?

-Анхны алхам гэвэл нийгмийн сэтгэл зүйг туул гол руугаа хандуулж чадсан. Тэр олон мянган хүний нүд туул гол руу харсанаар томоохон хамгаалалт болж чадсан гэж хэлж болно. Эдийн засгийн ашиг сонирхолын үүднээс байгаль экологид сөрөг нөлөөл үзүүлж буй нөхдүүд чинь эхлээд нийгмийн сэтгэл зүйг туул голоос холдуулах санаатай байгаа. Тэр үйлдэлд нь бид тээг саад болж буй хамгаалалт нь болж байгаа гэсэн үг. Мөн Эко системийг хамгаалах иргэний хяналтыг тогтоож чадсан. Дээр нь Био комбинатыын 200 гаруй иргэнийг бид ЭМЯ, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээг 2013 онд хийлгэсэн байх жишээтэй. Энэ бүгдээс томоохон үр дүн гарч байгаа. Ардчилсан нийгэм гэдэг чинь иргэний нийгмийн оролцоог тогтоож чадсан үед томоохон дэвшил гэж үздэг учиртай. Тэгэхээр бид нийгмийн зөвшөөрөл гэдгийг төрд бий болгох гэж үзэж байгаа.

-Нийгмийн зөвшөөрөл гэдгээ тодруулахгүй юу?

-Аливаа нэг лиценз зөвшөөрөл ашиглах эзэмжих гэрчилгээг хуулийн дагуу олгохдоо тухайн бүс нугийн иргэдийн 70 хувиас дээш зөвшөөрөл, санал авч чаддаг байх юм бол энэ нь “нийгмийн зөвшөөрөл” болно гэсэн үг. Хэрвээ нийгэм нь өөрөө уул уурхай, хайрга дайрга ашиглах тухай зөвшөөрөх л юм бол энэ нь зөв шийдэл болж чадах юм. Нийгэм нь зөвшөөрөөгүй байхад төрийн өндөр албан тушаалтанууд олгоод байхаар эргээд нийгэмтэйгээ харшилдаг байхгүй юу.

-Хийж, хэрэгжүүлж, зорьж буй ажилд тань өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Х.Баяр-Угтах 

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …